Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх Улаанбаатараас онгоцоор ажилдаа ирж очдог гэвэл хүмүүст ямар сонсогдох бол. Нийслэлийн иргэн тэрээр 2005 онд тус сумын Засаг даргаар томилогдсон байна. Өдгөө долоон жил Засаг дарга хийхдээ өмнийн говьд суурьшиж чадалгүй хот говийн хороонд онгоцоор ниссээр байгаа нь энэ. Үүнийг нь сонсохоор Монгол Улсын эдийн засгийн тулгуур, үүц дээр байгаа хүн ингэж байхаас ч биш яахав гэж бодогдоно.
Харин сумын Засаг даргын цалинг нь бодохоор хэний мөнгөөр ингэж тэнгэрт дүүлж явдаг юм бол гэж хардах сэтгэл төрнө. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар засаг ноён Г.Цог-Өрнөх долоо хоногтоо 2-3 удаа Улаанбаатар дахь эхнэр хүүхэд рүүгээ нисчихдэг. Өглөө Улаанбаатарт орой нь Цогтцэцийд байдаг хүн дээ гэх. Гэтэл энэ эрхмийг Засаг дарга хийсэн хугацаанд сумын иргэдийн амьжиргаа, амьдрах орчныг сайжруулах талаар дорвитой зүйл хийгдээгүй.
Хэдэн уурхайн буянаар нутгийн иргэд ажилтай, орлогтой болж дор бүрнээ дэлгүүр хоршоо, буудал энэ тэр ажиллуулж байна. Сумын төв нь зам талбай гээд байх зүйлгүй шороондоо манарч байхад Засаг дарга нь онгоц хөлөглөн Улаанбаатар руу дүүлээд л. Орон нутгийн удирдлага нь тухайн нутгийн иргэн байж нутаг орныхоо төлөө ажиллах ёстой. Гэтэл гаднаас залж ирсэн засаг ноёд ийм л байдлаар төрийн ажлыг хийж, боломж гарвал өөрийн хэтэвчээ зузаатгачихаад сууж байна. Ингэж хэлэхийн учир Засаг дарга Г.Цог-Өнөхийн талаар таагүй мэдээлэл бас хэвлэлээр гарч байжээ. Тухайлбал, Цогтцэций суманд газрын үнэ тэнгэрт хадчихсан.
Тус суманд зочид буудал, дэлгүүр барих сонирхолтой этгээдүүд хэдэн зуугаар тоологдохын хирээр Цогтцэцийгийн газрын үнийг хөөргөдөж, авлига сэлтээр шийдвэрлэх замдаа орсоныг нутгийн иргэд хэлдэг. Тэгвэл газар нь хамгийн өндөр үнэтэй сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх сар шинийн өмнөхөн газартай холбоотой авлигын асуудлаар шалгагдан Ганц худагт арав гаруй хоноод гарч иржээ. Сонирхолтой нь, түүнийг Ганц худагаас суллагдаад, сумандаа онгоцоор буухад нь Өмнөговь аймгийн засаг дарга н.Бадраа, Ноён сумын Засаг дарга эрхэм, мөн Саус гоби сэндс компанийн орон нутаг дахь бүрэн эрхт төлөөлөгч н.Бадралтхүү нарын нөхдүүд төрийн тэргүүн ирж байгаа аятай л тосч авсан гэх юм.
Г.Цог-Өрнөхийг харьцангуй боловсролтой, наанатай цаанатай дарга гэж иргэд нь хэлдэг. Уул уурхайгаас болж байгалийн унаган төрхөө гээж байгаа сум орныхоо төлөө дуугарахгүй биш дуугардаг дарга гэж хэлэгсэд бий ч, гэхдээ л энэ хүн тэр хэмжээгээр нэр цэвэр байж чадсангүй. Өмнө нь Ажнай Д.Бат-Эрдэнийн туслах явсан, өдгөө орон нутгийн өмчит Тавантолгой компанийн ТУЗ-д багтдаг гэсэн мэдээлэл бас байна. Дээрх мэдээллээс харахад эрхэм Засаг дарга онгоцоор ойр ойрхон нисч сумын дэл сул газрыг харж тоочиглон суудаг бололтой. Тэрээр долоо хоногтоо хоёр удаа онгоцоор нислээ гэхэд хамгийн багаар бодоход сардаа хоёр сар гаруй төгрөг. Жилдээ 25 сая төгрөг.
Тэгэхээр эрхэм дарга цалингаа онгоцонд өгөөд зөвхөн эхнэр хүүхдийнхээ царайг харах гэж нисээд байна гэдэг юу л бол. Бас болоогүй Г.Цог-Өрнөх дарга удахгүй болох орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д хүч үзэх гэж байгаа. Цаад санаа нь аймгийн засаг дарга биз гэж нутгийн иргэд нь шивэр авир хийж байна. Сумын засаг дарга байхдаа онгоц хөлөглөж байгаа хүн аймгийн дарга болохоороо юу хөлөглөх бол.
Ц.Ургамал www.times.mn |