А.Гансүх: Ирэх жил Үлаанбаатар-Налайхын чиглэлд олон улсын хэмжээний зам баригдана

Мянганы сорилтыи сангийн Авто замын төслийнхөн Улаанбаатар-Налайх чиглэлийн 20,9 км авто зам, 288 метр гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг Замтээврийн сайд А.Гансүхэд өчигдөр хүлээлгэж өгсөн юм. Сайдаас энэ талаар тодрууллаа.

-Мянганы сорилтын сангийн зургийг нь хүлээлгэж өгч байгаа зам ямар стандартаар баригдах вэ?

-Мянганы сорилтын сан манай улсад 79,7 сая ам.долларын авто замын төсөл хэрэгжүүлж байгаа. Нэг нь Чойроос Сайншанд хүртэлх 176 км, нөгөөх нь Улаанбаатар-Налайхын 20,9 км авто зам барих төсөл. Мянганы сорилтын сангийн төсөл ирэх жил бурэн дуусаад явж байгаа учраас Налайхаас Улаанбаатар хүртэлх авто замын нарийвчилсан зургийг манайд хүлээлгэж өглөө. Олон улсын хэмжээний нэгдүгээр сервисийн замын зураг л даа.

-Амжихгүй байгаа шалтгаан нь юу юм бол?

-Нэгдүгээрт төслийнх нь хугацаа дууссан. Хоёрдугаарт энэ замд төлөвлөсөн мөнгөө Чойр-Сайншандын зам руу нэмээд өгчихсөн. Чойр-Сайншандын зам бол Монголын эдийн засгийн хөгжилд их ач холбогдолтой.

-Улаанбаатар-Налайхын замын нарийвчилсан зураг төслийг хүлээж авна гэдгээ мэдэж байсан уу. Замын мөнгө ирэх оны төсөвт суух боломжтой юу?

-Мэдэж байсан. Тиймээс 2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад суулгаад явж байна. 29 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр босно. УИХ энэ мөнгийг батлаад өгвөл энэ замыг дараа жил бариад дуусчихна.

-Яг зургийн дагуу баригдах уу?

-Олон улсын хэмжээний нэгдүгээр зэрэглэлийн зам ямар технологитой байна, яг тэрүүгээр нь барина.

-Хөрөнгө мөнгө нь тодорхой болсон, ойрын хугацаанд баригдах том зам байна уу?

-Маш олон зам байна. Анхаарал татахаар том зам гэвэл Алтанбулагаас Замын-Үүд рүү чиглэсэн хурдны 990 км зам. Энэ замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барина гэдэг чиглэлээр оруулаад Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамтай тохироод ороод явж байна. Энэ зам ашиглалтад орохоор олон улсын хэмжээний Азийн авто замын сүлжээ Н 3 гэдэг зам баригдах юм. Хоёр улсыг холбосон транзит тээвэр үүснэ гэсэн үг.

Энэ замын өртөг нь тодорхой болсон уу?

-ТЭЗҮ гараагүй учраас тодорхой тоо алга байна. Нэг, хоёр тэрбум доллараар тогтохгүй хэмжээний хөрөнгө оруулалттай зам болно.

Ц.БААСАНСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих