Н.Алтанхуяг Монголыг аврах уу

Энэхүү нийтлэлийнхээ өмнө удирдах хүн ямар байдаг талаар бяцхан мэдээлэл хүргэе гэж бодлоо. Цахим хуудсаар аялж байгаад удирдагч хүн гэж хэнийг хэлдэг болох, бусдыг удирдахын тулд ямар чадвар эзэмшсэн байх ёстойг тодорхой тайлбарлажээ.

“Удирдах ухаан хүн бүрт заяасан байдаг. Өөрийгөө удирдахаас эхлээд өрх гэр, хамт олон, хамаг улсаа удирдах хүртэл. Хөгжсөн хөгжөөгүйгээрээ л ялгаатай юм. Удирдах ухаанаа авьяас, чадвар болтол нь хөгжүүлэхэд хүн өөрөө ч хичээж, хүмүүс ч түүнд тусласаар ирсний хүчинд хүн төрөлхтөн түүхнээ мөнхөрсөн өдий төдий удирдагчийг төрүүлж, бас төрж байжээ. Удирдах ухааны өөрөө сурах бичиг нь амьдрал, хүмүүс юм. Сайн удирдагч хүн маш олон чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Удирдагч нь дараах чадваруудыг эзэмших хэрэгтэй байдаг. Хүн чанар, ёс зүйтэй, ам, ажил нь зөрдөггүй, яагаад гэдгийг үргэлж мэддэг, эрх мэдэл, нөлөөгөө цагаа олж, зөв ашигладаг байх ёстой. Хүмүүстэй харилцах чадвар, бусдыг ойлгох, илэн далангүй байх, дотно найрсаг үгс, урам зориг ба санаачлагатай байх, ажил бүр чухал, хүмүүсийг хүндэл, хүмүүсийн нэрийг тогтоо” хэмээн томъёолсон нь энгийн мөртлөө их л чухал зан чанаруудыг багтааж.

Манай улсын гол удирдагч болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт энэ зан чанараас хэд нь байгааг тоолж үзэхийг уншигчдад үлдээе. Харин Ерөнхий сайдын удирдах чанарыг жигнэж үзье. “Тун хангалттай” эсвэл “хангалтгүй” гэх зэргээр эцсийн дүн тавих арай эрт байгаа ч сануулахад илүүдэх юун. Хамгийн наад зах нь ам, ажил хоёр нь зөрдөггүй байх гэсэн энгийн чанар эрхэм Ерөнхий сайдад байхгүй байна. Оновчтой, оновчгүй томилгоо хийж орон тоог нэмэгдүүлсэн, томилсон сайдуудтайгаа хамтран ах дүүгийн томилгоог төрийн байгууллагад хийсэн гээд сайнаасаа илүүтэй саар зүйлийг олон сонсгох болсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тойрсон санал, шүүмжлэл өвсөнд тавьсан түймэр шиг хурдан тархаж байна. УИХ-ын сонгуулиас хойш хийж гийгүүлсэн ажил нь гэвэл халаа, сэлгээ томилгоо.

Сайн удирдагч байж чадахгүй ч сайн менежер хийж чадах байх гэсэн намын гишүүдийнх нь итгэл юу болох бол. Бүү л алдаасай. Бүр намынх нь нөхдүүд засгийн удирдлагыг түүнд атгуулахыг хүсэхгүй байсан ч сонгуульд штаб ахалж орсон намын даргаа Ерөнхий сайдаар тавихгүй бол Ардчилсан нам өөрөө “тэнэг” байдалтай харагдах байсан учраас зайлшгүй сонголт хийсэн гэдгийг журмын нөхөд нь ярилцдаг юм билээ. Ямартаа ч цаашаа харсныг нь нааш эргүүлэх маягаар тун сайн зохион байгуулагч хийж чадсанаар Засгийн газар хэмээн том бялууг үртэс ч үлдээхгүй эв нэгдэлтэйгээр хуваарилж чадлаа. Харин одоо юу хийхийг нь ард түмэн хүлээж байна.

Төрийн ордныг нээлттэй болгосон шигээ хурдан ажиллахыг л хүсч байна. Хэлсэн үг нь цаасан дээр бууснаас өөр хийж гийгүүлсэн зүйлгүй байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүний дэргэд хотын дарга ч харин шинэчлэл гэгчийг үлгэр жишээ үзүүлж байна. Ажлаа мэдэхгүй, ангайж суусан нөхдүүд Э.Бат-Үүл даргаас эмээх болж. Явган хүний зам, орц гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага, ундны усны эх үүсвэрийн орчимд олгосон газрын болон барилгын зөвшөөрлыг хүчингүй болгох, нийслэлийн инженерийн шугам сүлжээний байгууламж дээр хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг өөрчлөлтийг яаж хийдэг вэ гэдгийг Үүл баатар харуулсаар. Оновчгүй томилгооны нэг гэгдэж байсан ШӨХТГ-ын дарга болсон О.Магнай харин шинэчилж чадна гэдгээ харуулж эхлэв.

Болоо ш дээ гэж ард түмэн түүнийг үнэлж эхэллээ. Засгийн хийж чадаагүй асуудлыг ганцхан өдрийн дотор шийдэж бүр ажилтнуудаа шалгуулахаар АТГ-т хандав. Гар утасны төлбөрөө секундынх нь хэмжээгээр төлж. монгол үнээний гэх нэртэй “хуурай сүү” уудаг байсан амьдрал О.Магнайгийн ачаар түүх болж үлдэх нь ээ. Өмнөх Засгийн газрын бантан хутгаж хаясан шатахуун импортлогч компаниудад тавьсан 17 тэрбум төгрөгийн торгуулийн асуудлыг бас гаргаж ирлээ. Нэр нь сүртэй ч хийж гийгүүлсэн зүйлгүй байсан жижигхэн газрын үйл ажиллагааг зөв талаас нь эхэлж байгаа О.Магнайгаас суралцаач гэж хэлмээр байна, зарим нөхдөд. Энэ бүхнийг нуршаад байгаа нь идэвхгүй, сулбагар тэргүүнтэй байвал энэ улс цаашаа яаж хөгжинө дөө хэмээх ард түмний хөндүүрлэлээс үүдэлтэй.

Н.Алтанхуяг Монголыг аврах уу, яах бол гэсэн хүлээлт хаа сайгүй байна. Авраач гэж хүсч байна. Шинэчлэл гэдэг үгэнд хэтэрхий “хайр зарласан” ч улс орны эдийн засаг, улстөрийн салбарт сүйдтэй шинэчилсэн ажил одоогоор мэдрэгдэхгүй байна. Улс орны амьдрал өнөөх л бахь байдгаараа салан, задгай байна. Хэтэрхий хавтгайрсан халамжаа зоригтойхон үгүй хийж, хүмүүсийг ажилтай болгох ажлаа эхлээч. Ард түмнийг мөнгөөр хуурдаг сулбагар удирдагчтай байсны гайгаар өмнөх засгийн үед Хүний хөгжил сан гэгчээр хэчнээн тэрбум төгрөг тараасан билээ дээ. Тэр аймшигтай их мөнгөөр 400 үйлдвэр барих байсан гэсэн судалгаа гарсан байх юм. Хайран ч мөнгө. Гэтэл энэ их мөнгө ердөө импортоор орж ирсэн индүү, зурагтханаар солигдож гадныхны халаасыг түнтийлгээд дууссан гэхээр уур ч хүрэх шиг. 400 үйлдвэрт хэдэн зуун мянган хүн ажилтай болох байсан бол гэж бодохоор өөрийн эрхгүй сайн удирдагчийг хүсээд байгаа юм. Тийм удирдагчтай болбол ард түмэн нь ажилтай болж, улс маань хөгжих учиртай. Үнэхээр “Айхтар сайхан ярьдаг л хүүхэд байна. Амласнаа биелүүлээсэй” хэмээн ард түмэн залбирч суугаа нь мэдээж. Тэгэхээр үргүй зардал, үл биелэх амлалт өгөхөөсөө илүүтэй сайн удирдагч байж, шийдвэртэй хөдөлдөг гэдгээ харуулмаар байна даа, Ерөнхий сайд аа. Сайн удирдагч хүн сайхан ярьдаг байх ч бас ажлаа мэддэг байх гэдгийг нийтлэлийнхээ эхэнд жагсаачихсан болохоор их хянамгай уншаад болж өгвөл тэмдэглээд аваарай.


URL:

Сэтгэгдэл бичих