Жолоочийн даатгалд хамрагдаагүй бол 140 мянган төгрөгөөр торгоно

Ирэх сарын нэгнээс эхлэн жолооочийн даатгалд хамрагдаагүй жолооч нарт хуулийн хариуцлага тооцохоор болсон. Үүнд тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд саатуулж, гарсан зардлыг төлүүлнэ. Мөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах хүртэл тээврийн хэрэгслийг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Түүнчлэн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх 140.400 төгрөгийн торгууль оногдуулах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Жолооч нарыг даатгалд хамруулах энэхүү ажилд АНУ-ын ОУХА-ийн санхүүжилттэй Бизнесийг дэмжих санаачлага төслөөс Санхүүгийн Зохицуулах Хороо (СХЗ)-ны олон нийтийн боловсролыг дээшлүүлэх кампанит ажилд туслалцаа үзүүлж байгаа юм байна.

Монгол улсад тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж, замын хөдөлгөөний нягтрал ихэсч, зам тээврийн ослын улмаас иргэдэд учрах хохирлын хэмжээ үлэмж өсч буй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахад туслахын тулд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигджээ. Даатгалын суурь хураамж тээврийн төрлөөс шалтгаалан 12.500-53.000 төгрөг, даатгалын гэрээний хугацаа нэг жил байна. Иргэд даатгалын компаниа чөлөөтэй сонгох ба хэрэв хүсвэл өөрчилж болох юм. Жолоочийн буруугаас даатгалын тохиолдол буюу зам тээврийн осол гарч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгалын компани хохирогчид дараах үнийн дүнгээр нөхөн төлбөр төлөх аж. “А”, “В” ангилал 5 сая төгрөг, “С”, “Б” ангилал 10 сая төгрөг, “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэлд тус бүр 5 сая төгрөгийн нөхөн төлбөр төлөх юм байна.

Тайчир


URL:

Сэтгэгдэл бичих