”Азийн Чоно”-ын шинэ түүх зүүн Европт амилав

Чехүүд шар айрагнаас гадна архи ихээр үйлдвэрлэж экспортолдог, өөрсдөө бас гаднаас авч уудаг аж. Хэрэглээ нь хэзээ ч багасдаггүй, үнэ нь нэмэгдсэн ч чанар нь л буурдаг онцлогтой энэ бүтээгдэхүүн эрх баригчдад орлогын эх үүсвэр болж харагддаг нь нууц биш. Тийм ч учраас архинд онцгой өндөр албан татвар ногдуулдаг байжээ. 20 градусаас дээш хатуулагтай архийг бол сурталчлахыг ч хориглодог байжээ. Халдварт бус өвчний тархалт нэмэгдсэн нь үүнд бас нөлөөлсөн байж таарна. Гэвч архины үнэ өссөний дараа гарсан нэгэн хэрэг өдгөө татварын бодлого, үйлдвэрлэгчдэд тавих хяналт, хил гааль гээд ер нь л бүхнийг эргэн харах хэрэгтэйг сануулжээ.

Өндөр татвартай архи зарагдаж, улсын төсөв тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч урьдчилж хараагүй бас нэг аюул хаалгыг нь тогшилгүй ороод иржээ. Хөрш зэргэлдээ Словак, Польш улсын архи үйлдвэрлэгчид чанаргүй, хямдхан архиа чехүүдэд санал болгосон байна. Ингээд асуудал үүсчээ. Энэ сарын 12-17-ны хооронд тус улсад 23 хүн хуурамч архинд хордон нас барсан байна. Үүнээс гадна 30 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь хүнд байгаа аж. Гэнэт олноороо хордлого авсан явдал чехүүд төдийгүй хөрш зэргэлдээ орнуудыг нь сандаргах хэмжээнд хүрчээ. Товчхондоо, манайхан өдөр болгон хүн архинд хордож нас барж байсан ч тоохгүй байгаад “Азийн чоно”-ын хэрэг явдлын дараа л “Бас нэг хүн архинд хордож үхэж гэнэ” гэдэг яриа маш их сэтгэгдэл төрүүлж байсантай адил явдал Чехэд болж байгаа аж. Хордуулаад байгаа архи нь амт үнэрийн хувьд жирийн архинаас ялгагдах юмгүй, дэгсдүүлж хэлэхэд ууж хордож байж л мэдэх боломжтой байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа аж.

Чехийн Түргэн тусламжийн төвийн хэвлэлийн төлөөлөгч Ян Бондарь “Архийг аягалж байхдаа хортой эсэхийг нь мэдэх боломжгүй. Ууснаас хойш хэдэн цагийн дараа л мэдэгдэнэ. Эхлээд толгой, гэдэс орчмоор хүчтэй өвдөж, улмаар ухаан алддаг” хэмээн тодорхойлсон нь инээдтэй ч харамсмаар ч юм шиг. Архины худалдан авалт огцом буурсан нь ч тодорхой.

Чехүүд эхлээд сандрахдаа “Польш архинаас хордсон байж магадгүй” гэсэн мессэж хаятал Польшууд архийг нь авахаа байчихав. Авахаа болиод зогсохгүй, авчихсан байсан архиа буцаана гэж сандаргав. Шийдвэр гарсан эхний өдөр л Польшийн дэлгүүрүүд 140 мянган шил архийг худалдаанаас эргүүлэн татсан байна.

Экспортын орлого тасалдаад эхлэнгүүт Чехийн Ерөнхий сайд “Хордлогод орсон хүмүүс Польш архинаас хордсон гэх баталгаа байхгүй” гэсэн мэдэгдэл хийжээ. Гэтэл ОХУ Чех, Польш, Словакаас архи худалдаж авахаа болив. Чехэд үйлдвэрлэсэн “Бехеровка” гэдэг архи ОХУ-д ихээр зарагддаг юм байна. Хортой архийг лабораторид шинжилж байж л мэдэх боломжтой, учраас холбогдох байгууллагууд нь худалдаалахыг шууд хориглосон нь дээр гэж үзжээ. Чехээс болоод Польш, Словак бас хэлмэгдэх нь энэ. Гэтэл Польшоос эхэлсэн “чулуу” бүр ч томорч, Европын холбоо бас хориг тавих магадлал маш өндөр болжээ. Үүний дүнд Чех улс 20 хувиас дээш спирт агуулсан бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг хориглоод байна. Үүнээс болж маш том алдагдал хүлээж байгаа нь зайлшгүй юм. Ийм шийдвэрийг гаргахыг хүсээгүй гэдэг нь Ерөнхийлөгч Вацлав Клаусын “Польш болон ОХУ архины экспортод хэт хатуу хориг тавьж байна” гэсэн үгнээс харагдана.

Хортой архи Монголд орж ирэх вий
25 градусаас дээш хатуулагтай, дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай хууль Монголд өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Эрх баригчид энэ татварыг ногдуулснаар энэ оны улсын төсөвт жилд 20 тэрбум төгрөг төгрөг төвлөрүүлнэ гэж тооцжээ. Улиралд 20 тэрбум гэдэг өгөгдлийг ашиглаад жилд 80 тэрбум төгрөг улсын төсөвт орж ирнэ гэж тооцож болно. Бага мөнгө. Архины үнэ нэмэгдсэнтэй холбогдон гардаг хор уршгийн дэргэд үнэхээр бага, дэндүү өчүүхэн мөнгө. Өдөрт 5-10 хүн архинд хордон нас барж, “Бид ямар дайн байлдаантай Ирак, Афганистан уу” хэмээн халаглацгааж байсан цагийг эргүүлж авчрах гэж байна, бид. Дээрээс нь экспортын гол орлогоо алдаж ч магадгүй эрсдэлтэй байдалд орохыг үгүйсгэхгүй юм. Ийм зовлонг яг одоо Чех Улс амсч байна. Бас Зүүн Европт хэрэггүй болсон архи Монголын зах зээлд их хэмжээгээр орж ирэхийг ч үгүйсгэх аргагүй. Ялангуяа ОХУ хэрэггүй болсон Чех архинуудаа Монгол руу шахах магадлал тун өндөр. Яагаад гэвэл Монгол Улс хатуу архинд ногдуулах экспортын болон онцгой албан татвараа хоёр дахин нэмчихсэн, архины үнэ тэнгэрт хадчихсан байна.

Архи үнэд орсноор хууль бус спиртийн наймаа хүчээ авдаг нь бичигдээгүй хууль. Бид өмнө нь ийм замыг туулаад өнгөрсөн. Тэр шийдвэрийн золиос болсон залуусыг “арчаагүй архичид хохь нь” гэж хэлж болохгүй. Бас төрд онцгой албан татварыг нэмэх шийдвэрээ цуцлахыг ч сануулж байгаа юм биш ээ. Харин гаргасан шийдвэр нь иргэдийн амь нас эрүүл мэндэд хөнгөн, эсвэл хүнд бууж байгааг л дэнсэлж үзэх хэрэгтэй юм. Хатуу архины үнэ нэмэгдэх нь хямдхан архи авч уудаг, бидний нэрлэдгээр “бөбө” архичингуудад ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин нийг-мийн дундаж давхарга буюу цалингаас цалингийн хооронд гүйдэг албан хаагчдад хамгийн их нөлөөлнө. Тэд үнэ нэмэгдлээ гээд нийтээрээ хэрэглээгээ багасгаж мэдэх ч бүр болино гэж байхгүй. Харин нэлээдгүй хэсгийнх нь хэрэглээ “хямдхан архи” болж хувирна. Бөбө архичдын тоо тэлнэ гэсэн үг. Бөбө архины бизнес ч цэцэглэнэ. Хүн үхээд эхэлнэ. Мэдээлэхгүй л бол хэдэн хүн үхэж байгааг хэн ч тоолохгүй. Ийм үр дүнгийн дэргэд 80 тэрбум төгрөг юу юм бэ.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих