Сангийн яам “Хөгжлийн банк”-ны данс руу дахин өнгийж, төрийн албан хаагчдын цалинг тавьжээ
Хөгжлийн банк”-ийг ер нь яах гэж байгуулсан юм бол. Энэ байгууллагын үүд хаалгыг нээж, тууз хайчилж байсан дарга нар “Монгол Улсыг хөгжлийн замд түүчээлэх гүүр болж, олон нийтийн төлөө хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх учиртай банк юм” хэмээн тайлбарлаж байсан.
Харин одоо энэ зорилго арай өөрчлөгдөж, хэн нэгэн эрхтэн дархтаны том амны золиос, нохойд барьдаг мод болон хувирч байх шиг. Сонгуулийн өмнөхөн Засгийн газар “Хөгжлийн банк”-ийг шантаажилж, Хүний хөгжил санд мөнгө оруул хэмээн үүрэгдсэн тухай яриа гарч, бүр хэл ам болж байв. Тун удалгүй энэ банкны удирдах албан тушаалтнууд солигдож, зарим нь Сангийн яам руу тун эвгүй агуулгатай захидал илгээсэн нь олны хүртээл болж байлаа.
Эдгээр яриа тухайн үед сонгуулийн дуулианд дарагдаад нам жим өнгөрч байсан. Харин саяхан “Хөгжлийн банк”-ны мөнгийг Сангийн яам зарлагадсан тухай сонслоо. Баттай эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж, батлахдаа орлогын эх үүсвэрийг тодорхойлолгүйгээр ёстой л дуртай тоогоо тавьсан гэнэ.
“Намрын дунд сард яаруу, сандруу орж ирж байгаа, бас хэлэлцэх нь зүйтэй” хэмээн алх тогшсон болохоор манай гишүүд их л удаж өөрсдийнх нь тойрогт дутуу гуцуу зүйл гарвал хэл ам хийсхийгээд, ногоон гэрлээр баталж орхисон нь лав. Угаасаа ч Засгийн газраас оруулж ирсэн тодотголыг дээрээс нь нэмнэ үү гэхээс хасдаггүй юм болохоор одоо төсөвлөөд байгаа зарлагатай тодотголыг юман чинээ тоогоогүй. Олон нийтэд бол Монгол Улс хагартлаа баяжаад төсвийн орлого нь хэтэртэл ихдээд байгаа учир хэрэгтэй зүйлд нь зарцуулах ёстой болоод “тараан байрлуулж” байгаа юм байна гэсэн ойлголт төрөөд байгаа.
Гэтэл тараан байрлуулах дээрх мөнгийг Сангийн яам олохдоо “Хөгжлийн банк”-наас авчээ. Тодруулбал, төрийн албан хаагч, төсвийн байгууллагынхны цалинг тавихын тулд бүтээн байгуулалтын гол эх үүсвэр болох мөнгийг авсан байгаа юм.
Уг нь төсвийн байгууллагынхны цалинг тавих гэж “Хөгжлийн банк”-ы данс руу хуруу дүрэх ёсгүй баймаар. Учир нь “Хөгжлийн банк” хөрөнгийн эх үүсвэртэй болохын тулд Засгийн газрыг “барьцаанд” тавьж байж 680-хан сая ам.доллар цуглуулсан. Тус банкныхны хэлснээр засгаас нэгэнт баталсан ажлуудыг хиймээр байвч тендерт шалгарсан нөхөд бодитой зүйл хийх нь бүү хэл төслөө ч бүрэн бүтэн болголгүй авч ирчихээд, санхүүжилтээ нэхээд байдаг аж.
680 сая ам.доллар бол бага мөнгө биш. Дээрээс нь хоногт 98 мянган ам.долларын хүү төлж байгаа учраас “Хөгжлийн банк”-ныхан энэ ажилд хөнгөн хуумгай хандахгүй гэдгээ илэрхийлэхэд Сангийн яам ч юм уу, Засгийн газар “Зохих мөнгийг олгосугай” гэх тушаалыг байнга нисгэдэг гэцгээдэг.
Хэрвээ Засгийн газар энэ янзаараа “Хөгжлийн банк”-ийг бамбай маягаар ашиглаад байвал мөнөөх Сайншандын аж үйлдвэрийн парк, шинэ төмөр зам, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, авто зам, эрчим хүчний барилга байгууламж барих томоохон зорилтот ажлууд гараанаасаа гарч амжилгүй зогсох нь.
Эх сурвалж : “Өглөөний сонин”
URL: