Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь ТЕГ шалгаж байна
Парламентын ээлжит сонгууль элдэв дуулиан шуугиангүй өнгөрнө гэж үгүй. Булхай, луйвар хийсэн талаархи маргаан заавал өрнөдөг. Бараг л ёс мэт болсон зүйл гэхэд хилсдэхгүй. Хэн луйвар хийж, сонгогчдыг залилсан бол хэмээн иргэд ч хүлээх нь бий. Болдог зүйл болдгоороо л эхэлж, луйварчид төрд шургалахаар дайрсан хэрэг энэ удаа ч мөн гарсан.
Тодруулбал Увс, Өвөрхангайн тойрогт МАН-аас нэр дэвшсэн хүмүүс сонгогчдын саналыг худалдан авсан талаархи гомдол санал гарч, хууль хяналтын байгууллага бодит эсэхийг нь шалгаж байна. Манай сайт Увсын тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогчдод мөнгө тараах гэж байсаныг бичлэгтэйгээр нь хүргэж байсан бөгөөд тус бичлэг дээр яах аргагүй мөнгө тараах гэж байгаад баригдсан нь ил гардаг.
Тэдгээр хүмүүсийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан хүмүүс иргэдэд 50-100 мянган төгрөг тарааж байсныг тус аймгийн “САМА ТВ” цацсан юм.
Гэвч ялангуяа Увсын тойрогт МАН-аас нэр дэвшигчид сонгогчдын саналыг худалдан авахаар мөнгө тарааж, тал засч буй тухай баримт, материалууд ч хангалттай бүрдсээр байхад шийдсэн зүйлгүй сууж байгаа нь хачирхалтай. Гэвч удтал хүлээгдж буй энэ хэрэг шийдэгдэхэд ойрхон ирсэн бололтой. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлнэ гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн үүнтэй зэрэгцэн уг хэргийг Тагнуулын Ерөнхий газар шалгаж байгаа талаарх мэдээлэл байна. Өмнө нь энэ хэргийг Увс аймаг дахь Тагнуулын хэлтэст шалгаж байсан бөгөөд прокурорын байгууллагаас харьяалал тогтоосны дагуу Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэст шилжүүлэн шалгуулахаар болсон аж. Энэ хэрэгт нэр дэвшигчдийн туслахуу даас гадна оюутнууд холбогдсон бөгөөд тэдний зарим нь гэмт хэрэгт холбогдолгүй нь тогтоогдсон байна.
URL: