Намд элсэх “моод”

“Моод” гэдэг цаг үеэсээ хоцрохгүй үлдэх нэг хэлбэр. Загварын, мэдлэгийн, хэллэгийн “моод” гээд олон бий. Хараад байхад загварын ертөнцөөс илүү улстөрийн моод хүмүүст илүү их хүрдэг бололтой.  Нэг улстөрч салаавч гаргавал бүгд дагана, улстөрчдийн зодооноос гэхэд л “Хүрэлсүхдэнэ шүү” гэх мэт олон моод, хэллэг дэлгэрсэн. Тэдний зан авир, гаргасан үйлдэл ярианы хэллэг, хошин яриа, онигоо болон хувирч, олны хүртээл болдог уламжлал тогтсон учраас улстөрчдийн “моод” олон санал авахаар санагдана.

Одоогоос дөрвөн сарын өмнөөс эхлэн МАН-д өдөрт 1000 гаруй залуус элсч, гишүүний батламжаа авлаа хэмээх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан. Дөрвөн сарын өмнө буюу сонгуулийн урьтал өдрүүдэд 1921 залуу МАН-д элсэв. Үүнээс хойш ч тэд өдөн хүн намд элсэв гэсэн мэдээ цуварсаар байснаас үзвэл Монголын ихэнхи залуус МАН-ын гишүүний батлахтай болж амжсан мэт.

Дөрөв, таван сарын өмнө нь намд элсэх нь “моод” байсан.  Мэдээж энэ нь сонгуулийн компанит ажлын нэг хэсэг нь байсан л даа. Хэрэв намд элсвэл настангууд  одон тэмдгээр шагнуулж, мөнгө  тараах зүйл ч гарч байсан. Бүр МАН-ын гал улаан батлах гардсан 1000 хүнд Гачууртад газар олгосон  гэх яриа ч гарч, энэ моод олон хүнийг “донсолгож”  байсан. МАН-ын гишүүд намдаа хөрөнгө оруулалт хийж, хэдэн тэрбумаар нь цацаж байхад бэл бэлчин хомс нь нэг нь төрсөн хүүгээ өгөхөд ч бэлэн байсан.  Олон хүн намд элсүүлсэн байхад сонгуулийн үр дүнд томоохон бялуунаас хүртэх боломжтой. Баянзүрх дүүрийн Засаг дарга асан 8000 хүн намдаа элсүүлж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ авсан гэх яриа ч байх юм билээ. Энэ мэт үлгэр жишээ авахуйц гишүүн элсүүлэх тактик ууган намд олон бий. Гэтэл сүүлийн үед МАН-д бус МАХН-нд гишүүд элсэх моод дэлгэрч эхэллээ. МАН-ын гишүүд МАХН-руу “урвах” буюу гишүүнчлэлээ сэргээж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, МАН-ын Чингэлтэй дүүргийн намын үүрд хамаарах 250 гишүүн өнгөрсөн даваа гаригт МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, батлахаа гардлаа. Намын батлах гардуулахдаа,  “Бид бүгдээрээ хамдаа шударга ёсыг цогцлоох үүрэгтэй. Шударга нийгмийн төлөө МАХН-тайгаа хамтран зүтгэхээр ирж байгаа гишүүддээ баярлалаа” гэлцэв. Гэтэл хоёр долоо хоногийн өмнө МАН-ын 300 гаруй гишүүн мөн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсний дотор Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал багтаж байв. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН цөөнх буюу сөрөг хүчин болсноо хүлээн зөвшөөрч, дарга нь албан тушаалаасаа чөлөөлөгдөн, үүрэгт ажлаа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд шилжүүлэн өгч  орон нутгийн сонгуульд ялалт байгуулах үүрэг өгсөн ч Орон нутгийн сонгуулиас өмнө МАН-ын 250, 300 гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж эхлэх бололтой.

“Моод” дэлгэрүүлэгчид намаа солих болсон шалтгаан нь их энгийн. Шударга ёсны төлөө зүтгэж буй, нэг үзэл баримтлалтай,  МАХН нь үзэл баримтлалын хувьд ялгаагүй, түүхэн тодорхой хугацаанд нэг улс төрийн хүчинд харьяалагдаж байсан болон жирийн гишүүд ард түмнээ байнга сонсч, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт хамтран ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж, одоогийн МАН-ын удирдлагууд нь гишүүд дэмжигчдээсээ хол алслагдсан, дотоод ардчилалгүй зэрэг байдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн гишүүнчлэлээ сэргээж буйгаа илэрхийлсэн.  Арай өөрөөр ойлговол,  намын удирдлагууд нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө эрх мэдэлд шунаж байхад,  харин МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө аавын хаалга татаад, намын нөхдөө УИХ-д суулгадаг ард түмний баатар хэмээн ойлгогдохоор байгаа юм. Үнэнийг хэлэхэд, МАХН-ын УИХ-ын сонгуульд нэр дэвших хүн “хайгаад” явж байна гэх явган яриа УИХ-ын сонгуулийн өмнө хийсч байсан. Харин МАН-ын гишүүд энэ удаад цөөнх болно гэж тооцоолоогүйгээ гэнэт ухаарч, намын гишүүнчлэлээ сэргээхээс өөр аргагүйд хүрсэн юм байх. Ямартай л сүүлийн үед “Нам дагавал ам тосдоно” гэх зүйр үг олонд таашаагдаад буй.

Намд элсэх, элсэхгүй байх, сонгох, сонгогдох эрх нь хүн бүрийн сонголт. Гэвч намаас намд шилжих, залуус намд олноороо элсэх моод хэрээс хэтэрч, 2,7 сая хүнээс өдөрт мянга мянга, хэдэн зуугаар намын нөхөд болоод байвал  Монгол Улсад намгүй, намын харьялалгүй үлдэх хүн үлдэхгүй нь бололтой.

Ш.ОЮУНЧИМЭГ

URL:

Сэтгэгдэл бичих