Уянгын хувь тавилан Батширээтийг бүү дайраасай

-Өвсний соргог, усны тунгалагийг даган нүүдэллэдэг байсан Монголчууд алт дагаж нүүдэг болов-

Мянга сонсохоор нэг үз гэдэг. Харамсалтай нь бидний үзэх гэж зорьж яваа тэр зүйл нүд хальтрам. Үр хүүхэддээ самруулж, аврал эрэн уйлж байгаа байгаль эх.

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн давааны “нинжа” нарыг бид зорин очлоо. Бид гэдэг нь Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын орлогч Д.Гансүрэнгээр ахлуулсан 18 хүний бүрэлдэхүүнтэй баг. Батширээт суманд бусад аймгаас ирсэн алтны “нинжа” нар нутгийн иргэдийг гар аргаар алт олборлоход уриалан дуудсанаар, төрж өссөн газар шороог нь хамт ухах болжээ.

Сумын удирдлага алтны үнэр авсан нутгийн иргэдийг цагдаа, цэргийн хүчээр хэд хэдэн удаа тараах гэж оролдсон ч дийлээгүй байна. Тиймээс тэрээр эх нутгаа гэсэн сэтгэлтэй, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдийн хурлын төлөөлөгч, эмч, малчид, сурагч гээд олон салбарын төлөөлөлтэй хамт 1000 км зам туулан Уянга суманд очсон юм.

Гар аргаар алт олборлогчдын дайралтад өртөж, байгаль, экологид нь аюулын харанга дэлдээд буй Батширээт сумын ирээдүйг Уянгаас харах гэж, бусдадаа харуулах гэж зорьсон нь энэ.

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Болд биднийг замчлан “нинжа” нарын жимд хөтөллөө. “Нинжа” нарын дайрлагад өртөж нөхөн сэргээлт хийгээгүй орхисон газар Уянга суманд хэтэрхий олон. Сумын төвөөс хоёр км-ийн зайд байдаг Өлтийн даваанд ухсан газрын урт 20 км хэртэй үргэлжилнэ. Дайны үеэр бөмбөгдөлтөд өртчихсөн юм шиг харагдах хангай нутгийн уулын өвөрт ухсан нүхийг тоолж барамгүй.

Үзэсгэлэнт байгальдаа малчин ард түмнии олон зуун жил амьдарч ирсэн намаржаа, таван хошуу малын тарга тэвээрэг авч байсан хөндий танигдахын аргагүй болсон байна. Малчин хүүгийн чулуун тоглоом, саальчин эмэгтэйн гүүний зэл, эмнэг адуу сургаж байсан адуучин залуугийн хангай нутаг газрын хөрснөөс арчигджээ. Төрж өссөн нутгийнх нь газар шороо цаг, хором тутамд эмтлүүлж байхад энэ нутгийн эзэд нь хаачаа вэ гэх харуусал өөрийн эрхгүй сэтгэлд бууна.

Ухсан газруудын ойр орчмоор машин бүү хэл хүн, мал амьтан явахад хүндрэлтэй. Уянга сумын төвөөс гараад цаг хэртэй машинд сэгсчүүлж явсны эцэст “нинжа” нарын төвлөрсөн газарт сая нэг юм очлоо. Тэнд байрлах гэр, овоохойнуудын хажуугаар явахад “Хэлж ярих үг, үйл хөдөлгөөнөө цэгнэхийг бидэнд” захих хүн олон. Арга ч үгүй биз. Алт дагаж “араатан” болсон тэднийг уурлуулчихвал чулуугаар бөмбөгдүүлээд буцаж мэднэ. Тиймээс бид “нинжа” нарт “Айж сандрах хэрэггүй ээ, бид шалгадаг, Сарьдаг улс биш. Хэдэн үг солиоч” гэж гуйх нь холгүй юм болж байж цөөн хором ярилцаж байв.

“Нинжа” нарын “хотхон”-оор алхаж явтал 30-40 орчим насны хоёр согтуу эр гадаа “тасраад” уначихсан байлаа. Бүр үхчихсэн юм шиг унтаж байна. Ойр хавьд нь байгаа амьдрал нэгтнүүдэд нь тэдний амьд эсэх огт сонин биш. Тэнд байгаа 200 гаруй гэрт амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ хоорондоо өрсөлдөгч учраас нэг нь ч гэсэн “яваад” өгвөл баярладаг гэсэн жихүүдэс төрөм үг эмэгтэй “нинжа”-гийн амнаас унасан юм.

“Нинжа” нарт зориулалтын хогийн цэг, бие засах, угаадас асгах газар байхгүй. Ойрхон нүхэн дотор эсвэл, уулын орой, жалганд очиж биеэ засдаг. Ийм газарт бүх төрлийн үйлчилгээ бий ч эрүүл ахуйн стандартыг огт хангадаггүй нь ойлгомжтой. “Нинжа” нар алт угаасан усаа тунгааж хоол, унд хийж идэх нь наад захын асуудал гэнэ.

Ганцхан зорилго дор нэгдсэн хүн сүргийн нэг өдрийн амьдрал өглөө эрт бүгдээрээ ажилдаа гарахаас эхэлнэ. Олсон алтаа орой нь зарж архидан, мөрийтэй тоглоом тоглох эсвэл хоорондоо зодолдож гарынхаа чилээг гаргаснаар өдөр дуусна. Суманд 5-6 цагдаа байдаг ч хэрэг зөрчлийг таслан зогсоож, арга хэмжээ авч тэр бүр чаддаггүй. Тиймээс хүн сүрэг юу дуртайгаа хийнэ, тэдний газар дээр ямар ч хууль үйлчлэхгүй. Хүн зодож, хулгай хийж, архидаж aгсам согтуу тавьсан ч баривчлах цагдаа, цагдан хорих байр байдаггүй нь тэдэнд аз болдог гэлтэй.

Архидалт, хулгай, дээрэм, биеэ үнэлэлт гээд муу, муухай бүхнээр Уянга сумын өнөөгийн төрхийг тодорхойлж болно. Сумын эмнэлэг ачааллаа даахаа больсон бөгөөд төсөвт зардлууд хүрэлцэхээ байж. Гэсэн ч хүлээсэн үүргийнхээ дагуу эмч нар өвдсөн хүн бүхэнд туслахаас өөр аргагүй.

Уянга сумын алтны уурхайн ойролцоо өнөөдрийн байдлаар 1200 гаруй “нинжа” гэр, овоохой барин амьдарч байна. Хэн нь хаанаас ирснийг нэг бүрчлэн тогтоох боломжгүй учраас ухсан газарт нь нөхөн сэргээлт хийлгэж чаддаггүй аж.

Ухаж сүйтгэсэн газруудыг нөхөн сэргээх мөнгө аймаг, сумын төсөвт байхгүйгээс “нинжа” нарт “Байгаль дэлхийгээ хайрла, хойч үедээ эрүүл газар шороо үлдээ” гэж хэлэхээс хэтрэхгүй. Тэд энэ үгийн утгыг ойлгож, ухаарна гэвэл үлгэр. Өлтийн даваанд алт олборлож байгаа газрыг “АУМ” ХХК бусад аж ахуйн нэгжид түрээсээр эзэмшүүлдэг байна. Түрээсээр эзэмшиж байгаа газрууд нь харуул хамгаалалтаа чангатгаж байгаа учир “нинжа” нарыг эзэмшил талбай руугаа оруулахаа больжээ. Гэсэн ч гар аргаар алт олборлогч нар энэ газар руу үхэн хатан зүтгэж, дайрсаар байна.

Өвөрхангай аймгийн нутгийн удирдлага “нинжа” нарын төвлөрлийг сааруулах, тэдний үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр 2001 онд хэд хэдэн ажил зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Аргаа барсан дарга нар “нинжа” нарыг дур зоргоор нь үлдээх замыг “сонгожээ”.

Сумынх нь ирээдүй ийм бараанаар харагдаж байгаа Батширээтийнхэн “нинжа” нарын төлөөлөл болох хоёр бүсгүйтэй уулзаж ярилцлаа. Тэднийг Н.Пүрэвдорж, Э.Хишигсүрэн гэдэг.

ГАР, ХӨЛ МААНЬ ХӨДӨЛЖ БАЙГАА ЦАГТ АЛТ УХСААР БАЙГААД Л ДУУСНА

-Энд ирээд удаж байна уу?
-Н.П: Эгч нь энд ирж алт угаагаад 12 жил болж байна.
-Э.Х: Гурван жил болж байна.

-Хэн хэнтэйгээ ирсэн бэ?
-Н.П: Нөхөртэйгөө хамт ирсэн.
-Э.Х: Нөхөр, хоёр настай хүүгийн хамт ирээд амьдарч байна.

-Сардаа хэдэн төгрөг олж байна?
-Н.П: Ер нь сайн олдог шүү. Гараа хөдөлгөхгүй бол хэн бидэнд зүгээр мөнгө өгөх билээ. Нөхөр бид хоёр сард сая гаруй төгрөг олдог. Алт ухах тийм амар ажил биш. Зарим нэг нь хамгаалалтын ажилтанд мөнгө төлөөд бүтэн өдөр шороо ухдаг юм. Хулгайгаар шороо ухаж байгаад баригдвал хамгаалагч нарт зодуулдаг. Энд байгаа бүх хүн алт олох зорилго өвөртөлж ирсэн, ямар ч эрсдэлтэй учрахад бэлэн байдаг.
-Э.Х: Нөхөр маань ганцаараа ажилладаг учраас сард 200 мянган төгрөг олдог. Өдөртөө 04 хийхгүй бол амьдрахад хэцүү шүү дээ.

-04 гэдгээ тайлбарлахгүй юу?
-Э.Х: Алтны граммыг хэлж байна. 02 нь найман мянга, 03 нь арван хоёр мянга, 04 нь 16 мянга, 05 нь 20 мянган төгрөг болдог юм. Алт угаах усаа гүний худгаас 20 литрийг нь 500 төгрөгөөр авч халаадаг. Усаа халаахад мод түлээ хэрэгтэй. Энд нэг шуудай мод 3500, нүүрс 5000 төгрөг. Ийм болохоор өдөрт 04 тогтмол хийхгүй бол болдоггүй юм.

-Хүүг чинь хэн гэдэг вэ. Гар нь ямар их сайртаа вэ?
-Э.Х: Миний хүүг Х.Мягмарсүрэн гэдэг. Одоо хоёр настай. Өдөртөө энэ хавийн хогон дээр тоглосоор байгаад гар нь сайртчихсан юм.

-Алтны гарц багасч байгаа гэх юм. Цаашид яаж амьдрах бодолтой байна?
-Н.П:Алтны гарц багасч байгаа нь үнэн. Гэхдээ арай болоогүй байна. Хэдэн жилдээ бол санаа зоволтгүй. Гар, хөл маань хөдөлж байгаа цагт алт ухсаар байгаад л дуусна. Энд газар газраас ирсэн хүмүүс бий. Хэрэв алтны гарц дуусвал өөр аймгууд руу явж алт ухаж амьдарна.
-Э.Х:Нөхөр маань боловсрол, мэргэжилгүй. Уг нь би зөөгчийн мэргэжилтэй. Үнэмлэхээ хаячихсан учраас ажилд авахгүй байна. Үүнээс өөр хоолоо олж идэх ажил алга.

-Хоосон хонох үе байдаг уу?
-Н.П: Олон жил алт угааж мэргэшсэн учраас хоосон хононо гэж байхгүй шүү.
-Э.Х: Байлгүй яахав. Энэ жижиг овоохойд нөхөр, хүү бид гурав амьдардаг. Цаг агаар ямар байхаас бүх зүйл шалтгаална. Ямар ч орлогогүй өдрөө дэлгүүрээс хоол хүнсээ зээлдэг. Бид алт угаагаад баяжаад байгаа юм алга. Өнөө маргаашаа аргацаагаад л явж байна. Энд ирж байгаа хүмүүсийн олонхи нь амьдралын боломж тааруу, эзэмшсэн мэргэжилгүй улс. Зовж олсон алтаа алдчих вий гэсэн айдастай хонодог хүн олон байдаг.

СУМАНДАА ОЧООД ҮЗСЭН, ХАРСНАА ДУУЛГАНА

Батширээт сумын Засаг даргын орлогч Д.Гансүрэн Уянга сумын “нинжа” нарын амьдрал ахуйтай танилцсаныхаа дараа “Хууль бусаар алт олборлогчдыг таслан зогсоох талаар сумандаа бид олон ажлыг зохион байгуулж байгаа. Тэдгээрийн нэг нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газарт хүсэлт тавьсны дагуу энэ аяллын зардлыг бидэнд өгсөн. Ингэснээр “нинжа” нар байгаль орчинд ямар сөрөг цөлөө үзүүлдэг, байгалийг хэрхэн сүйтгэдгийг өөрсдийн биеэр ирж харлаа. Манай суманд үндсэн ордын хайгуулын лицензтэй талбай нэг бий. Өөр аймгуудаас ирсэн “нинжа” нар сумын иргэдийг уриалан дуудаж эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулж байлаа. Эцэст нь бид хэн хэнийхээ эрхийг хүндэтгэх үүднээс хайгуулын лиценз эзэмшигч компани, иргэд болон төрийн бус байгууллагын төлөөллүүд сумын Засаг даргын тамгын газрын гурван талын гэрээ хэлэлцээр байгуулсан юм. Энд ирсэн хүмүүс сумандаа очоод үзсэн харснаа цааш нь түгээж иргэдэд сэрэмжүүлэх болно” гэв.

Биднийг буцах замд “Моби толгой” хэмээн нэрлэсэн уул замд таарав. Мобикомын сүлжээ энд барьдаг учир “нинжа” нар “Моби толгой” гэдэг аж. Уулын ойролцоо малаа хариулж явсан малчид орон нутгийн баялгийг улсад төлсөн татваргүй мөртлөө эвдэгдсэн, эзэнгүй газар болгон хувиргаж байгаад харамсч явдгаа илэрхийлж байлаа. Хуульд зааснаар нэг хүнээс патентийн татварт сард 23 мянган төгрөг авах ёстой ч өгдөг “нинжа” байдаггүй байна.

Аавын түшигтэй зүйрлэдэг хангай нутгийн маань экологийн энэ сүйрэл Хэнтийн Батширээтэд битгий л давтагдаасай, Ум мааний бадми хум.

О.Эрдэнэбүрэн


URL:

Сэтгэгдэл бичих