МҮОНТ-ийн ерөнхий захирлын авьяасыг шалгав

Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний болон МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, улаан хивсний ёслол өнгөрсөн баасан гарагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон.

МҮОНТ-ийн гурван үеийнхнийг уулзуулсан энэхүү тоглолтын тайзан дээрээс тус телевизийн хамт олны бүтээсэн олон ангит кино, теле жүжгүүдийн дуунууд эгшиглэж байв. Харин үзэгчдийн суудалд морилсон уран бүтээлчид болон үзэгчид баярлаж догдолсон сэтгэлээ барьж ядан, уухай хашхирч, алга ташилтаар “бөмбөгдөж” байлаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарыг тайзан дээр урихдаа хөтлөгчийнхөө давуу эрхийг эдэлж, “Ус мөрөн олон чиг” дууг дуулуулахаар “тулгав”. Урьдчилан төлөвлөөгүй, гэнэтийн зүйлд цочирдож, балмагдсан М.Наранбаатар захирал “Боролдой” студийн захирал С.Мягмарыг хань болгож, тайзнаа урьснаар телевизийнхээ хамт олонд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр хөтлөгч Ш.Ёолк хөөрсөн сэтгэлээ барьж дийлэлгүй тайзнаа гарч ирэн, хоёр захиралтайгаа хоолой хоршуулсан. Тэднийг дуулж дууссаны дараа үзэгчид уухай хашхиран баярлалдаж, харин бага зэрэг ичингүйрсэн С.Мягмар “Би ч хэрхэн ам барьдгийг л үзүүллээ” хэмээн нэрэлхэв.

Баяр хөөрөөр бялхсан энэ танхимд ч бас амьдрал үргэлжилж байгаагийн нэгэн илрэл болж, үзэгчдийн хоолойг зангируулсан нэгэн үйл явдал болсон юм. “Классик Жем” хамтлагийн дуучин Отгончимэгийг “Хайранд мөнхөрсөн амраг” дууг дуулах үед тайзны арын дэлгэцнээ “Эцсийн зогсоол” жүжгийн хэсгийг үзүүлсэн. Энэ үед үзэгчид хоолой зангируулан “Энэ ёстой л хүний нулимс унагасан сайхан жүжиг дээ” хэмээж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих