УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД

МАН-ын 400 орчим гишүүн хэд хоногийн өмнө МАХН руу урвасан бол МАХН-ын зарим гишүүн МАН-д элсэнэ гэдгээ өчигдөр эрс шийдэмгий мэдэгдлээ. МАХН-д шударга ёс алдагдсан, удирдлагууд нь албан тушаал эрх мэдлийн араас хөөцөлдөж, эгэл жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсохгүй байгаа нь тэднийг ийм сонголт хийхэд хүргэжээ. Залуу гишүүд нь үнэхээр удирдлагууддаа гомдсондоо ийм шийдвэр гаргав уу, эсвэл хэн нэгний хатгаасаар гомдсон дүр эсгэв үү гэдэг нь ч анхаарал татаж байна.

МАХН-ын гишүүн М.Үүр­цайх “Улс төрийн хүчнүүдээс хамгийн сайн ши­нэчлэгдэж байгаа нь МАН. Тиймээс энэ намд элсэнэ. Эхний ээлжинд намын гишүүнчлэлээс гарах өргөдлөө өгнө. Бусад залуусыг ч ийм сонголт хийгээсэй гэж уриалж байна. “Шударга ёс” эв нэгдлийн төлөө гэж уриалж байсан учир энэ намд 2012 оны зургадугаар сард элссэн. Гэвч бодит байдал дээр энэ намын удирдлагууд шударга ёсны төлөө явж чадахгүй байгаа. Шоронд орсон даргыгаа гэхийн оронд хувийн амбийц, эрх ашгаа дээгүүрт тавьж, ах дүү хамаатан саднаа төрийн албанд шургалуулахын төлөө ажиллаж байна. Эгэл жирийн гишүүд нь үүнийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлэн үгээ хэлэх гэтэл ерөөсөө авч хэлэлцэхгүй, тоохгүй юм” хэмээн МАН-д элсэх болсон шалт­гаанаа тайлбарлалаа. Хэдхэн хүн албан тушаал горь­дож, МАН-аас урван МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Гэтэл үүнийг манай нам 200, 300 гишүүн элсүүллээ гэж дэгсдүүлж байгаа тухай ч залуус цухуйлгаад авлаа. Тэднийг ингэж хэвлэлийнхэнд ярьж байх үед МАХН-ынхан орж ирэн “Та нар манай намынх биш шүү дээ. Батлахыг чинь үзье” гэж хэвлэлийн бага хурлыг үймүүлж орхив. М.Үүрцайх, П.Лхагважав нар ч “Хувь хүний үүднээс үзэл бодлоо илэрхийлж байна” гээд намынхаа үнэмлэхээ үзүүлж шалгууллаа. Энэ зуур бусад нь МАХН-ын “атаман” өвөө, эмээ нараасаа зугтаж, хэвлэлийн хурлын танхимаас гарч одов. Өөрсдийгөө МАХН-аас МАН руу урваж байгаа гэх залуусаас “Та нарт намын батлах байгаа юу” гэхэд “Бид нам бус. Зүгээр л хэвлэлийн хуралд оролцох гэж ирсэн” гэлээ.
МАХН-ын Хяналт шалгалт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням “Батлах нь ч манай намынх мөн. Сонгуулийн үеэр л олж аваа биз” гэж дүгнэлээ. Харин МАХН-ын Залуучуудын холбооны дарга “Манай холбоо 3000 орчим гишүүнтэй. Энд ирсэн залуус манай холбооных биш. Би анх удаа харж байна” гэсэн тайлбар хийв. Тэд МАН-ын 400 орчим гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн учир зориудаар ийм үйлдэл зохион байгуулж байгааг үгүйсгэхгүй гэж байлаа. Юутай ч, дээрх залуусын хийсэн мэдээлэл МАХН-ынхныг багагүй сандаргав бололтой.
МАН, МАХН хоёр нэг угшилтай. Гэхдээ сүүлийн үед МАН-ын гишүүдээс МАХН руу урвах нь олширч буй. Гишүүдийнхээ олонхийг МАХН-д алдах вий гэсэндээ дээрх жүжгийг МАН-ынхан найруулсан ч байх магадлалтай. Үзэл бодол нь төлөвшөөгүй залуусыг утсан хүүхэлдэй болгож, нийгмийн сэтгэл зүйд бага ч атугай нөлөөлөх гэсэн оролдлого гэж хэлж болох нь.
Нөгөө талаас олноор нь хоморголон намд элсүүлж, бат илэрхийлэх хүчээр шахуу гардуулдаг хуучин нийгмийн үеийн арга барилаасаа энэ хоёр нам хоёулаа салаагүй л байна. Монголд МАН, МАХН-аас өөр нам ингэж олон хүнийг нэг дор элсүүлж шоуддаггүй. Одоо бүр хэн нь хэнийхээ намд элсээд, юу болоод байгаа нь мэдэгдэхгүй бужигнаж эхэллээ. Энэ нь мэдээж, орон нутгийн сонгууль дөхөж, намууд ээлжит пиараа хийж буй байдал. Хоорондоо тэрсэлдсэн намынхаа дарга нарын өмнөөс залуучууд маань нүүрээ улалзуулж, ичих ч үгүй худал ярьж, нөгөөдүүл нь гэмтнийг барьсан баатар мэт дүрд тоглож буйг харахад эмгэнэлтэй ч гэмээр. Улс төрийн ашиг сонирхол гэдэг залуу хойч үеийг хэдэн төгрөгийн төлөө юу ч хийхээс буцахааргүй байдалд оруулж байгаа нь даанч харамсалтай.

ardchilal


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих