Үр хүүхдийн минь нэрээр үргүй зардал гаргах нь
Хүүхдийн мөнгө хөөрхөн бизнес болох нь
Хүүхдийн мөнгийг ирэх сараас олгох тухай Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч энэ нь цаанаа бизнесийн хөөрхөн ашиг дагуулах бололтой. Өөрөөр хэлбэл, үр хүүхдийн маань нэрээр үргүй зардал гаргах нь.
Учир нь Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргахдаа “Хүний хөгжил сангаас Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2012 оны аравдугаар сарын 1-нээс олгохоор болж, уг ажлыг зохион байгуулах, мөнгө олгох арилжааны банкийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгав” гэсэн байдаг.
Мөн хүүхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх, хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гарган ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгажээ.
Төсөв алдагдалтай байна гээд байгаа хэрнээ хүүхдийн мөнгө олгоход зориулан 154,8 сая төгрөг зарлагадах нь. Түүгээр ч зогсохгүй 0-18 хүртэлх насны хүүхдийн тоог дахин гаргах бүртгэл хийх аж.
Ямар их хөрөнгө мөнгөтэй, яасан хийх зүйлгүй хүмүүс гэхээрээ нэг ажлыг жилд хэд дахин хийгээд байдаг юм бол. Өнгөрсөн долоодугаар сараас л Хүний хөгжил сангийн мөнгө олгох ажил зогссон. Тэгэхээр одоогоос хоёр сарын өмнөх бүхий л бүртгэл, банкны данс зэрэг нь хэвээрээ байгаа гэсэн үг. Нэгэнт хүүхдийн мөнгийг дээрх Хүний хөгжил сангаас олгох юм бол яагаад өмнөх бүртгэл, дансаа ашиглаж болохгүй гэж.
Нэг ажил санаачлахаараа хийж буй нэр зүүн, сүрийг үзүүлж, төрийн албаныханд ажил, иргэдэд чирэгдэл, төсвөөс хөрөнгө зарлагадан, их үйлсийн аян эхлүүлдэг нь загвар болон хэвшлээ. Эсвэл зүгээр л бага ч атугай мөнгө угаах арга хэлбэр болгоод байна уу.
Урьд нь Хүний хөгжил сангаас зарим иргэн хүүхдийнхээ байтугай өөрийнхөө мөнгийг ч тоож авдаггүй байсан ажээ. Гэхдээ цөөн тооны хүн аваагүй гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр энэ удаа хүүхдийн мөнгө авах хүсэлтэй эцэг, эхчүүдээр хүсэлт, өргөдөл гаргуулахаар болж. Ажлынхаа хажуугаар өргөдөл, хүсэлтийн хугацаанаас нь хоцрох вий гэсэн иргэд оршин суугаа газрынхаа халамж, үйлчилгээний ажилтнуудыг цаасаар “дарах”-ын тулд баахан дугаарлаж, цаг алдана гэсэн үг.
Удахгүй бүртгэлийн ажлын зэрэгцээ мөнгө олгох банкийг сонгон шалгаруулах “тендер” эхлэх юм байх.
Хүний хөгжил сангийн мөнгийг олгохын тулд арилжааны банкууд иргэдэд картыг нь үнэ төлбөргүй олгож байсан. Өнгөц харахад нийгмийн хариуцлага сайтай байгаа юм шүү. Гэхдээ тэдний хувьд ингэж картаа үнэгүй хэвлэж өгөх нь халхавч болж байгаа хэрэг. Тэд иргэдэд олгогдож буй мөнгөнөөс шимтгэл нэрээр хэдэн зуун сая, тэрбум төгрөг халаасалсан.
Тиймээс Хүүхдийн мөнгө олгох банкийг сонгон шалгаруулж, иргэдэд чирэгдэлгүй болгохын тулд картын асуудал сөхөх нь бас л утгагүй, үргүй зардал гаргах ажил. Хүний хөгжил сангаас мөнгө авч байсан Монгол Улсын иргэн бүр хамгийн олон салбар, сүлжээтэй гэгддэг банкуудад аль хэдийнэ данстай, бас карттай.
Харамсалтай нь Хүний хөгжил сангийн мөнгө олгогдохоо байсан учраас тэрхүү данс, картыг ашиглагсад цөөрсөн биз. Ёстой л даахгүй нохой булуу хураана гэгчээр халаасандаа мөнгөгүй иргэд арилжааны хэд, хэдэн банканд данстай, нимгэн түрийвчээ зузаатгах өнгө өнгийн карттай яваа. Ядаж тэрхүү данс, картаа ашиглавал хүүхдийн мөнгө олгох ажлын бэлтгэлд улсаас зориулж буй 154,8 сая төгрөгийг бүтнээр нь зарцуулахгүй л байх даа.
Эх сурвалж : “Өглөөний сонин”
URL: