“Эрдэнэс Таван толгой”-гоос их зүйл хүлээх хэрэг байна уу

-ОРОН НУТГИЙН “ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСООД ЗУРГААН САР БОЛЖЭЭ-

Өмнөговь аймгийн Цогт­­цэций суманд хөл тавих болгонд Хан Хэнтий нутгийн нэрт найрагч Р.Чой­номын  “Унаган насаа ахих бүр Улсын мунхгийг ажих бүр Уур минь аяндаа асаж байна. Эрийгээ үхсэний мар­гааш өөр хүнтэй банзалдсан эмийн шинжтэй манай төр” гэсэн дүрэлзсэн мөрүүд бо­догдоод байдаг юм. Та­ван толгойд  ирэх бүртээ төр засгийн арчаагүйг хараад уур минь хүрэх болов. Хувийн хэвшлийн­хэн хурдан морь уначих­сан мэт урагшилж бай­хад төрийн өмчит компа­ниуд илжиг уначихсан мэт явж ядах нь мэдрэгдэнэ.

Сэтгүүлч миний бие Цогтцэций суманд таван удаа ирсэн байдаг юм. Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой”-н бүтээн бай­гуу­лалтыг олон тү­мэнд эхнээс нь мэдээлэх гэж шүү дээ. Тэгээд ч Мон­голын ард түмэн “Эрдэ­нэс-Таван толгой” компа­нийн 536 ширхэг хувьцаа­тай болчихсон учраас  уурхайн үйл ажиллагаа бидэнд хамааралтай болсон.

Дэлхийн зах зээл дээр хувь­цааны үнэ хэлбэлзэхээс ха­маарч нэг өрх жилдээ арав гаруй мянган ам.доллар хүртээд байх болол­цоотой гэдгийг өнөөгийн улстөр­чид хэлдэг. Айлын тогоо өнгий­сөн хүүхэд адил ард түмэн Таван тол­гой­­гоос  хувь хүртэх гээд хүлээж суугаа билээ. Ингээд Цогтцэций суманд хийсэн сурвалжлагаа хүр­гэж байна.

tawan tolgoiСУМЫН ХҮН АМ ӨСДӨГГҮЙН УЧИР

Одоогоос гурван жилийн өмнө Цогтцэций сум 15 мянган хүн амтай гэж байлаа. Харин энэ тоо өдгөө хоёр дахин өссөн сураг бай­гаа юм. Гэхдээ энэ тоо албан бус. Харин сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан статистикаар 4000 хүн амтай гэсэн тооцоо бай­даг юм. Сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх “Манай суманд өдөрт 200 хүн ирдэг” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тийм байтал 2000 онд 2000 гаруй хүн амтай байсан сумын хүн яагаад өсөхгүй байна вэ. Үүний цаана нэг “но” бий.

Таван толгой жил болгон нутгийн иргэн бүрт “Нутгийн хишиг” гэж тавин мянган төгрөг тараадаг. Сүүлийн хоёр гурван жил зав­сарлаад байсан “Нутгийн хишиг” сонгуулийн өмнөхөн 200 мянга  болоод олгогдсон. Хэрвээ 30 мян­ган хүнд 200 мянган төгрөг олговол хувьцаа эзэмшигч нарт юу ч үлдэх­гүй. Тийм учраас хүн амын тоог өсгөхгүй бариад байдаг болов уу гэсэн хар төрөөд байдаг юм.

Өнөөдөр цэцэрлэгт 180, сур­гуульд 800 гаруй хүүхэд суралцаж байна. Энэ тооноос харахад хам­гийн хурдацтай хөгжиж буй сумын иргэд дөрвөн мянган хүн амтай гэхэд хэн итгэх вэ дээ. Гурван жилийн өмнө дөрвөн зочид буу­далтай байсан бол одоо хорь гаруй зочид буудал тогтмол үйл ажил­лагаа явуулж байна. Энэ бүхнийг иргэд мөнгөө гаргаад барьж бүтээж байгаа юм.

ЗАСАГ ДАРГА Г.ЦОГ-ӨРНӨХ ГАЗАР НАЙМААЛДАГ УУ

Аж ахуйн нэгж иргэдэд тулгарч буй гол бэрхшээл бол газар. Цогт­цэций сум дээр хоосон хашаа арван саяас буухгүй. Газрын най­маачид аль хэдийнэ бий болчих­сон. Иргэд “Гурван жил хашааны газар хөөцөлдөөд бүтэхгүй байна. Засаг дарга Г.Цог-Өрнөх “Манай сумын төлөвлөлтийн зураг Засгийн газраас ирээгүй учраас газар олгох­­гүй гэдэг” хэмээн ярьж байгаа юм. Тэгсэн байтал наймаачид газрын зөвшөөрөл авч зарсаар байгаа юм билээ.

Тус сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх өндөр боловсролтой, эрдэм­тэн доктор гэж ярьдаг. Тийм атлаа газрын наймаанаас хол явж чадсангүй. Өнгөрсөн жил газрын наймааны асуудалд холбогдон шоронд хүртэл суугаад авсан аж. Засаг дарга Г.Цог-Өрнөх “Засгийн газраас иргэдэд газар олголтыг зөвшөөрөхгүй байна” гэх атлаа  дуудлага худалдаа зохион бай­гуулдаг аж.

Дуудлага худалдаагаар шата­хуун түгээх газар 505, кэмп барих газар 800 сая төгрөгөөр зарагд­сан. Гэтэл зарим нэг компаниудад  “Сон­гон шалгаруулалт” гэсэн нэрийн дор баахан газар үнэ төлбөргүй олгочихоод байгаа юм. Сонгон шалгаруулалтын цаана авлига байхгүй гэхэд хэн итгэх юм бэ. Хөрөнгө чинээ ихтэй компаниуд  газар аваад цааш зарж байгаа юм билээ. Мөн Цогтцэций суманд нүүрс тээвэрлэлтийн 100 гаруй компани кэмп байгуулаад үйл ажил­­­лагаагаа явуулж байна. Эдгээр компаниуд ямар замаар газар авсан нь тодорхойгүй.

Сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх “Манайх шиг 200 жиптэй сум Мон­гол Улсад байхгүй” хэмээн ярилц­лага өгч байсан байдаг юм. Үнэн­дээ энэ нөхөр нэг ч жийп иргэдэд авч өгөөгүй шүү дээ. Харин өөрөө төсвийн хөрөнгөөр “Ланд круйзер-105″ унадаг байснаа болиод  өдгөө “Лексус-470″ унадаг болчихсон сурагтай. Гэр нь Улаанбаатар хотод байдаг учраас Цогтцэций суманд бараг ирдэггүй гэхэд болно. Сэтгүүлч миний бие таван удаа ирэхдээ нэг ч удаа уулзаж чадаа­гүй. Ганц нэг удаа утсаар ярьж байсан юм.

Сумын захиргааны ажилчид өглөөгүүр очиход “Засаг дарга энд бий. Үдээс хойш л ирэх байх” гэж худлаа хэлнэ. Ингэж худлаа хэлэхийг заадаг юм уу, нөгөөдүүл нь одоо хэлээд сурчихсан болол­той. Долоо хоног бүр хот руу хоёр гурав хоногоор алга болно. Зарим­даа сараар ч сураг чимээгүй явчих­даг байх юм. 600 км зайтай Улаан­баатараас ажилдаа ирдэг юм билээ. Ихэнхдээ “Энержи ресурс” компанийн онгоцоор нисдэг аж. Түүнийг Цогтцэций сумаас сураг­ласнаас Улаанбаатар хотоос эрсэн нь дээр. Уулзъя гэвэл Хан-Уул дүүрэгт байрлах “Ажнай” компани  хавиас олдох юм билээ.

Технологийн дэвшил ашиглаад ажлаа утсаар  хийдэг Г.Цог-Өрнөх Цогтцэций суманд улстөрчид  бо­лон шалгалтынхан ирсэн үед л ажил дээрээ ирдэг сурагтай.  Хө­рөнгө мөнгөтэй болчихсон учраас Улаанбаатараас ажилдаа ирж очдог Г.Цог-Өрнөх ичдэггүй л хүний нэг. Засаг даргын тамгын газар нь нурах гэж буй нэг давхар байшинд олон жилийн нүүр үзсэн. Шал нь цоороод шороо пургисан  байшин­гаа өөд татдаггүй байсан юмдаг.

Харин энэ жил төсвөөс хөрөнгө гаргаад Засаг даргын Тамгын газар нүүр улайхааргүй ажлын байртай болсон байв. Ажилдаа ирдэггүй, ард түмнээ хайрладаггүй Засаг дарга гэдгээ харуулчихаад байна тэр. Тэгээд ч сумын төв улаан тоосон дунд сүүмэлзэж үзэгдэнэ. Ядахдаа сумын төвөөрөө засмал зам тавь­чихаж болно шүү дээ. Дөрвөн зүг рүүгээ арван км зам тавихад болох асуудал. Бас хө­рөнгө мөнгө байх­гүй яриад суух байх. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь хандивлагчдын өгсөн мөнгийг өөрөө идэлгүйгээр  хурааж байгаад Баруун-Урт су­манд засмал зам тавьчихсан байна лээ.

Түүнтэй адил уурхайн зүгээс Цогтцэций суманд ил тод 600 сая төгрөгийн хандив өгдөг. Тэр нь хаашаа юунд орсон нь тодорхойгүй алга болдог юм билээ. АН-аас сонгогд­сон Цогтцэций сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх сайн ажиллах­гүй бай­на. Харин иргэд энэ сумыг өнгөтэй өөдтэй харагдуулах гэж чармайж буй нь илт. Олон өрөөтэй орон сууц, дэлгүүр, цайны газрыг иргэд л босгож байна. “Цогтцэций су­манд удахгүй том үйлдвэр, олон зуун мянган хүнтэй хот босно. Түүнээс өмнө газар авах хэрэгтэй, дэлгүүр барих нь зүйтэй” гэцгээж байгаа юм. Энэ зөн совиндоо итгэн банк­наас хүртэл зээл аваад газар худалдан авч барилга барьцгааж байна.

БНХАУ-ын төмөрлөгийн үйлд­вэрүүд Таван толгойгоос авах нүүрсний хэмжээг багасгалаа гэсэн мэдээлэл иргэдийг түгшээсэн бай­на. Зарим нэг иргэд зочид буудал, дэлгүүр, халуун усны газар барих ажлаа түр зогсоо­чихсон байна. Малчин хүн цаг агаарын мэдээнээ сонсоод мал­даа явдаг гэдэг шиг Цогтцэций сумын иргэд дэлхийн зах зээлийн хямрал, нүүрсний экс­пор­тын хэтийн төлөвийн талаар ярилцаж байна лээ. Тэгэхээр Цогт­цэций сумын иргэд дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг ярьж буйг даяарчлал гэх байх шүү.

Үргэлжлэл бий

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих