“Нарны гүүр” хамгийн сайн чанарын ган төмрөөр хийгдсэн
Япон улсын хөгжлийн албан ёсны тусламжийг танилцуулах хэвлэлийн аялал өчигдөр боллоо. Уг арга хэмжээгээр Японы Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулсан юм. Улаанбаатар хотын авто замыг сайжруулах зорилгоор 2000-2003 онд хэрэгжүүлсэн төслийн талаар гүйцэтгэлийн ажлыг нь хариуцаж байсан Жайкагийн мэргэжилтэн Марүока Японы компаниудын гүйцэтгэсэн ажлын чанар болон давуу талын тухай энэ үеэр ярилаа. Тэрээр “Биднийг 8.6 км Нарны замыг тавихаар судалгаа хийж байсан 1998 онд Улаанбаатар хотод 36 мянга орчим тээврийн хэрэгсэл байсан. Өнөөдөр бараг 140 мянган тээврийн хэрэгсэл байна. Автомашин ихсэхэд замын эвдрэл ч ихэснэ. Тиймээс үүнийг урьдчилан тооцоолж аль болох Монголын нөхцөлд тохирсон зам барихыг хичээсэн. Тухайн үед хүлээлгэж өгөх хугацаандаа амжуулахын тулд есдүгээр сард яарч хийсэн хучилтанд маань алдаа гарч аравдугаар сард ховхорч байлаа. Тэгэхэд бид дахин хийж байсан. Зам чанартай байх ёстой” гэв. Мөн тухайн үед япончууд Гэсэр сүмийн болон Зүүн, Баруун дөрвөн замын уулзварыг шинэчлэн засварлажээ. Шинэчлэхээс өмнө ялангуяа Гэсэр сүмийн уулзвар дээр осол их гардаг байсан нь арилсан байна. Энэ ажлаас нь манай нийслэлийн удирдлагууд ч үлгэр авч уулзваруудаа шинэчилсэн гэнэ.
Тус ярилцлагын дараа Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Тээврийн товчооны тушаах төмөр зам болон авто замын дээгүүр барьж буй гүүрэн дээр очлоо. Түүнийг “Нарны гүүр” гэж нэрлэжээ. Гүүрний хоёр талын явган замын төгсгөл дээр жижиг багана босгож зүүн талынх дээр нь японоор, баруун талынх дээр нь монголоор “Нарны гүүр” гэж бичсэн байв. Энэхүү гүүрийг барих явцдаа төмөр зам болон ойролцоох авто замуудад ямар нэгэн хүндрэл гаргаагүй гэнэ. Мөн гүүрний урд хойд төгсгөлийн эргэлтийн хэсгийг барзайлгасан тусгай давхаргаар хучсан бөгөөд энэ нь хурд сааруулахын зэрэгцээ шарвахаас сэргийлдэг аж. Ажилчид нь ус зайлуулагч, гэрэлтүүлэг гээд бүгдийг нь шийдсэн гэлцэж байв. Гүүрэн гарц нь урд ба хойд талын дөхөх хэсгүүдийн хамт нийт 895 метр аж. Тодруулбал гүүр 262 метр, дөхөх зам нь 633 метр юм байна. Энэ гүүр ашиглалтанд орсноор Энхтайван, Гурвалжингийн гүүрийн ачааллыг багасгаж, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, замын хөдөлгөөний жигд байдлыг хангахад тодорхой дэвшилтэй. Мөн Баруун дөрвөн замаас урагш Цагаан хаалга хүртэлх 4.7 км зам 1.8 км болон богиносч, хотын баруун хэсгээс Нисэх хүртэл чөлөөтэй зорчих боломжтой болох юм байна. Одоогийн байдлаар тус гүүрний ган хийцтэй дам нуруу, тулгуурын угсралтын ажил нь дуусчээ. Гэрэлтүүлэг, чимэглэл болон хоёр талаар нь зүлэг, мод тарих зэрэг орчны тохижилтыг нь хийгээд ашиглалтад өгөх аж.
“Нарны гүүр” төслийн удирдагч Б.Мандатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нарны гүүр хэзээ ашиглалтад орох вэ?
-Монгол, Япон хоёр улсын хооронд байгуулсан гэрээгээр арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад орох ёстой. Өнөөдөр Улаанбаатар хотын гол, гол замуудыг хааж засварын ажил хийж байгаа болохоор түгжрэл ихтэй байна. Тиймээс бид япон инженер ажилчидтайгаа ярилцаад аль болох хугацаанаас нь өмнө гүүрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.
-Гүүрний технологийн талаар ярихгүй юу?
-Ер нь бол энэ гүүр Монголд анх удаа баригдаж буй ган хийцийн металл гүүр юм. Энэ гүүрийг барих технологи болон ашиглагдсан техникүүд нь Япондоо хамгийн сүүлийн үеийнхэд тооцогдож байгаа. Технологи болон техникийг иж бүрэн ашигласнаараа энэ гүүрний ажил онцлог боллоо. Гүүрний дам нуруу нь гэхэд л сүүлийн үеийн хамгийн сайн чанарын ган төмрөөр хийгдсэн. Түүн дээр нь 24 см зузаан бетон мөн 10 см зузаан асфалт давхарласан.
-Ашиглалтын баталгаат хугацаа нь хэр урт вэ?
-Гүүрийг ашиглалтад хүлээж авсны дараа засварын ажлыг цаг тухайд нь хийгээд явбал 20 жил ямар нэгэн их засвар хийгдэхгүй. Цаашдаа ашиглалтын баталгаат хугацаа нь 100 жил юм.
-”Нарны гүүр”-ний төсөлд аль хэр хөрөнгө зарцуулагдав?
-Энэ гүүр нь өөрөө Япон улсын Засгийн газрын тусламжаар баригдаж байгааг онцлох хэрэгтэй байх. Ер нь 3.7 тэрбум иен буюу Монголоор 50 тэрбум төгрөгөөр баригдсан гүүр юм. Дээр нь нэмж хэлэхэд энэ гүүрийг барихад Монголын талаас талбайг нь чөлөөлж өгөх, гүүр болон зам байгуулах талбайд орсон инженерийн байгууламжуудыг, шилжүүлэх, шинэчлэх гэх мэт олон төсөл хэрэгжсэн. Үүнд хоёр тэрбум орчим төгрөг зарцуулагдсан.
Мөн энэ үеэр сэтгүүлчид Жайкагийн мэргэжилтэн Марүокагаас сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
-Япончуудын хийсэн зам, гүүр чанартай байдгийн учир нь юу вэ?
-Нарны замд Тээвэрчдийн гудамжны замын өргөтгөл шинэчлэлийн ажлын шаардлагатай болон цаашид замын засвар, арчлалт, гүйцэтгэх тоног төхөөрөмж нийлүүлэхэд шаардлагатай санхүүжилт мөн олгогдсон нь их чухал. Энэхүү олон талт төслийн хэлбэрээр хэрэгжсэн нэгдсэн арга хэмжээ нь замын засвар, арчлалтын чанарыг хангахад ихээхэн хувь нэмэр үзүүлсэн. Тухайлбал, нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжид ашиглах түүхий эд материал нь стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах материалын шинжилгээ, асфальт хучилтны зуурмагийн орцны шинжилгээ, туршилтын хучилт хийсэн. Мөн асфальт завод нийлүүлэн автоматаар хэмжсэний дагуу тогтсон чанар бүхий асфальт, зуурмаг үйлдвэрлэсэн. Тэгээд газар дээр нь зуурмаг тараах, нягтруулах, тэгшлэх ажлыг хийснээр ажлын явцыг хялбаршуулж чадсан.
Улмаар зам барилгын ажлыг зөвхөн гүйцэтгэгчид найдаж орхихгүйн тулд зөвлөх компани ажилд нь байнгын хяналт тавьж, чанарын стандартад нийцэж буй эсэхийг шалгаж байсан. Хэрэв чанар нь хангалтгүй байвал ажил гүйцэтгэгчид явцын төлбөр төлөхгүй байх тогтолцоог авч ашигласан. Дээрх маягаар, зураг төсөлд заагдсан ёсоор чанарын шаардлага бүрэн хангасан байгууламж бий болсон.
-Японы технологийн давуу тал гэж ярьдаг. Яг юу нь дэвшилттэй вэ?
-Японы технологийн давуу тал нь зураг төсөл гүйцэтгэх, зөвлөх болон барилгын ажлыг хийх гүйцэтгэгчийн аль алинд нь баталгаатай технологи эзэмшсэн мэргэжилтний тоо хангалттай олон байдаг нь хамгийн гол нь гэж хэлж болно. Мөн тухай орон нутаг, ажлын онцлогт үндэслэн өмнөх баталгаатай технологийг улам сайжруулах ажил хийдэг. Улмаар урьдчилсан болон нарийвчилсан зураг төсөл, хамгийн тохиромжтой хувилбаруудыг боловсруулдаг бөгөөд арвин туршлагатай мэргэжилтнүүдийг шаардлагатай үед урьж оролцуулдаг гэсэн юм.
Энэ өдөр мөн “Монгол-Японы бизнесийн хамтын ажиллагааны семинар”, Улаанбаатар хотод нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх судалгаа, Улаанбаатар хотын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл, Гэр хорооллын амьдрах орчныг сайжруулах төсөл зэргийн танилцуулга болсон юм.
Ж.БАЯРСАЙХАН Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
URL: