Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс “Хүнс хангамж” компани “идэж” байжээ

УИХ-ын хэсэг гишүүн үүнийг илрүүлсэн байна. Энэ оны төсвийн тодотголоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнд зориулах зардлыг 50 хувиар нэмж, 7.5 тэрбум төгрөг баталсан юм. Улмаар нэг хүүхдэд ногдох хоолны зардал 1100-1600 төгрөг болж өсөж буй аж. Баталсан шийдвэрийнхээ хүрээнд Л.Эрдэнэчимэг тэргүүтэй хэсэг гишүүн цэцэрлэгүүдээр ажиллаж, судалгаа хийгээд дээрх зөрчлийг илрүүлсэн юм байна. Тэрбээр өчигдөр энэ тухайгаа мэдээлэв.

Нийслэлийн хэмжээний цэцэрлэгүүдийн хоол хүнсийг орон нутгийн төрийн өмчийн харьяалалтай “Хүнс хангамж” компани хариуцдаг гэнэ. Гэтэл судалгааны явцад уг компани хүнсээ зах зээлийн үнээс 20-30 хувь илүү өртгөөр цэцэрлэгүүдэд нийлүүлж, хүүхдэд зориулсан хоолны мөнгөнөөс завшиж байсан аж. Тухайлбал, өнөөдөр нэг кг хонины мах зах дээр 5600 төгрөг байхад дээрх компани цэцэрлэгүүдэд 7000 төгрөгөөр нийлүүлсэн байна. Тэгээд ч нийслэлийн хэмжээний бүх цэцэрлэгийн хүнсийг ганцхан компани “атгадаг” нь цаанаа ямар нэг өөр ашиг сонирхолтой, шахааны бизнес байж болзошгүй хэмээн хардаж буйгаа эрхэм гишүүн дуулгасан. Улмаар уг компанийг шалгуулах, мөн социализмын үеийн төвл өрсөн төлөвлөгөөт эдийн засгийн энэ системийг өөрчлөх асуудлыг гишүүд хөндөх гэнэ.

Цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлэх компанийг нээлттэй тендерээр шалгаруулах ёстой гэж тэр үзэж байна. Хэдийгээр цэцэрлэгийн хүүхдийн хоолонд зориулах төсвийг УИХ нэмсэн ч энэ мэтээр дундаас нь завшигчид байгааг тэр ярилаа. Мөн гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нар “Хүүхэд харах төв” байгуулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Энэ талаар Л.Эрдэнэчимэг “Манай улсад цэцэрлэгийн насны 210 мянган хүүхэд байгаа ч 80 гаруй мянга нь гэртээ байна. Тэднийг бүрэн хамруулах цэцэрлэг барихад 1.8 их наяд төгрөг шаардлагатай. Энэ асуудлыг зөвхөн цэцэрлэг барих замаар ойрын 10 жилдээ шийдэж чадахгүй. Тиймээс олон улсад ашигладаг цөөн тооны хүүхдийг хамруулсан гэрийн багшийн тогтолцоо бий болгохоор төс өлд тусгасан.

Хүүхдээ харж суугаа ээжүүдийг 14 хоногийн сургалтад хамруулаад хүүхдэд хэрхэн боловсрол олгохыг заана. Мэдээж хүүхдэд багшлах гэж буй ээжүүдэд байр орон сууц гэх мэт шаардлага тавина. Ингэснээр цэцэрлэгийн өмнөх боловсролоос гээгдэж буй хүүхдүүдийн асуудлыг шийдэх боломжтой” гэлээ.

 

С.УУЛ


URL:

Сэтгэгдэл бичих