Ц.Элбэгдоржийн үнэн нүүр царай буюу Н.Энхбаярын хэрэг
АНУ-ын “Форбс” сэтгүүлийн хуудаснаа улс төрийн тоймч Д.Шоэн бичихдээ, манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг НҮБ-ын Ерөнхий чуулганы 67 дугаар хуралдааны индэр дээрээс үг хэлэхдээ бодит байдлаас дэндүү зөрсөн түүх хүүрнэсэн гэж шүүмжилжээ. Тэрбээр Д.Элбэгдоржийг ардчиллын шилжилтийн гол зорилтуудын нэг нь хуульд захирагдсан нийгэм байгуулах явдал, ардчиллын гол зарчим бол хуулиас дээгүүр нэг ч хүн байх ёсгүй явдал бөгөөд үүнд энгийн иргэдээс өгсүүлээд төр, засгийн албан тушаалтнууд ч хамаарах учиртайг олон дахин онцлон тэмдэглэснийг ч дурдсан. Түүнчлэн Ц.Элбэгдоржийн удирдлаган дор Монгол гагцхүү хуулийг дээдлэн авилга, хээл хахуультай хатуу тэмцэж байгаад ихээхэн эргэлзжээ. Д.Шоэн цааш нь бичихдээ “Экс-Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улс төрийн шалтгаанаар шүүж, улмаар хорьсон явдлыг сөхвөл Д.Элбэгдоржийн сүржин мэдэгдлүүд үнэнд нийцэхгүй болох нь харагдана. Н.Энхбаярыг шүүх ажиллагааны турш шүүгчид баримтуудаар тоглож, гол гэрчүүдээс мэдүүлэг авалгүйгээр яллах шийдвэрээ гаргасан юм. Энэ нь тус улсын шүүх засаглалд бие даасан байдал хэрхэн дутагдаж буйг яруу тодоор харуулсан.
Ер нь энэ хэргийг Ц.Элбэгдоржийн санаачилгаар сөхсөн гэдэг эргэлзээгүй. Энэ нь өнгөрсөн УИХ-ын сонгуульд намдаа ялалт авчрах түүний стратегийн нэг хэсэг болсон ч гэж үзэж болохоор. Н.Энхбаяр бол Ц.Элбэгдоржийн хувьд улс төрийн хамгийн аюултай өрсөлдөгч. Иймд Ц.Элбэгдорж түүнийг ямар ч хамаагүй аргаар, бүр Монголын ардчиллын үнэт зүйлсийг огоорон байж улс төрийн талбараас зайлуулах санаархалтай талаар би урьд нь ч бичиж байлаа. Ц.Элбэгдорж НҮБ болон Харвардын их сургуульд тавьсан илтгэлүүддээ Монголыг дорно дахины ардчиллын зангуу гэж тодорхойлсон. Гэтэл хэрэг дээрээ тэрбээр Н.Энхбаярыг шударгаар шүүх сонирхолгүйгээр үл барам улс орныхоо хууль дүрмийг ч сахих бодолгүй байх шиг. Ц.Элбэгдорж дэлхий нийтэд Монголыг эрх чөлөөний өнөө цагийн манлайлагч гэж үргэлжлүүлэн ярьж байгаа энэ үед түүний дэглэмийн үеийн авилгыг ил гаргах тал дээр бид тэмцэх шаардлагатай” гэсэн байна.
URL: