МАХН Засгаас гарна гэв үү?
Шинэчлэлийн Засгийн газрын багана ганхаж эхэллээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь намынхныг нь онц байдал зарлаж, түргэн авахад хүргэсэн юм. Гурван өдөр үргэлжилсэн анхан шатны шүүхийн шийдвэрээр дөрвөн жилийн ял онооход улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн тодотгож, зарим нэг нь АН-тай байгуулсан гэрээгээ цуцлах нь зүйтэй гэж үзэж байсан билээ. Гэвч дараа, дараагийн шатны шүүх хуралд найдвар тавьж, албан тушаалаа хуваасан. Гагцхүү тэр үед Засгаас гарах сонирхолгүй байгаагаа шууд утгаар нь илэрхийлсэн мэдэгдэл гаргаснаараа М.Энхсайхан хоосон хоцорсон юм.
Харин өдгөө нөхцөл байдал өөрчлөгдөж, АН эвслийнхнийг туслахаа мэдээн бодох болсон хэмээн зарим гишүүд нь тодотгож буй. Үзэл бодлоо тулгаж, өөрсдийнхөөрөө авирлах болсон нь таалагдахаа больсон талаар нэгээр тогтохгүй гишүүн байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн давж заалдах шатны шүүх хурлаас дөрвөн жилийн ялыг нь хэвээр үлдээсэн нь намынхныг нь албан тушаалын амтатнаас салгаж, сэхээрэхэд хүргэсэн бололтой. Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр дэлхийд байхгүй өвчнөөр өвдөж, зовж байхад намын нөхөд нь ам нээхгүй, албан тушаал хөөцөлдөх болсонд зарим хүн ундуйцлаа илэрхийлж байсан. Харин өнгөрөгч баасан гаригт МАХН мэдэгдэл гаргаж, намын даргынхаа асуудлаар байр сууриа илэрхийлнэ гэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар цуцлагдсан юм. Тэрхүү мэдэгдэл нь Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлснийг тодотгож, АН-тай байгуулсан хамтарсан Засгийн газрын гэрээгээ эргэн харж, цуцалж ч мэдэх талаар мэдэгдэл гаргахаар зэхэж байсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Гэвч мэдэгдлээ нийтэд зарлахаа цуцалсан нь шалтгаан нь АН-ынхан асуудлын талаар тус намынхантай уулзсантай холбоотой хэмээн шивэр, авир хийх болов. Тэр ч бүү хэл, хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээ цуцлахгүй байхыг хүссэн гэх мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн шийдвэрийг харзнах хүсэлт гаргасан талаар явган яриа улс төрийн хүрээнийхний дунд аялж байна. Ямартай ч МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярын асуудал дээр байр сууриа ямар нэгэн байдлаар энэ долоо хоногт илэрхийлэх болов уу. тэр үед бүх зүйлийн учиг тайлагдана.
Л.НИНЖ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: