Сайн бус саар үйлдлээр салбартаа тэргүүлэгч “Жигүүр гранд”

Өөрсдийгөө барилгын салбарт тэргүүлэгч гэж өргөмжилдөг “Жигүүр гранд”-ыханд хийсэн бүтээсэн зүйл их бий. Сайны хажуугаар саар муу ч энэ группийн үйл ажиллагаанаас харагддаг. Зарлигаар дархлан, хуулиар орон сууц барихыг хориглосон Богдхан уулын бэл, Зайсан толгой орчимд хороолол, хотхон байгуулсан нь муугийн жишээ. Бас барьж босгосон оффисын барилгуудынх нь цахилгаан шат нь байсхийгээд эвдэрч зогсдог, цахилгааны саатал нүүрлэсэн нь ч муудаа л орно. Группийн захирал Ө.Баттөр түрээслэгч, үйлчлүүлэгчдээ элдвээр доромжилж, зодож танхайрдаг нь бас л муугийн жишээ. Зам засварын ажилд саад учруулж, шүүхэд дуудагдчихаад байгаа нь бүр ч муудаа орох биз ээ. Сайн уу, муу нь юу аль нь вэ хө… гээд жагсаавал муу жишээ энэ мэтчилэн мундахгүй.

Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдагсдын нэг нь Ө.Баттөр
Манай орны төдийгүй дэлхийн ууган дархан цаазат газрын тоонд зүй ёсоор багтдаг Богдхан ууланд шуналын сэтгэлээр хандсан олон аж ахуйн нэгжийн нэг нь “Жигүүр гранд”. Уг нь Богдхан уулыг XII-XIII зууны үед Монголын Хэрэйд аймгийн тэргүүн Ван хаан Тоорил дархлан тахиж Хан-Уул хэмээн нэрлэсэн домогтой. Дараа нь 1778 онд, тэр үеийн тэргүүний сэхээтнүүдийн нэг, сайд Юндэндоржийн санаачилгаар Тэнгэрийн тэтгэсний зарлигаар дархалж байжээ.

1957 онд УИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Чойбалсан уул, 1974 онд Богд уул нэрээр, 41651 га талбайтайгаар мөн дархалсан. 1995 ны УИХ-ын тогтоолоор Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн дар- хан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан байдаг. Ингэж унасан газар, угаасан усаа гэх Монгол хүний сэтгэлээр түүхийн он цаг бүрт ихэс дээдэс, эрхэт төрөөс онголон дархалж байсан Богд Хан-Уул эдүгээ цагийн өнгөнд сүйдэх аюул нүүрлэлээ. Уг нь хамгаалан үлдэж хойч үедээ өвлүүлэх зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх заалт, 37, 38, 39 дүгээр зүйлээр дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөлтэй гэж заасан. Зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор хуульчлагдсан. Гэтэл хуулиас давсан эрх мэдэлтнүүд маш олон компани, аж ахуйн нэгжид хязгаарлалтын бус дотор орон сууцны хороолол, хотхон барихыг зөвшөөрч, зарим нь огт зөвшөөрөлгүй барьсан. Зарлигаар дархалсан ууланд ингэж зэрлэгээр халдагсдын нэг нь “Жигүүр гранд” билээ. Тус группийн барьсан хороолол, хотхон хязгаарлалтын бүс дотор нэлээд хэд бий, Тухайлбал, Зайсангийн аманд байрлах “Lux­ury” хотхон, Зайсан толгойн урд байрлах Zaisan village хотхоныг нэрлэж болно.

Дашрамд дурьдахад, одоо улстөрчид, бизнеснийхний дунд ямар хөөрөө явагдаж байна вэ гэвэл нэгэнт барьчихсан хорооллыг төр засаг ч, иргэд ч хүчээр нурааж дийлэхгүй нь ойлгомжтой.Тиймээс холбогдох яам, газар нь Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсийг шинээр тогтоох хэрэгтэй гэж байна. Шинээр хамгаалалтын бүс тогтоолгох талаар лообий хийх ажлыг ^ нэр бүхий хүмүүс эхлүүлсэн гэсэн.

Гэнэт орсон бороонд чанараа шалгуулагсдын нэг нь
2009 оны долдугаар сарын 17-н болон 21-нд орсон хүчтэй аадар борооны улмаас гэнэт үер бууж Зайсангийн аманд “Сарнайх”, “Анома”, “Жигүүр гранд”-ийн барьсан барилгууд үерийн ая даалгүй энэ үеэр бусад компанийн барилга ч мөн сүйдсэн. Дээрх нэр бүхий гурван аж ахуйн, нэгж үерийн жалгыг хаан дээр нь зам тавьж, тохижилтын ажил хийснээс болж үерийн усны ачааллыг даалгүй суваг задран олон байшин барилга үерт автсан юм. Үер тэр хавийн орон сууцны барилгуудын гарааш руу сад тавьж, дотор нь байсан үнэтэй машинуудыг “будаа” болгосноор Д.Сумъяабазар аварга тэргүүтэй хүмүүс дээрх гурван аж ахуйн нэгжийг буруутай гэж үзэн хохирол нэхэмжлэн шүүхээр заргалдсан билээ.

Шат нь эвдэрч, цахилгаан нь тасрагсдын нэг нь
Баруун дөрвөн замын урд талд, төв зам дагуух хамгийн ашигтай байрлалд сүндэрлэсэн барилгуудын нэг нь “Жигүүр гранд”-ын “Гранд плаза”. Хэдхэн хоногийн өмнө энэ барилгад цахилгаан тасарч харанхуй ‘нөмөрсөн. Бараг долоо хоног тоггүй болсноос түрээслэгчид эд бараагаа зарж чадахгүй хохирч буй талаар гомдоллож байв. Тэндхийн түрээслэгчдийн мэдэгдсэнээр энэ барилгыг босгохдоо анхнаасаа найдвар- тай тог цахилгааны эх үүсвэрээр хангаагүй, түр зуур аргацаасан болох нь тодорхой болсон билээ. Байн байн урсдаг болон цахилгаан шат нь эвдэрч, өндөр давхрууд руу түрээслэгчдийг, худалдаачдыг мацуулдаг барилгуудын нэг нь бас л “Жигүүр гранд”-ын “Гранд плаза” “Сандэй плаза”. Тэндхийн урсдаг шат байн байн эвдэрч зогсохоос гадна ‘Гранд плаза”-гийн цахилгаан шат гэнэт өндрөөс доошоо унаж, хүмүүсийн аминд хүрэх шахаж байсан удаатай.

Үйлчлүүлэгч, түрээслэгчдээ доромжилж, зодож танхайрагсдын нэг нь
“Жигүүр гранд”-ын захирал Д.Баттөр наймдугаар сарын 24-нд “Гранд плаза”-гийн түрээслэгчдийн нэг, иргэн Ч.Энхболдыг бие хамгаалагчидтайгаа нийлж зодож, танхайрсан талаар тухайн үедээ нэлээд шуугиад өнгөрсөн болохоор энэ тухай нуршаад хэрэггүй биз.

Зам засварын ажилд саад учруулагсдын нэг нь
Нийслэлийн удирдлагуудын ээлжит хуралдаан хэдхэн хоногийн өмнө болж зам, замын байгууламжийн ажил явуулахад замын трасст иргэн, аж ахуйн нэгжүүдийн барилга, хашаа, зарим обьект орсон учраас газар чөлөөлөх тал дээр хүндрэл гарч байгааг мэдээлсэн.

Тухайлбал, Зайсангийн гудамж, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС- ийн уулзвар хүртэлх 1,3 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын трасст “Жигүүр гранд” группийн хашаа орсон учраас замын ажилд хүндрэл учирчээ. Тиймээс газар чөлөөлж өгөхгүй байгаа тус группийг шүүхэд өгөхөөр боллоо гэж мэдэгдсэн байна билээ.
“Газарт гагнагдаж, тэнгэрт тэмүүлсэн их бүтээн байгуулагч, салбартаа тэргүүлэгч” гэх өргөмжлөлт “Жигүүр Гранд Групп”-ийн тухай муу мэдээнүүд иймэрхүү. Салбартаа ингэж тэргүүлдэг юм уу Д.Баттөр.

Ц.Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих