Галт зэвсэг нийлүүлдэг нууц суваг илэрч, Ж.Яринпил өмгөөлөгч дарамтлуулж байгаагаа мэдэгдлээ

Сенсаци 1
2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэрэгт хоёр шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нарын нэг хошууч генерал Ч.Амарболдын эрүүл мэндийн байдал эрс муудаж, нэг нүд нь хараагүй болсон тухай мэдээлэл гараад байгаа. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор “Өдрийн сонин” түүний  өмгөөлөгч Ж.Яринпилээс ярилцлага авчээ.  Өмгөөлөгч Ж.Яринпил “Ч.Амарболд Генералыг хараагүй болсон гэдгийг сонсоогүй. Нэг нүднийх нь хараа муудсан гэж ярьж байсан. Ойрд уулзаагүй.  20 гаруй хоногийн өмнө уулзсан” хэмээн эрүүл мэндийнх нь талаар ярьсан байна. Түүнээс гадна нэг сонирхолтой зүйл байгаа нь түүнийг дарамталж байгаа тухай яриа. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч  “Давж заалдах шатны шүүх хурал саяхан боллоо. Өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийдвэр хэр бодитой болсон гэж үзэж байгаа вэ” хэмээн асуухад “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж бид Дээд шүүхийн хяналтын шатанд хандана. Энэ талаар дэлгэрэнгүй яриа өгөх боломжгүй. Шүүгчид шүүгдэгч нарын өмгөөлөгчдийг олон нийтийн хэвлэлд яриа өгөхийг хориглосон. Бүгдийнх нь гарын үсгийг зуруулж авсан. Тийм болохоор ярилцлага өгөх боломжгүй байна. Энэ хэрэгт төрийн нууцтай холбоотой зүйлс бий. Тийм болохоор хэвлэлд ярилцлага өгөхийг хориглосон. Энэ цаг үед эрх мэдэлтэй нь ёсыг тогтоож, эрх мэдэлгүй нь дагадаг болсон юм биш үү” хэмээн ярьж. Мөн өмгөөлөгч нарт дарамт ирдэг талаар асуухад “Хэлчихвэл, толгой руугаа няслуулах болно. Тойруу замаар дарамт ирж л байна шүү дээ” хэмээн ярьсан байна. Түүний ярьж байгаа төрийн нууцтай холбоотой зүйл гэдэг яг жинхэнэ буруутан хэн бэ гэдэг нууц ч байж магадгүй юм.

Сенсаци 2

“Оросоос Монголд хууль бусаар галт зэвсэг, сум нийлүүлдэг байсан томоохон сүлжээг хаалаа. Цагдаагийн ажилтнууд 50 мянган сум хураан авчээ” гэж ОХУ-ын Алтайн хязгаарын Цагдаагийн газраас мэдээлсэн тухай “Өнөөдөр” сонин мэдээлжээ. Мэдээнд бичсэнээр “РИА Новости” агентлагийн мэдээлснээр гэмт хэрэгтнүүдийг ээлжит наймаандаа явж байх үед нь цагдаа нар барьж авсан байна. Баригдсан хоёр хэрэгтний нэг нь ОХУ-ын Тува, нөгөөх нь Монголын иргэн байжээ.  Оросын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг Томск муж болон Алтайн хязгаарт хууль бусаар зэр зэвсэг худалдан авч Тувагийн Кош-Агач тосгонд аваачдаг, тэндээсээ Монголын хил дээр очиж монголчуудад зардаг байсан гэдгийг тогтоосон байна. Гэмт хэрэгтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд зэвсэг худалдаж авч байсан, Монголд зарж байсан сувгийг нь илрүүлэхээр ажиллаж байгаа ажээ хэмээн мэдээлсэн байна.

Сенсаци 3

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж тулгамдаж буй олон чухал асуудлыг хэлэлцлээ. Үүний дотор нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаар “Улс төрийн тойм” сонин мэдээллээ.  Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 545 орчим барилга, байшин баригдаж байгаа бөгөөд үүнээс мэргэжлийн хяналтын бай-гууллага шалгаж зөрчил илрүүлсэн 80 барилга байгаа юм. Харин эдгээр барилгын 10 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 70 нь хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа гэнэ. Мөн эдгээрээс хувийн өмчийн газарт барьж байгаа 13, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 58, дүүргийн Засаг даргын захирамжаар зургаа, ямар ч зөвшөөрөлгүй хоёр, тодорхойгүй нэг барилга баригдаж байгаа аж. Тэр хоёр барилгыг шууд нураах шийдвэр гарсан аж. Уг нь зөвшөөрөлгүй  100 гаруй, тэрнээс ч олон барилга байгаа гэж учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Гэтэл жагсаалтад ердөө 80 орчим барилга багтсан. Түүнээс огт зөвшөөрөлгүй нь хоёр. Түүнийг нь шууд нураах юм байх.


URL:

Сэтгэгдэл бичих