МАН-аас МАХН руу, МАХН-аас МАН руу

Монголын улс төрийн ууган хүчин, хуучин нэрээ сэргээн авч МАН болгон “хувьсгалт” нэрээ сэргээсэн нь том “гай” дагуулаад он илүүтэй хугацааг үдэв. Энэ хооронд гишүүнчлэл элсүүлэх тулааныг МАХН-аас эхлүүлж, МАН-ыг тогтмол “өдсөөр” ирсэн юм. УИХ-ын сонгуулийн өмнөхөн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат элсэн орсон нь МАН-д хүндхэн цохилт өгсөн төдийгүй, МАН-ынхан өнөөгийн ялагдалд хүргэхэд хүрсэн билээ. Энэ үйл явц ч одоо үргэлжилсээр байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал, Усны хэрэг эрхлэх газрын дэд дарга З.Батбаяр нарын хүмүүс МАХН-д дагаар орсон нь МАН-ыг эвгүйтүүлэхэд хүргэсэн. Мөн тэдэнтэй хамт 300 орчим хүн гишүүнээр элссэн гэж байгаа. Түүнчлэн энэ үйл явдлын дараа Чингэлтэй дүүргийн 250 гишүүн МАХН-д элсэв. Нэр ус нь олонд танигдаагүй жирийн нэг хэдэн гишүүн МАХН-д шинээр элссэн бололтой. МАХН-ын пиарчид сүртэй гээчийн мэдээлж, олон нийтэд цацав.

Харин энэ үйл явдлуудын дараагаар МАН-ынхан хариу цохилт хийлээ. МАХН-ын гишүүнчлэл элсүүлэх хүчтэй явуулгаас айвуу гэлтэй, хэдэн залуу захиалгаар мэдээлэл хийж, МАХН-ыг шүүмжилж, намаасаа гарахаа мэдэгдэж харагдсан. Улмаар залуусаа дэмждэг гээд МАН-д орох сонирхолтой байгаа гэнэ.

Хоёр намын дунд нэг ийм шинэ гишүүний тулаах өрсөлдөөн маягийн юм сүүлийн хэдэн өдөр өрнөв. Гэхдээ энэ бол гишүүдийн тулаан, өрсөлдөөн гэхээсээ илүүтэй, намуудын нэг нэгнийгээ эзлэх, МАХН хүчирхэгжих, МАН байр сууриа хэвээр авч үлдэх гэсэн намуудын “том тоглоомын” нэг хэсэг гэж ойлгож болох юм.

Нийгэмд МАН-аас МАХН руу гишүүд нь элслээ гэсэн мессэж нисгэх сонирхол, нөгөө нь мөн МАН-д МАХН-ынхан эргэн нэгдлээ гэсэн ухуулгыг намууд хийж эхэлсэн нь энэ юм. Түүнээс бөөн бөөнөөр гишүүн элсүүлэхдээ ч гол биш ажээ. Долоо хоногт 200,300-гаараа элсч, шударга сонголт хийж байна гэдэгтээ итгэл төгс байгаа МАН-ын хүмүүсийн цаана МАХН-ыг Ардын намдаа уусгах гэсэн далд санаа нуугдаж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн үзэж буй юм. Арав гаруйхан хоногийн дотор 500 гаруй гишүүн МАХН-д очсон ч Ардын намд энэ асуудал огтхон ч хамааралгүй юм шиг тоохгүй байгаа нь энэ хүмүүс эргэж хөрвөөх санаархал байхыг үгүйсгэхгүй юм.

МАН-ын ачаар Монголбанкны Ерөнхийлөгч болтлоо өссөн Л.Пүрэвдорж, хүүгээ МАХН-д зүгээр нэг элсүүлчих нь гэдэг юу бол. Өрх гэрийг нь олон жил тэтгэсэн МАН-аас гарах зүрх сэтгэл Л.Пүрэвдоржид байх ёсгүй. Тиймээс тэр МАХН-д өөр сонирхол тээн хүү П.Хангалыгаа илгээсэн байж мэдэх юм. МАХН-д орж “гал тогоо”-г нь бужигнуулж байгаад эргэж хөрвөөхгүй гэхийн газаргүй. Тийм холын санааг МАН-ынхан хийж байж мэднэ.

Гэхдээ МАХН-ынхан тийм ч амархан МАН-ын залуусаар “самруулчихгүй” л болов уу даа. Д.Тэрбишдагва, Ч.Улаан гээд хууччуул, олон жил улс төрийн тогоонд чанагдсан туршлагатай улс төрчид.

Ер нь энэ хоёр нам нэгдэж нийлнэ гэдэг бол одоо өнгөрсөн гэх дүгнэлтийг АН-ынхан өгч ихэд тайвширсан янзтай юм ярьж яваа харагдав. Тийм ч байж мэдэх юм. Хүчирхэг хувьсгалт намын том лидерүүд нэгэндээ хадаг бариад очно гэдэг юу л бол. Харин нэгнийгээ сарниулах, хүчийг нь сулруулах л үйл явц өрнөж мэднэ. Түүнээс өөр хүчтэй өөрчлөлт бол явагдахгүй л байх. МАН-аас МАХН руу, МАХН-аас МАН руу ч юм уу бага сага шилжилт хөдөлгөөн бол явагдаж л таарна, энэ бол улс төрд болох л явдал.

Т.АМУР


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих