Ангидаа хий цацсанаас болж таван хүүхэд ухаан алджээ
Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч өчигдөр 09:50 цагт ангидаа санамсаргүй байдлаар газ шахжээ. Тэр үед ангид хичээл орж байсан гэнэ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад “Од” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б ангидаа ОХУ-д үйлдвэрлэсэн “Шок” гэх хий цацсан байна лээ. Улмаар таван хүүхэд ангидаа ухаан алдаж унасан байсан. Ангид хичээл орсон багшийн хэлж буйгаар Б гэх хүүхэд газ цацсаны дараагаар ангид байсан сурагчдын нүд аргаж, хоолой боогдож эхэлсэн гэсэн. Сургуулийн захиргаанаас хурдан шуурхай арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна лээ. Ухаан балартсан сурагчдыг түргэн тусламжийн эмч нар авч явж, аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Одоогоор Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хоёр охин нь хэвтэн эмчлүүлж байгаа” гэв.
Хий цацаж ангийнхаа хүүхдүүдийг хордуулсан Б-өөс цагдаа нар тайлбар авчээ. Түүний ангидаа цацсан хийний найрлагад перец агуулагддаг бөгөөд хүний амьсгалыг боогдуулдаг аж. Зөвхөн хүчний байгууллагуудад ашигладаг уг хий хэрхэн сургуулийн сурагчийн гарт очсоныг тодруулж байгаа юм байна.
Э.ХҮРЭЛБААТАР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: