Хатаамал сүүний маргаан шинэ дарга О.Магнайгийн хийрхэл үү?
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шинэхэн даргатай болоод зарим сүүн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчдийг торгоно гэдгээ зарласан. “Мон фрэш”, “Сүү”, “АПУ” зэрэг компаниуд бүтээгдэхүүнийхээ гадна шошго дээр найрлагаас нь өөр худал мэдээлэл бичсэн нь иргэдийг төөрөгдүүлж байна гэж буруутгаж байгаа юм. Харин үндэсний үйлдвэрлэгчид үүнийг “шинэ дарга О.Магнайгийн хийрхэл” гэж нэрлэж байна. Савны гадна тал дээр бичсэн хэдэн үгний төлөө 10 сая төгрөгөөр торгоно гэсэн нь үндэсний үйлдвэрлэгчдийг хааж, боож байгаа гэсэн гомдол мэдүүлж байна. ШӨХТГ-аас дээрх компаниудад шошгоо өөрчлөхөд 10 хоногийн хугацаа өгсөн. Гэсэн ч ийм богино хугацаанд олон мянган хувь хэвлэгддэг сүү, таргийн хайрцагийг солих боломжгүй гэх хариуг үндэсний үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Хуурай сүүг хэрэглэдэг байж цэвэр сүү гэж бичсэн нь 10 сая төгрөгөөр торгох ноцтой зөрчил үү? Энэ талаар Монголын Хүнсчдийн Холбоо болон ШӨХТГ-ын хоёр талын байр суурийг хүргэж байна.
Жич: “Мон фрэш сүү” ХХК нь “Биеэ бодоорой”, “Цэвэр сүү” /500 мл/ нэрийн бүтээгдэхүүнээ мөн Шинэ-Зеланд улсаас импортолсон үнээний хатаамал сүүгээр үйлдвэрлэдэг боловч “Үнээний цэвэр сүү…” гэж, “АПУ” ХК нь “Цэвэр сүү” нэрийн сүүгээ Шинэ-Зеланд улсаас импортолсон үнээний хатаамал сүүгээр үйлдвэрлэдэг боловч шошгондоо “Монгол үнээний сүү…” гэж “Сүү” ХК нь “Жимстэй иогурт” нэрийн бүтээгдэхүүнээ үнээний хатаамал сүүгээр үйлдвэрлэдэг боловч “үнээний цэвэр сүү” гэж тус тус тэмдэглэсэн гэжээ.
Монголын Хүнсчдийн Холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Дамдинсүрэн: О.Магнай ажлаа мэдэхгүй сүржигнэж байна
- Монголчууд бол дөрвөн улиралтай, өвөрмөц уур амьсгалтай орон. Ийм нөхцөлд дан шингэн сүүгээр бүтээгдэхүүн хийнэ гэж байхгүй. Яахав, үйлдвэрүүд сав, баглаагаа өөрчилж болно. Гэхдээ “цэвэр”, “хатаасан” гэх зэрэг үг, үсгээр тоглож үндэсний үйлдвэрлэгчдээ боож, хааж сүржигнэх шаардлага байхгүй. Адилхан л үнээний сүү шүү дээ. Импортоор орж ирж байгаа шингэлсэн сүүндээ анхаарал тавихгүй байж дотоодын үйлдвэрлэгчдээ ийм зүйлээс болж торгоно гэж байгаа нь хийрхэл. Шинэ дарга О.Магнай юмаа мэдэхгүй байна гэж харж байна. Доор нь байгаа хүмүүс буруу юм зааж өгөөд, толгойг нь эргүүлээд байна. Тэгээд ч хуулинд цэвэр, хуурай сүү гэсэн нэр томъёо байдаггүй.
Улсын байцаагч Б.Хэрлэнчимэг: Том компаниуд хариуцлагаас мултрах гэж шинэ даргатай холбож байна
-Бид эдгээр компаниудад дөнгөж сая шалгалт хийгээд торгоно гэж байгаа юм биш. Өмнө нь 2009, 2010, 2011 онд ч шалгаж, шаардлага хүргүүлж байсан. Зарим компаниуд шошгоо өөрчилж болоод байхад “Мон фрэш”, “Сүү”, “АПУ” зэрэг компаниуд гурван жилийн дотор энэ зөрчлөө арилгахгүй байна. Үндэсний үйлдвэрлэгч, том компани гэхээр хуулиа биелүүлэхгүй гэсэн асуудал байхгүй шүү дээ. Шошго бол худалдаж авч байгаа хүний анхны мэдээлэл авах зүйл байдаг. Компаниуд бүтээгдэхүүн нь л чанартай байвал гаднах цаасан дээр юу ч гэж бичсэн болно гэсэн тайлбар тавьдаг. Энэ чинь иргэдийн үнэн бодит мэдээлэл авах эрхийг зөрчиж байна. Тэгээд ч тухайн хүн буруу шошгоос болж харшилтай бүтээгдэхүүн хэрэглэвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ гэсэн асуудал ч гардаг.
Тэрийгээ хууль зөрчсөн гэж ойлгойхгүй ШӨХТГ-ын нэр хүндийг унагаах гэж янз бүрийн эсэргүүцэл үзүүлж, хариуцлагаас мултрах янз бүрийн хандлага үргэлж гаргадаг. “АПУ”-гийн сүү гэхэд Шинэ Зеланд улсын импортын сүүгээр үйлдвэрлэдэг боловч шошго дээрээ монгол үнээний сүү гэж бичээд байгаа. Импортын сүүг монгол үнээний сүү гэж хэрэглэгчдийг төөрөгдүүлж болохгүй. Харин үүнийг шинэ даргатай холбож тайлбарлаж байгаа нь өөрсдийгөө хаацайлах гэсэн оролдлого гэж ойлгож байна.
URL: