Зайсанг уушийн газартай андуурагсад цөөрчээ
Манай сонины мэдээллийн мөрөөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шуурхай арга хэмжээ авсан бололтой. Бид өнгөрөгч баасан гарагийн орой тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтран ажиллалаа.
22:00 цаг. Зайсан толгой хөл хөдөлгөөн ихтэй байв. Гадаа нэлээд хүйтэн байсан болохоор халуун юм уух санаатай буфет руу ортол “Зайсангийн үйлчилгээний цэгүүдийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлсэн болохоор одооноос эрт хаана. Уг нь өдийд хүн олон байдаг. Хэд хоногоос тэр хуваарьт шилжиж болдоггүй юм байх даа. Дүүргийн цагдаагаас “Цагаа баримтал” гэж үүрэгдсэн. Тэгэхээр уух халуун юм байхгүй ээ. Идэж, уух юм сурагласан хүн олон л байна” гээд хаалгаа түгжсэн юм.
Үнэхээр ч долоо хоногийн өмнөхийг бодвол шорлогны гашуун хиншүү багасч, цайны газрууд ширээ, сандлаа хураасан харагдав. Түүнчлэн Зайсангийн оройд тойрч суугаад, шил юм тойруулсан шиг тааваараа суудаг нөхөд ч үзэгдсэнгүй. Хүмүүсийн хэлж буйгаар цагдаагийн хяналт чангарч, дураараа дургихад “хүндрэлтэй” болсон гэнэ.
Гэхдээ хүмүүс Зайсангийн оройд зүгээр салхилах гэж гарахаас илүү ганц нэг шил юм хөнтрөхөөр ирдэг нь анзаарагдаж байв. Учир нь, машинаа яаж жолоодож байгаа юм бол гэмээр халамцсан залуус эргүүлийн цагдаа нартай маргалдаж, дээш гаргахыг шаардан, хүний эрх, эрх чөлөө ярин давшлах тохиолдол гарч байлаа.
Цагдаа нар тэдэнд зохих шаардлага тавьж, торгуулийн арга хэмжээ авч харагдсан. Гэвч халамцуу залуус Зайсан руу гарч чадаагүй ч өөр газар очиж, архины халуунаа гаргах нь тодорхой. Хэл ам нь нэлээд ээдэрсэн нэг бүсгүй “Хотын төвийн пабууд 23:30 гээд хаалгаа барьчихдаг. Бид ямар үргэлж ингээд явдаг биш, хааяа найз нөхөдтэйгөө хэсэг суух гэхээр тийм газар олддоггүй. Тэгээд Зайсан руу ирсэн. Өөр хаачих юм бэ” гэхийг сонслоо. Үүнээс харахад мань нөхөд Зайсан толгой бол нийтийн эзэмшлийн, түүхэн дурсгалт газарт хэн дуртай нь зоргоороо авирлаж, архидан согтуурч болдоггүй, бөөнөөрөө дарвих гэсэн залуусаас гадна хүүхдүүдээ дагуулан салхилахаар ирсэн өөр хүмүүс ч бий гэдгийг даанч ойлгохгүй байгаа нь илт. Хэрэв цагдаагийнхан энд хэдэн өдөр ажиллаагүй бол ёстой л “өвгөнт” болж мэдэхээр юм билээ.
Биднийг цагдаа нартай Зайсангийн орой руу 23:30 цагийн үед гарахад 76-97 УБЛ улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн машинд 10 гаруй хүн суугаад пиво ууж байсан юм. Тэднийг “Нийтийн эзэмшлийн газар согтууруулах ундаа ууж болохгүй” гээд согтолтын зэргийг нь шалгах гэхэд “Найз охидоо салхилуулж байхад ингэж дарамталж болохгүй шүү дээ. Торгууль нь хэд юм. Шууд төлчихье. Болж байна уу” гэхчилэн томров. Халамцуу залуус Зайсангийн оройгоос буухгүй хэмээн цагдаагийн өөдөөс нэлээд гөжүүдэлж, хэл ам таталж байгаад бууж одсон.
Ер нь, ялангуяа үдэш, оройн цагаар цагдаагийнхны хүч хүрэлцдэггүй нь олон зүйл дээр харагдаж байлаа. Биднийг Зайсан дээр хагас цаг орчим болоход ”Маршалл Таун”-д хүүхдүүд нэгнийгээ газ үнэрлэхийг шаардсан”, ”Богд хаан” амралтын газар хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага ирсэн. Тэр бүгдэд хороо хариуцсан байцаагч, жолооч хоёр л явдаг бөгөөд дээрээс нь иргэдийн хараа хяналтгүй орхисон машиныг эргэж, тойрон амсхийх ч завгүй ажиллах аж.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: