Л.ЭРДЭНЧИМЭГ: ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТЫГ ДЭМЖИХГҮЙ БАЙСАН

УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Орон нутгийн сонгуу­лийн тухай шинэ хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгаж өгсөнгүй гэдэг шүүмжлэл бий?
-Энэ тал дээр нэлээд их шүүмжлэл ирснийг бид хүлээж авсан. Бид өөрсдөө энэ хуулийг боловсруулахад оролцсон. Эмэгтэйчүүдийн квотыг тусгаж хуульд оруулах асуудлаар нэлээд ярилцсан л даа. Хэлэлцүүлгүүд ч зохион байгуулсан. Өмнөх сонгуулиудаас судалгаа хийж үзсэн. Ер нь, орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр хувьтай явдаг юм билээ. 40-өөс дээш хувь нь эмэгтэйчүүд нэр дэвшдэг. Ялалт байгуулаад ИТХ-д ажил­лаж байгаа эмэгтэйчүүдийн тоо 30 хувь байна. Хэрэв бид орон нутгийн сонгуулийн хуульд квот тогтоовол 50 хувь гэж оруулна. Гэтэл 50 хувийн квот тавьж, хуульд оруулбал үнэхээр эрчүүд давамгайлсан энэ улс төрийн нөхцөл байдалд санал маань дэмжигдэхгүй унах магадлалтай. Санал унаад 30 хувиар тогтоолгочихвол нэр дэвшихэд 40 хувьдаа хүрдэг байдалд эргээд бэрхшээл учруулах юм байна гэж үзээд квот тавиагүй юм. Удахгүй орон нутгийн сонгууль болохоор олон эмэгтэй нэр дэвшиж, ялалт байгуулан гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Парламентад суух эмэг­тэй гишүүдийн тоо энэ удаа­­­гийн УИХ-д нэмэгдсэн. Гэх­­­дээ үүнийг НҮБ-аас хан­­­­­­­галттай бус гэж үзсэн байсан?
-Манай улсын хүн амын хүйсийн харьцаа 50:50 хувьтай байдаг. Тэгэхээр тэгш эрхт байдал төлөөлөлдөө хангагдаж чадахгүй байгаа гэсэн үг. УИХ-д есөн эмэгтэй гишүүн сонгогдоод ажиллаж буй нь өмнөхөөсөө ахицтай, давуу талтай болчихлоо, парламентын ги­шүүдийн 12 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэж байгаа. Гэвч олон улсын хэмжээнд авч үзвэл дунджид хүрэхэд яагаа ч үгүй байгаа юм. Олон улсын дундаж бол эмэгтэйчүүдийн оролцоо 20 хувь байдаг. Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны хувь 30-40 байдаг жишээтэй. Үүнтэй харьцуулаад үзэхэд Монгол Улс нэлээн доогуур яваа. НҮБ-аас шийдвэр гаргах төв­шинд эмэгтэйчүүдийн орол­цооны хувь бага байна гэдгийг ардчилал тийм ч сайнгүй байна гэж үздэг. Тиймээс энэ талд маш олон арга хэмжээ авч ажиллах ёстой.
-Жендэр гэдгийг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ойлгодог?
-Жендэр гэдэг эмэгтэйчүүдийн асуудал биш, хүйсийн тэгш байдлын тухай юм. Жендэрийн тэгш байдлын тухай хууль бол Монгол Улсын өнцөг булан бүрт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаа тэгш байх ёстой гэсэн үг. Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүдийн хүйсийн харьцаа алдагдсан салбар бий. Жишээлбэл, уул уурхайн салбарт 80-90 хувь нь зөвхөн эрэгтэйчүүд ажиллаж байна. Эрчүүд маань гадаад руу олноороо ажиллах хүч болон гарч байна. Боловсролын салбарт эрэгтэй багш нар цөөн, эмч нар дунд ч мөн эрчүүд цөөн ажилладаг. Энэ нь нөгөө талдаа эрчүүдийн жендэрийн асуудлыг ярих болж, харьцаа алдагдсан байна гэж үзэх болж байгаа юм. Бүх шатанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг хангуулахын төлөө Жендэрийн тэгш байд­­лын тухай хуулийг бат­­­луул­сан. Шат шатандаа үүнийг хэрэгжүүлэхийн төлөө Зас­­­­гийн газартай хамтарч ажил­лахаар НҮБ-ын Хүн амын сан болон Жендэрийн үн­дэс­­ний хороо, УИХ-ын эмэг­­­тэй гишүүдийн бүлэг, Мон­голын эмэгтэйчүүдийн Тө­рийн бус байгууллага хам­тарч хэлэлцүүлэг зохион байгууллаа.
-Орон нутагт Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах байгууллага бий юү. Жен­дэрийн үндэсний хороо бүх аймагт хүрч ажиллаж чадах болов уу?
-Улс орон даяар Жендэрийн тэгш байдлын тухай хэрэгжүүлэхийн тулд аймагт гэхэд Засаг даргын харьяанд жендэрийн асуудал хариуцсан хүн ажиллах ёстой болоод байна. Эсвэл Засаг дарга өөрөө хариуцлагаа хүлээгээд орон нутаг дахь эрх тэгш байдлыг бүрэн хариуцаж байх ёстой. Яаманд гэхэд сайдын хариуцлагын дотор жендэрийн эрх тэгш байдлын тухай асуудал орсон байх ёстой юм. Монгол Улсын хэмжээнд энэ асуудлыг хэн хариуцаж, хуулийг хэрэгжүүлэх юм бэ гэдгийг үндэсний механизм байх учиртай гэж үзэж байгаа.
-Саяхан Тайландад НҮБ-ын жендэрийн асуудлаархи олон улсын хуралд УИХ-ын эмэгтэй гишүүд орол­цоод ирсэн гэсэн. Ху­ралд Монгол Улсыг шийдвэр гаргах төвшний эмэгтэйчүүдийн оролцооны 12 хувийг нэмэгдүүлэхэд ямар зөвлөмж өгсөн бэ?
-Ази номхон далайн орнуудын хэмжээнд эмэгтэй­чүүдийн оролцоо шийдвэр гаргах төвшинд маш бага байгаа орнуудыг цуглуулж, НҮБ Тайланд улсад зөвлөлгөөн зохион байгуулсан. Монгол Улсын эмэгтэйчүүдийн орол­цоо 12 хувьтай байгааг дэндүү доогуур хувьтай байна гэж үзсэн. 2016 онд парламентад орж ирэх эмэгтэйчүүдийн хувийг ядаж 30 хувьд хүргэсэн байх ёстой. Энэ нь зөвхөн НҮБ-аас өгөөд байгаа зөвлөмж ч биш. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтдоо оруулсан байгаа томоохон зорилтын нэг шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн жилийн хугацаанд маш олон асуудлыг шийдэж гаргаж ирэх хэрэгтэй байгаа. Өнөөдөр яагаад шийдвэр гаргах төв­шинд эмэгтэйчүүдийн орол­цоо муу байна вэ гэвэл сон­­гогчид эмэгтэйчүүдийг сонгохгүй байгаадаа биш. Улс төрийн намууд дотроосоо эмэгтэйчүүдийг гаргаж ирж, нэр дэвших нь маш олон хүнд хэцүү даваатай бай­дагтай холбоотой. Маш хүнд нөхцөлүүдийг давж эмэгтэйчүүд гарч ирдэг учраас шийдвэр гаргах төвшинд бага хувьтай байгаа. Тиймээс сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, квотыг нэмэх аргаар эмэгтэйчүүдийн оролцоог нэмнэ. Пропорциональ талыг илүү сайжруулах арга хэмжээг авах ёстой. Ингэж байж эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм байна гэдгийг олон улсын зөвлөлгөөний үеэр мэдэж ирлээ. Үүнийгээ ажил хэрэг болгоно.

Ардчилал


URL:

Сэтгэгдэл бичих