Өргөн Сэлэнгийн өрцийг цоолох нь

Монгол Улсын Засгийн газар ганц том голынхоо, Сэлэнгэ мөрнийхөө амийг хэрхэн таслах төлөвлөгөө боловсруулж сууна. Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих шийдвэр гаргахтай зэрэгцээд цэнхэр гаригийн цахим хуудсуудаар сэрэмжлүүлэг тээсэн мессежүүд нисэж эхэллээ. Засгийн газрын энэ шийдвэр нь Монгол хийгээд Оросын гол нууруудын эко системд заналхийлж байна хэмээн олон орны эрдэмтэд дохио өгөв. Станцыг дагалдах санг дүүргэх нь Байгаль нуурыг усаараа тэтгэдэг Сэлэнгэ мөрний усны түвшинг бууруулаад зогсохгүй, биологийн олон төрөл зүйл устахад хүрнэ хэмээн тэд анхааруулж байна.

2011 оны наймдугаар сарын 30. Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны корпорац хооронд Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих ажлыг хамтран гүйцэтгэх санамж бичигт гарын үсэг зурав. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ онд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 400 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төслийн хүрээнд барих юм. Түүнчлэн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах Ажлын хэсгийг уг төсөл болон холбогдох яам, агентлагуудын төлөөллөөс бүрдүүлчихлээ. Ийнхүү Кувейтийн Хөрөнгө оруулалт хөгжлийн сангаас санхүүжих усан цахилгаан станцын судалгааны ажил, эхний ээлжийн бүтээн байгуулалтыг 2013 он гэхэд жигдрүүлнэ хэмээн албаныхан мэдээлж байна. Энэ бол Монгол орны, монголчуудын бахархал болсон ганц том мөрнийхөө амийг таслах их ажлын угтвар хэсэг юм.

МОНГОЛ БУРУУТАЙ

Энэ асуудал өнөөдөр Оросын сэтгүүлчдийн бичих нэг сэдэв болоод байна. Тус улсын нэгэн хэвлэлд “Сэлэнгэ мөрөн дээр УЦС баривал Мон голд газар хөдлөлтийг эрчимжүүлэх, тариалангийн сав газрууд усанд автах магад лал ихэснэ. Судлаачдын тооцоолж буйгаар Монгол Улсад ойр ойрхон хүчтэй газар хөдөлж болзошгүй байдал үүсэхээс гадна чийг нэмэгдсэний улмаас агаарт нягт аэрозол тогтох магадлалтай”. Тиймээс Монголын тал эрсдэлийг нарийн тооцож, Оро сын мэргэжилтнүүдэд хандах хэрэгтэй гэж “Байкал-эко” байгууллагын тэргүүн Е.Кислов хэлсэн байна. Тэрбээр “Сэлэнгэ мөрөн хил дамжин урсдаг. Тиймээс тус мөрнийг ашиглах аж ахуйн бүхий л асуудлыг Монгол, Орос улс хамтарч хэлэлцэх ёстой. Усан цахилгаан станцыг барьж байгуулах асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Муу мэдээ үүгээр дуусахгүй.

Эрдэмтдийн таамагласнаар Сэлэнгэ мөрний дор байрладаг арлуудын газрын гүний эх булгуудаас усаар хангагддаг Буриад улсын нийслэл Улаан-Үд усгүй болж магадгүй нь. Ингэснээр дор хаяж 400 мянган хүнийг усаар хангах асуудал хурцаар тавигдах түгшүүртэй судалгаа гарчээ. Зөвхөн орос, буриадуудад аюул занал хийлээд зогсохгүй Монгол Улсад бас тулгамдсан асуудал ундруулж болзошгүй байна. Учир нь их мөрөн нь Сэлэнгэ аймгийн төвийн усны эх булаг учраас тун болгоомжтой хан дах хэрэгтэй гэж эрдэмтэд сануулав. Түүнчлэн Даян дэлхийн байгаль хамгаалах сан Монгол Улсыг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тус байгууллагын үзэж буйгаар Сэлэнгийн усыг хурааж, далан босгосноор олон төрлийн загас, биологийн төрөл зүйлүүд устаж алга болоход нөлөөлнө гэсэн байна.

Байгаль нуурын экосистемийг хамгаалах асуудал дан ганц оросуудад хамаатай бус. Монголчууд, цаашлаад дэл хийн нийтэд хамаарах сэдэв гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. ОХУ-ын Байгаль нуур орчмын судалгаа, шин жилгээний багийнхан уг нуурт цутгадаг том, жижиг 40 гол сүүлийн хагас зууны дотор ширгэж алга болсон тухай мэдээлжээ. Үүнээс гадна сүүлийн 135 жилийн хугацаанд нуурын усыг сэлбэдэг 336 горхи, жижиг эх үүсвэр үгүй болчихож. Энэ мэт асуудалтай холбоотойгоор тус улсын Засгийн газар нуурыг хамгаалахад зориулж энэ онд 58 тэрбум рубль зарцуулахаар болсон билээ. Гэтэл гол цутгал нь болдог Сэлэнгэ мөрнийг хааж, боох Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөө ажил хэрэг болж эхэлсэнд Орос хийгээд олон орны эрдэмтэд түгшиж байна. Магадгүй, хэзээ нэг өдөр дэлхийн цэнгэг усны нөөцийг багасгасан буруутнаар Монгол Улс цоллуулах вий.

Монгол орон гадаргын усны нөөцөөр хомс, хуурай, эмзэг экосистемтэй, нөхөн төлжиж, ургаж сэргэхдээ удаан байдаг байгалийн тогтоцтой. Түүнчлэн монголчуудын амьдралын хэв маягийг Канад, Шинэ Зеланд, Норвеги зэрэг ой, усаар баян чийглэг уур амьсгалтай улс оронтой харьцуулах аргагүй. Байгалийн энэ нөөцөө эдгээр улс орон усан цахилгаан станц барин ашиглаж байна. Гэхдээ энэ нь тийм ч зөв шийдэл биш гэдгийг тэд өдгөө ухаарах болжээ. Олон оронд усан цахилгаан станц барих ажил 1970-аад оны үед оргилдоо хүрч, дэлхийн аль нэг хэсэгт өдөрт 2-3 далан баригдаж байв. Үүний дүнд улс орнууд цахилгаан энерги, усан хангамж, зам харилцаа зэрэг олон асуудлаа тодорхой түвшинд шийдвэрлэж байна. Гэвч голын голдирлыг хааж боон далан барих нь цэнгэг усны экосистемд олон сөрөг үр дагавар авчирдгийг мэдэрч, хүлээн зөв шөөрөх болсон. Иймд “Дэлхийн да лангийн хороо” олон улсын байгууллага 1998 онд байгуулагдсан түүхтэй.

ГАШУУН СУРГАМЖУУД

Дөргөний усан цахилгаан станц өнөөдөр Монгол орны олон нуурын экосистемд сөрөг үр дагавар авчирч байна. Тодорхой хэлбэл, Чоно харайхын гол дээр барь сан станц хоорондоо усан холбоо бүхий Хар-Ус, Дөргөн, Хар, Айраг, Хяргас нуурын экосистемд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Уг станцыг барьж эхлэх үед эхний ээлжинд Далай нуур, Чоно харайхын голын экосистемийн тэнцвэрт харьцаа алдагдана гэсэн эрдэмтдийн анхааруулга хоосон сүрдүүлэг байсангүй.

Түүх сөхье. Монголын Засгийн газар “Дөргөн УЦС”- ыг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэйгөөр хятадуудаар бариулж, 2008 онд ашиглалтад оруулсан билээ. Чухам тэр үед мэргэжилтнүүд “Чоно харайхын голыг тусгаарлан хоёр хэсэгт хувааснаар зарим төрлийн загас болон усны ёроолын амьтад устана. Энэ нь цаашлаад биологийн олон янз байдал, экосистемд сөргөөр нөлөөлнө” хэмээн анхааруулж байв. Өөрөөр хэлбэл, энэ голын экосистем хэсэг хугацаанд эрчим хүч үйлдвэрлэхийн тулд өөрөө аажмаар сүйрэх нь судлаачдын дүгнэлтээс тодорхой харагдаж байлаа. Цаашлаад Чоно харайхын гол Монгол орны ширүүн урсгалтай, нэн цэнгэг устай голын данснаас бүрмөсөн хасагдаж ч мэдэхийг өмнө нь сануулж байсан юм. Харамсалтай нь, эрдэмтдийн анхааруулгыг Засгийн газар үл ойшоосон. Мөн биологичдын хамгийн их санаа зовж байсан асуудал нь загасны нүүдэл. Олон мянган загас үржлийнхээ үед Чоно харайхын голоор дээш өгсдөг.

Харин энэ гарц 2008 оноос станцын 230 метр урт, 17 метр өндөр далангаар хаагдсан юм. Түүнчлэн дээрх нууруудад цаст дэглий, хотон, хар өрөвтас, хушуу галуу, халбаган хушуут гээд дэлхийд данстай ховор шувууд нүүдэллэн ирж өндөглөдөг. Загасгүй болчихвол яах вэ. Ингэж байгалийг био логийн төрөл зүйлүүдтэй нь хамт золиосолж болно гэж үү. Монгол орны ховор загас хадран гэхэд л мөхлийн ирмэгт хүрээд буйг судлаачид анхааруулсаар байна. “Дэлхийн далангийн хороо”-ноос гаргасан судалгаагаар дэлхийн экологид чухал ач холбогдолтой 227 томоохон гол мөрний 60 хувьд нь далан барьж өөрчилжээ. Гэхдээ дэлхийн олон орон гол мөрний экосистемд сөрөг нөлөө үзүүлдэг, ашиг багатай УЦС-уудаа нурааж, нөхөн сэргээлт хийж эхэлсэн байна. Тэгвэл манайд усан цахилгаан станц барихад “гүн туслалцаа” үзүүлдэг хамгийн ойрын түншээсээ жишээ татъя. БНХАУ-д том, жижиг 3000-аад УЦС бүртгэгджээ. Харин хятадууд 2000 оноос хойш эдийн засгийн үр ашиг багатай, байгальд сөрөг нөлөөлж буй жижиг оврын станцуудаа ашиглалтаас гаргаж, нурааж эхэлсэн байна. Гэтэл нутагтаа хэрэггүй, хөнөөлтэй хэмээн үзсэн жижиг УЦС-ын нэг хувилбар нь манай энэ “Дөргөн УЦС” гээд бод. “Тайшир УЦС” гэж бас нэг гай. Энэ гайд зориулсан хөрөнгийн зах зухаас тоочъё.

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн 20 сая ам.доллар, Абу-Даби сангийн 13 сая ам.доллар гээд талийж өгнө. Гэтэл “Тайшир УЦС” ашиг лалтад орохтой зэрэгцээд Завхан гол анх удаа 500 км буюу адаг хүртлээ тасарсан гашуун түүх бичигдэв. Отгонтэнгэрээс эхтэй Завхан гол сүүлчийн цутгал хүртлээ 808 км урсдаг байсан юм. Ийнхүү баруун аймгуудыг эрчим хүчээр хангана хэмээн 60 тэрбум төгрөг зарцуулж барьсан энэ станц өнөөдөр 100 хүрэхгүй өрхтэй Тайшир сумыг л гэрэлтүүлж байна. Гай үгээр дууссангүй. Завхан гол тасарснаар Эрээн, Айраг, Хяргас нуурууд ширгэлээ.

Экологийн ийм сүйрэл болж байхад өнгөрсөн жил БОАЖын дэд сайд асан “Одоо хэн нь буруутай вэ гэдэг дээр маргалдах бус, ширгэсэн Эрээн нуураа сэргээх нь л чухал” хэмээн ярьж суусныг юу гэж ойлгох вэ. Ийнхүү улсын төсвийн хөрөнгөөр баригдсан усан цахилгаан станцууд гурван жилээ ч даахгүй тараа таниул чихаад байна. Татвар төлөгчдийн 1,6 тэрбум төгрөгөөр боссон Үенчийн усан цахилгаан станцыг гэхэд гурван сумыг дулааны улиралд цахилгаан эрчим хүчээр хангана гэж барьсан. Харин одоо энэ станц ердөө нэг сумыг арай чүү хангаж байгаа сурагтай. Энэ мэтээр дурдвал урьд нь баригдсан станцуудын балаг, бүтэлгүй түүх цуварна. Гэвч манайхан сургамж авсангүй. Угтаа бол Монгол орны нөхцөлд усан цахилгаан станц тохиромжгүй гэдгийг шинжлэх ухаан баталчихаад байхад эрчим хүчний салбарынхан ойлгохгүй байгааг нь зөвтгөх хувилбар олдохгүй юм.

ЭСЭРГҮҮЦЭЛ

Цэнхэр гаригийн цахим хуудсуудад гарсан мэдээллээс дахин нэг сонирхъё. …Одоогоос таван жилийн өмнө Хятадын эрх баригчид Хөх мөрний гол цутгалын хэсэгт “Сянзяба” хэмээх усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлсэн юм. Уг төслийг 2012 онд багтаан дуусгахын тулд тэндхийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх болжээ. Гэтэл оршин суугчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тэд усан цахилгаан станц барих нь нутгийн иргэдийн амьдралд сайнаар нөлөөлөхгүйгээр барахгүй үер усны аюул нүүрлэнэ хэмээн үзэж байгаа гэнэ. …2011 оны наймдугаар сар. Саян-Шушений цахилгаан станцын машины хэсэгт цутгасан тулгуур болон хаалт эвдэрчээ.

Цөмийн бөмбөгдөлтийг тэсвэрлэхээр тооцсон усан цахилгаан станц хуйлран цутгах усыг тэсвэрлэсэнгүй. Их ус Оросын томоохон усан цахилгаан станцын талыг сүйтгээд зогсохгүй, 75 хүний амь насыг авч одов. …Чилийн өмнөд нутгийн Патангониягийн голыг хааж, усан цахилгаан станц барих Засгийн газрын төслийг нутгийн оршин суугчид эсэрг үүцэж жагсаал зохион байгуулав. “Гидро Аясен” нэртэй төслийн гэрээнд зааснаар долоон газарт усан цахилгаан станц барих аж. Энэ нь тус улсын Лагуна Сан Рафаэль хэмээн байгалийн цогцолбор газрыг сүйтгэнэ гэж иргэд үзжээ. Тус улсын Засгийн газар энэ төсөлд нийт 1.85 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд 2750 мегаватт цахилгаан үйлд вэрлэж, 4000 ажлын байр шинээр бий болгоно хэмээн амлаж буй. Гэвч иргэд цэнгэг усны экосистемийг хамгаалж, хадгалж үлдэх нь үүнээс чухал хэмээн үзсэн байна. Энэ мэтээр дэлхийн олон оронд усан цахилгаан станцыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн, жагсаал цуглаан сүүлийн үед хүчээ авч эхэлжээ.

СЭЛЭНГЭ МӨРНИЙ АМИЙГ АВАРЪЯ

Эрчим хүчний салбарынхны тодорхойлсноор “Ойрын жилүүдэд хэд хэдэн томоохон усан цахилгаан станц барьчихвал дэлхий дахины шинэ хандлага ногоон үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ. Ингэхэд ногоон үзэл баримтлал гэж чухам юу хэлээд байгааг эрчим хүчний салбарынхан маань ойлгодог юм болов уу. Эсвэл усан цахилгаан станцын тухайд дэлхий дахины чиг хандлага өдгөө хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэхгүй байна уу. Төслийн багийнхны тайлбарлаж буйгаар, Сэлэнгэ мөрөнд барих станц Тайширынхаас бараг 30 дахин илүү хүчин чадалтай гэнэ. Мөн найман км өргөн, 50 км урт усан сан байгуулах тооцоо хийсэн байна. Монгол орны хамгийн том голын амийг таслах төлөвлөгөө ийнхүү бодит ажил болох шат өдөр өдрөөр ахисаар байгаа нь энэ. Түүнчлэн “Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барьж байгаа нь ОХУ руу зүгээр л урсаад гараад явчихдаг усаа эдийн засгийн эргэлтэд оруулж буй хэрэг” хэмээн тодорхойлжээ. Хувиа хичээсэн энэ тайлбар нь хожим бидэнд, Монголын цэнгэг усны экосистемд сөргөөр нөлөөлнө гэдгийг яагаад ухаарахгүй байна вэ.

Монгол, Орос улс 1995 оноос усны нөөцийг ашиглах, хамгаалах талаар гэрээ байгуулан ажиллаж байгаа. Үүний дагуу талууд Сэлэнгэ мөрний сав нутгийн экосистемд нөлөөлж болох аж ахуйн үйл ажиллагааны тухай төлөвлөж байгаа зүйлээ харилцан мэдээлж байх үүрэгтэй. Энэ ч утгаараа Сэлэнгэд усан цахилгаан станц барьж байгуулбал ямар эрсдэл гарахыг, байгаль ор чинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хоёр улсын эрдэмтдийн багаар хийлгэх хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Эрдэмтдийн энэ саналыг даруй ажил хэрэг болгох асуудлыг БОНХийн сайд С.Оюун санаачлан, гардан хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Түүнчлэн одоо барихаар төлөвлөж буй усан цахилгаан станцуудыг ажиллуулах байгалийн нөөц байгаа эсэх, эдийн засгийн хэр үр ашигтайг маш тодорхой судлах шаардлагатай гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Хэрвээ цэнгэг усны экосистемд үнэхээр сөрөг нөлөөтэй нь батлагдвал шууд хориглох, гэрээг цуцлах, төслүүдийг хаах талаар төр, засаг хатуу байр сууринаас хандах, цаашид барих бодлогоо тодорхой болгох хэрэгтэй байна.

Энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд байгалиа хамгаалагчдадаа хандаж Сэлэнгэ мөрнөө хамгаалж үлдэх, Засгийн газрын гэмт үйлдлийг зогсоох хөдөлгөөн өрнүүлэхийг уриалмаар байна. Манай сонин Монгол орныхоо ганц том голоо аврахын тулд “Байнгын сэдэв” болгон зарлаж байна. Та бүхний санал санаачилгыг дэмжин, хамтарч ажиллахад бид бэлэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих