С.Жавхлан: 2012 онд хөрсний гулгалт болно. Дэлхий ертөнц сүйрч эхэлж байгааг хүн бүр харж байгаа шүү дээ

Дуулсан дуу бүрээ хит болгож чаддаг МУГЖ СЖавхлан сүүлийн жилүүдэд үндэсний ёс заншлаа түгээн дэлгэрүүлэхийг зорьж, улс төрд ч хүчээ үзэх болсон. Эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлээр улс төрчдөд хатуухан байр сууриа илэрхийлэх болсон тэрбээр хэзээд дуучин хэвээрээ л байдаг билээ. Тийм ч болохоор тун удахгүй бие даасан тоглолтоо хийхээр зэхэж байгаа аж. МУГЖ С.Жавхлантай уулзаж ярилцсанаа хүргэе.

-Жавхлан дуулахаасаа илүү улс төржлөө гэж нийгэм хүлээж аваад байна. Харин та эх нутаг, монгол ёс заншлаа сэргээхийн төлөө ажиллаж байгаа гэх юм. Энэ хоёрын хооронд ялгаа байна уу?

-Улс төрийг хуульч, эдийн засагч гэх мэт мэргэжилтэй хүмүүст хувьчлаад өгчихсөн юм биш. Монголын 2.7 сая хүн бүгд л санаа зовдог байх ёстой. Хамгийн гол нь тэдгээр хүмүүс өөрсдийн дураар хувьчлаад авчихсан учраас энэ зай завсраар бидний амьдралын алдаанууд гарч ирээд, буруу, муу зүйлүүд шургалаад байна.

Тиймээс цэвэрлэгч байна уу, дуучин нь байна уу эх нутгийнхаа төлөө санаа зовдог л байх хэрэгтэй. Улс төр гэдэг маань түмэн олноо төлөөлөөд дундаас нь сонгогдсон хүмүүс тэднийхээ төлөө морь, нохой, боол мэт зүтгэхийг л хэлдэг.

Монголын их хаад улстөрийн сургуульд сурсан юм уу, үгүй шүү дээ. Тэд эдийн засагч, хуульч байгаагүй, бүгд малчин л байсан. Дуучин хүн эх орондоо санаа зовоод,үүнийгээ илэрхийлэхээр айсандаа улс төржлөө гээд байгаа юм. Хар муу зүйлүүдийг нь хэлж ярьж, цагаан сайхан болгоё гэсний төлөө ийм янз бүрийн ярианд өртөж байгаа хэрэг.

-Монголоо гэсэн сэтгэлтэйгээр өнөөгийн нийгэмтэй хөл нийлэн амьдарч болно биз дээ. Та уламжлал яриад, хэт туйлширч байгаа юм биш үү?

-Хөгжил гэж яг юуг хэлээд байгааг мэдэх хэрэгтэй. Улаанбаатарын утааг хар. Дөнгөж эхээс мэндэлсэн нялхас гэхэд хамар, нармай нь цоорхой төрөх энгийн үзэгдэл боллоо. Эмэгтэйчүүд өөрөөрөө төрж чадахаа больж. Хорт хавдартай өвчтөнүүдийн 95 хувь нь хот суурин газрын хүмүүс байна.

Монголын нутаг дэвсгэрээс олсон, авсан цалингаа харийн зүйлд зарцуулчихаад нийгэмтэйгээ хөл нийлүүлж, хөгжиж байна гэх үү. Аав өвөг дээдсээ ярьсан хүнийг улиг боллоо гэж байгаа бол Монгол сүйрчихэж гэж хэлмээр байна.

Орой бүр солонгос кино үзээд улиг боллоо, туйлширлаа гэхгүй байж өвөг дээдсийнхээ агуу ухааныг олж авъя гэснийхээ төлөө би туйлширсан хэрэг үү. Жавхлан биш, миний тухай бодоод байгаа хүмүүс л улиг болж байгаа юм. Шинэ дууг нэлээд олон удаа сонсож байж сая хүмүүсийн сэтгэлд хүрч, хит болдог. Түүн шиг би Монголоо эргэж сэргээхэд хувь нэмрээ оруулахын тулд маш олон ярих болно.

-Уламжлалаа сэргээсэн ч гар утас, машин техникээс татгалзаж чадахгүй болчихсон шүү дээ?

-Монголоо сэргээе гэж байгаа бол дор бүрнээ бухимдаж суухын оронд өөрөөсөө эхлэн өөрчлөгдөх ёстой. Бидний өмсөж байгаа хувцас чинь газар нутаг, эд баялагт маань шунасан хүмүүсийн колоничлолын форм. Колоничлолд автаагүй улс орнууд өчнөөн байна. Арабын шейхүүд хичнээн баян билээ. 30-40 мянган доллараар нэг костюм пиджак аваад өмсчих чадалтай.

Гэтэл яагаад өвөг дээдсийнхээ зүүж ирсэн мушгисан алчуурыг хэрэглээд байгаа юм бэ. Колоничилолын салхинд Тайланд ч ялгаагүй өвөг дээдсээрээ бахархаж, үндэсний эд хэрэглэлээ эдэлж, хэрэглэдэг болохоор аялал жуулчлалаар дэлхийд дээгүүр яваа юм. Монголоо ярьсан нь адлагдаад, эдийн засагч, хуульчид эх орон газар шороогоо ярихаар алга ташаад, нутгаа зарсан мөнгөнд нь шунадаг болж.

Энэ тогтолцоог зөв гэх үү. Аав ээжийг чинь оршуулсан газрыг ухах гэж байна гэвэл хүмүүсийн уур хүрнэ дээ. Тэгвэл элэнц, хуланцын чинь яс оршсон газрыг ухаад, бидний соёл иргэншлийг саармагжуулахыг хүссэн, колоничилон эзэмдэх гэсэн хүмүүсийн эсрэг ярьсан хүнээ адалж байгаа нь колоничилолыг дэмжиж байгаагийн илрэл. 2012 онд хөрсний гулгалт болно. Дэлхий ертөнц сүйрч эхэлж байгааг хүн бүр анзаарч, харж байгаа шүү дээ. Сансрын антеннууд бүгд унах юм гэсэн.

Тэгэхээр гар утас хэрэглэгдэхгүй. Хот суурингууд сүйрээд, шатахуунгүй болчихоор машинаа ташуурдаад явах уу. Тэр үед гэрээ барьж, галаа түлээд, морио унахаас өөр аргагүй болно. Миний ярьсан зүйл чинь зуун мянган жилиин түүхтэи хэрэглээгээ сэргээе л гээд байгаа юм. Ямар ч зардалгүй шүү дээ.

-Сар шинийн үеэр «Гал үндэстэн» холбооныхон төрийн түшээдийн гэрт айлчилна гээд албан бичиг хүргүүлсэн. Монгол уламж­лалаа дагаж байгаа л юм бол заавал албан бичиг хүргэх шаардлага байсан юм уу?

-«Их тэнгэрийн ам»-ны харуул хамгаалалтыг бичиг хүргүүлж байж нэвтэрнэ биз дээ. Харамсалтай нь хэн ч хүлээж аваагүй. Төрийн түшээд хүлээж аваагүй ч түмэн олондоо очъё гэж бодсон. Нэр дэвшээд унасан бөх нь болохоор Чингэлтэй дүүргийн ахмад настан 30-аад айлаар орж золгосон.

Байгаагаараа л хүлээж авсан. Монгол түмэн маань хуучны сайхан сэтгэл нь алдраагүй юм билээ. Түүнээс хэн нэгэнд нэр олж авахаар шоудаж байгаа юм биш. Самандын Жавхлан хэзээ ч худал зүйл дээр ам гарахгүй. Цаг хугацаа харуулна л даа.

-Чингэлтэй дүүргийн ахмадуудад «Цагаан сараар очно шүү» гэдэг бичиг хүргүүлсэн үү?
-Үгүй. Гэсэн ч түмэн олон маань хүлээж авсан.

-Бичиг хүргүүлээд, дараа нь тэд оруулсангүй гээд шоудаад байгаа юм биш үү?
-Тэр уламжлал чинь байхгүй болчихоод бид тэдэнд бичиг хүргүүлсэн. Түүнээс шоудаад байгаа юм биш. Төрийн түшээд чинь өмнөө сөгдүүлж амьдрах сонирхолтой болчихож. Тэгтлээ бохирдчихсон л байна шүү дээ. Улстөржөөд байгаа хуульч, эдийн засагч нарт бичиг хүргэхээс өөр арга байгаагүй.

-Оюутан байхаасаа одоогийн улстөрчдийн сонгуулийн шоунд оролцож хүмүүсийн тархийг хэрхэн, яаж угаадгийг мэдсэн болохоор уламжлалаар дамжуулж, улстөрд хөл тавихаар шийдсэн юм биш үү?
-Хүмүүсийг яаж хуурдаг, түмэн олноор минь хэрхэн тоглодог вэ гэх зэрэг тэр бүх тогтолцоог би мэднэ. 2000, 2004, 2008 оны   сонгуулиуд,  хоёр ч сонгуульд их, бага хэмжээгээр оролцсон хүн. Урлагийнхныг дагуулж очоод тайз руу гаргачихаад, цугласан хүмүүст хэдэн төгрөг яаж тарааж хошгируулдаг, хошногыг ңь долоохоо шахаж сонгогдчихоод дөрвөн жил хэрхэн мартдагийг мэддэг болохоор би сонгуульд оролцсон.

Дараа нь тэр бүх луйврыг өөрийнхөө биеэр амсъя гэж бодсон юм. Үнэхээр ч хангалттай амссан, тэр хэмжээгээр хурцлагдсан. Миний хувьд Монголд үнэн зөв зүйл тогттол нь дуугаа дуулна, буруу бүхний эсрэг улстөржихөөсөө илүү хувь хүн иргэнийхээ үүргийг ухамсарлаж хэлсээр байх болно.

-Сонгуулийн жил ойртохоор нэгдэж нийлье гэх төрийн бус байгууллага,холбоод олон болжээ. Урьд нь нэгдэж босоод олон хүн хохирсон болохоор одоо тийм зүрх зоригтой хөдлөх хүн бий болов уу?
-Миний уриалаад байгаа нэгдье гэдэг үг маань өөр өөрсдөөсөө өөрчлөлтийг эхэлж нэгдье гэдэг утга санаа. Харийн янз янзын зүйлүүд рүү хошуурах биш. Оюун санаагаараа, сэтгэлийнгалаараа, мөнгол гэдгээрээ, галаа асааж нэгдье гээд байгаа юм. Түүнээс биш нийлж байгаад хүмүүсийг адалъя, жагсъя гэсэн утга хэзээ ч «Гал үндэстэн» холбооноос гарахгүй.

Нийлж жагсчихаад хэн нэг рүүгээ буруугаа чихэхийн оронд, энэ ярилцлагыг уншиж буй бүх хүн өөрөөсөө бурууг хайж, хараач ээ гэмээр байна. Тэр үед Монголынхоо, өвгөдийнхөө газар нутагт амьдарч байгаа хэрнээ хүний юман дээр ирчихсэн мэт, гадны хувцас өмсөж, бусдын яриагаар ярьж, хүний хийсэн бүтээсэн юмаар амьсгалж, харийнхны амьдралаар амьдарч байгаагаа мэдэрнэ.

-Бусдад таалагдаж амьдрахын тулд Харийн зүйлүүдийг илүүд үзэж байна гэж үү?

-Бусдад таалагдах гэж, хэн нэгэнд зориулж амьдарч байна. Энэ бол ердөө л сэтгэлийн галгүй болчихсон хүмүүс хэлбэр төдийгөөр амьдарч байгаа хэрэг юм.

-Бусдад таалагдаж амьдрахын тулд Харийн зүйлүүдийг илүүд үзэж байна гэж үү?
-Бусдад таалагдах гэж, хэн нэгэнд зориулж амьдарч байна. Энэ бол ердөө л сэтгэлийн галгүй болчихсон хэрэг. Бид өөрийн иргэншлийг дэлхиид мандуулан, оюун санаагаа дээдлэх ухааныг өвлүүлсэн. Магадгүй зарим хүмүүс «Энэ Жавхлан Монголын тухай баахан юм туйлшраад яриад байдаг» гээд үгүйсгэж байж болох. Үнэхээр тэгж дургүй нь хүрээд байгаа бол заавал энэ сонинг унших хэрэггүй, телевизээр ч үзэхгүй, сувгаа сольчих л доо. Үнэндээ бол хав дарахын эсрэг ядаж л 80 хувийн масст монгол ухаанаа дэлгэрүүлье гээд байгаа юм.

-Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэгэхээр та өөрөө өвөг дээдсээ хүндэлж, удам угсаагаа мэдэж байхын тулд ургийн бичиг хөтөлдөг үү?



-Хөтөлдөг. Гэхдээ үүх түүхээ мэддэггүй хүмүүст ургийн бичгийн талаар яриад дэмий биз дээ.

-Танай гэр бүлийнхэнд өөрсдөө дээлээ хийгээд өмсчихдөг хүн бий юу?
-Одоо хаана ч очсон хэн ч байсан монгол дээл хувцсаа сайхан хийгээд өмсчихдөг болжээ. Хамгийн ойрын жишээ л гэхэд «Нарантуул» захынхныг хар л даа.Үндэсний хувцсаа хичнээн гоё урлаж байна, тэгээд өөрсдөө өмсчихсөн зогсож байна. Тэгэхээр тун удахгүй монгол хүн бүр дээлээрээ гоёдог цаг ирнэ байх аа.

-Өнөөдөр тэгж нэгдэх хүмүүс тун ховор байгаа юм биш үү. Ядаж л дуучдыг аваад үзэхэд рок попынхон, нийтийн дуучид гээд хуваагдчихсан хөлөө жийлцээд явдаг?

-Уг нь рок поп, нийтийн зохиолын дууных, хот хөдөөгийнх гэж ялгах хэрэггүй санагддаг. Бид бүг дээрээ л Монгол хүн шүү гэж хэлмээр байна. Ганц Жавхландаа бус ганцхан монгол гэдэгтээ л нэгдье.

-Ярианы сэдвийг өөрчилье. Удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн байх аа?
-Тиймээ.«Монгол оо санасан Монгол» нэртэй тоглолтоо гурван сарын сүүлээр юм уу, дөрвөн сарын эхээр тавина гэж товлочихоод байна. 15-16 шинэ уран бүтээл дуулагдана. Бие даасан тоглолт гэдэг утгаараа бусад дуучинтай хамтрахгүй .

Шинэ цомгийнхоо ажилд орчихсон явж байгаа.

-Бие даасан тоглолтон дээрээ фонограмм ашиглахгүй, морин хуурын чуулгатай ч юм уу амьд хөгжимтэй дуулах юм биш биз?

-Яг үнэндээ Монголын урлаг тэр чигээрээ ядуурчихсан шүү дээ. Уран бүтээлийг нь Мобикомоос эхлээд хулгай хийгээд зарчихна. Бүгдийг нь хувилаад зах дээр зарчихаж байгаа болохоор шинэ цомгууд ч зарагдахгүй. Тийм байхад би яаж тэр чуулгатай, оркестртой хамтарч тоглолт хийх вэ дээ. Маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Тэд ч бас тоглолт хийснээрээ, тоглолтод оролцсоноороо хөлс мөнгөө авч амьдарч байгаа шүү дээ.

-Уран бүтээлчид ганц нэгээрээ чөлөөт уран бүтээлч гээд явж байхын оронд нэгдэж нийлээд ядаж нэг холбоо байгуулчихвал улс ч гэсэн арай дорвитой арга хэмжээ авах юм биш үү?
-Тийм цаг ирэх байх. Монголын хамгийн гэгээн хүмүүс бол урлагийнхан гэдэгт би итгэдэг. Цаг хугацааны шалгуураар гарч ирнэ.

Ж.Нарангэрэл


URL:

Сэтгэгдэл бичих