“Авзага Трейд” ххк-ийн зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг албадан зогсоов

Хотын дарга зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй ажиллаж буй барилгын компаниудын цахилгааныг таслаж, үйл ажиллагааг нь зогсоож байгаа. Харин зохих зөвшөөрөл авалгүйгээр иргэдийн тав тухыг алдагдуулан барьж буй барилгын цаана хэн, ямар компани байгаа нь олны анхаарлыг татаж буй юм.

 

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн V хороонд байрлах 12 давхар орон сууцны зориулалтаар баригдаж буй “Авзага трейд”ХХК-ийн барилгыг дурдаж болно. Тус компанийн захирал нь Монгол Улсын гавьяат барилгачин П.Мэндбаяр.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар тус барилгын компанийн эздэд барилгын ажлаа зогсоохыг удаа дараа мэдэгдсэн ч тоолгүй өдий хүрсэн аж. Тиймээс улсын байцаагч нар арга барахдаа зөвшөөрөлгүй барилгын тус компанийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. “Авзага трейд”ХХК-ийн Сүхбаатар дүүргийн V хороонд баригдаж буй барилга дээр очлоо. Тус барилга нь Ерөнхий боловсролын зургадугаар дунд сургуулийн хажууханд байрладаг байна.

 

Тэгээд ч барилгын аюулгүй ажиллагааг хангаагүй нь аюул осол гарахгүй гэх баталгаагүйг илтгэнэ. Нэгэнт шүүхээс хүртэл үйл ажиллагааг нь зогсоохыг сануулсан тул “Авзага трейд”ХХК-ийн зөвшөөрөлгүй энэ барилга ажлаа зогсоожээ. Дээш өргөгч кран нь барилгын материалаа буулгаж амжилгүй тэр чигтээ үлдсэн юм байх. Барилгын хашаанд харуул ч харагдсангүй.

 
Юутай ч манайхан хэрүүл шуугиан болж шүүх цагдаатай тулсны эцэст тус компани хууль дүрмээ баримталж буй нь энэ аж. Ингээд Хан-Уул дүүргийн III хороонд байрлах тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд баригдаж байгаа “Саруул өргөө” орон сууцны барилга дээр очив. Барилгын карказын ажил аль хэдийнэ дуусч, өрлөгиин шатандаа явж буй аж. Иргэн Б.Бямбасэлэмийн захиалгаар барьж байгаа уг барилга ямар ч зөвшөөрөлгүй тул цахилгаанаа тасдуулан үйл ажиллагаагаа зогсоосон байна.

 

Харин талбайн инженертэй нь уулзахад “Манайх ном журмынхаа дагуу барилгаа барьж байсан. Яагаад үйл ажиллагааг маань зогсоох болсныг сайн мэдэхгүй” гэв. Ийн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн конторын барилгыг зорилоо. Тэнд барилгын ажил нь мөн л зогсч. Дүүргийн замын цагдаагийн тасаг гэдэг төрийн байгууллага. Тэд байрлаж байгаа байраа шинэчлээд, тохилог оффист үйл ажиллагаагаа явуулж албан хаагчид нь тухлаг суухыг хүссэн аж.

 

Түүнийг нь буруутгах юу байх вэ. Гэхдээ хамгийн түрүүнд хууль дүрмийг мөрдөж байх ёстой байгууллагынхан Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулаагүй байж. Тодруулбал, газрын зөвшөөрөлгүй гэсэн үг. Дээрээс нь зураг төслөө батлуулаагүй байсан тул ийн барилгын ажлаа албадан зогсооход хүрч. Түүнчлэн ерөнхий архитектортой зөвлөөгүй гэсэн шалтгаан ч бий гэнэ. Энэ мэт барилга барих зөвшөөрөлгүй өмчийн байна.

 

Тэдний нэг хэсэг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад нөгөө нь түр зогсолт хүлээлтийн байдалтай байна. Хүйтний ам наашилж байгаа нь зөвшөөрөлгүй дутуу баригдсан барилгын компаниудын эздийн сэтгэлийг зовоож эхэлжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн IX хороонд нийтийн ордн сууцны зориулалтаар зөвшөөрөлгүй барилга барьж байгаа тухайн барилгын захиалагч эзэн Ц.Гансүх “Манай компани ганцхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрлөө аваагүй байсан.

 

Харин бусад бичиг баримт бүрэн. Зөвшөөрөлгүй ажиллаж байгаа компаниудыг дотор нь зааглаж ангилан үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй байна. Удахгүй хүйтэрлээ. Тиймээс аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа зарим компаниудад боломж олгох хэрэгтэй байна” гэсэн юм.

Л.Алтанхишиг
Эх сурвалж:”Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих