“Эрдэнэс-Тавантолгой”-н өнөөдөр, маргааш: Хүлээгдэж буй үр дүн
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн орд газар нүүрсний коксжих чанар, нөөцийн хувьд дэлхийн хэмжээний том орд болсон. Тус ордын Зүүн Цанхийн талбайд 2010 оны наймдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2011 онд 1 сая тонн нүүрс, 2012 он гараад эхний 7 сарын байдлаар 1,7 сая тонн нүүрс олборлосон бөгөөд энэ оны эцэс гэхэд 3,5-4 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байна. Улмаар 2016 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлодог, олон улсын түвшинд томд тооцогддог үлгэр жишээ уурхай болох зорилт тавьжээ.
Энэ талаар Тавантолгойн ордын ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш энэ оны есдүгээр сард “Discover Mongolia-2012″ хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийхдээ онцоллоо.
Тэрбээр, мэдээлэлдээ ордын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлуудын талаар хөндөж, байр сууриа илэрхийлсэн юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өнөөдрийн үйл ажиллагаа Уурхайн олборлолт, борлуулалт, экспорт, Дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, Дотоодын болон олон улсын хөрөнгийн биржид IPO хийх гэсэн гурван чиглэлд төвлөрч байгаа юм байна.
Жилд 20 сая тонн нүүрс олборлодог, дэлхийд томд тооцогдох уурхай болно
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Тавантолгойн ордын 68 мянган га талбайд олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд нийт нөөцийн хэмжээ 7 тэрбум тонн гэсэн тооцоо байдаг байна. Тус ордын коксжих нүүрсний гол хэсэг нь Цанхи. Одоо Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс-Тавантолгой” ХК үйл ажиллагаа эрхэлж байгаа. Нөөц нь 1 тэрбум гаруй тонн. Үүний 78 хувь нь коксжих нүүрс байх боломжтой аж. Ашиглалт эхлээгүй байгаа Баруун Цанхийн талбайн нөөц ч зүүнтэйгээ адил юм байна. Бортээгийн хэсгийн хувьд Баруун Цанхийн ашиглалт тодорхой болчихвол тодорхой хэсэгт нь олборлолт эхлүүлэх боломжтой талбайтай. Баруун өмнөд хэсгийг мөн адил тодорхой хэмжээний ажил хийгээд олборлолт эхлүүлэхээр болгожээ. Харин Зүүн буюу Бортолгойн хэсэгт судалгаа нэмж хийх шаардлагатай. Тэндэхийн коксжих нүүрсний илрэлүүд дээр нэмэлт судалгаа хийсний үндсэн дээр ирээдүйд ашиглалтад оруулах боломжтой юм байна. Зүүн Цанхийн талбайд 2010 оны наймдугаар сард “Эрдэнэс-Тавантолгой” ХК үйл ажиллагаагаа эхлүүлж, 2011 онд 1 сая тонн нүүрс, 2012 он гараад эхний 7 сарын байдлаар 1,7 сая тонн нүүрс олборлоод байна. Үүний нэг хэсэг нь экспортод гарчээ. Зарим хэсгийг Цагаанхадны дамжин өнгөрөх нүүрсний ил агуулах болон уурхайн дэргэдэх агуулахад нөөцөлжээ. Хөрс хуулж гаргахад бэлтгэсэн 1 сая тонн нүүрс уурхай дотроо байгаа юм байна. Үндсэндээ 2012 он гараад 2,7 сая тонн нүүрсийг бэлэн болгожээ. Оны эцэс гэхэд 3,5-4 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Зүүн Цанхийн уурхайн бүтээгдэхүүний хэмжээ жил бүр нэмэгдсэнээр 2016 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлодог, олон улсын түвшинд томд тооцогдох уурхай болох зорилттойгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийнхан ажиллаж байна хэмээн гүйцэтгэх захирал Б.Энэбиш мэдээлж байна.
Дашрамд дурдахад, “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2011 оны 8 дугаар сараас нүүрсний экспортоо эхэлсэн юм. Үнийн хувьд эхний 1.5 сая тонн хүртэлх нүүрсийг экспортлоход 1 тоннынх нь үнэ 71-72 ам.долларт хүрч байжээ. Харин сүүлийн үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч тонн 66-68 ам.долларт хэлбэлзэж байгаа. Гэвч одоогийн байдлаар тус компани коксжих нүүрсний хамгийн өндөр үнийг барьж байгаа аж.
Дэд бүтцийн болон үйлдвэрлэлийн төслүүд нь Монгол Улсын хөгжлийн нүүр царай байна
“Эрдэнэс-Тавантолгой”-д хэрэгжүүлж буй дэд бүтцийн болон үйлдвэрлэлийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн нүүр царай болохуйц далайцтай, маш том төслүүд юм. Үүнд, Нүүрс угааж баяжуулах үйлдвэр, эрчим хүч, усан хангамж, төмөр зам болон авто зам гэсэн үндсэн төслүүд багтаж буй бөгөөд бүгдийг цогцоор хэрэгжүүлж байж манай улс эдийн засгийн хувьд үр нөлөө бүхий, бүс нутгийн хэмжээнд нүүрсний зах зээл дээр томоохон байр суурь эзлэх зорилгодоо хүрнэ хэмээн Б.Энэбиш захирал ярьж байна.
Нүүрс угааж, баяжуулах үйлдвэрийн зураг төслийг Австрали-Америкийн хамтарсан компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2013 оны хавраас үйл ажиллагаагаа эхлүүлж, 2014 оны сүүлч, 2015 оны эхээр эхний модулийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү үйлдвэр нь эхний удаад жилд 5 сая тонн, цаашдаа жилд 20 сая тонн хүртэл нүүрсийг угааж, баяжуулах хүчин чадалтай, 580 сая ам.долларын өртөгтэй байх аж. Эрчим хүчний хувьд Засгийн газраас Тавантолгойн ордыг түшиглэн 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих зөвшөөрөл өгсөн. Уг станцын Техник, эдийн засгийн үндэслэлээ /ТЭЗҮ/ хийж, холбогдох зөвшөөрлүүдийг авчээ.
Ойрын үед цахилгаан станц барих гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтийг хийж, 2013 оноос ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш энэ талаар “Цахилгаан станцын хувьд хамгийн гол нь санхүүжилтийн асуудал байгаа. Тодорхой хэмжээний санхүүжилт буюу ажил эхлэх үеийн хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” өөрөө гаргана. Үүнд төлөвлөж байгаа IPO тодорхой хэмжээний эх үүсвэр болно гэж үзэж байгаа. Хоёрт, төслийг зээл хэлбэрээр санхүүжүүлэх бололцоо бий. Гуравт, хувьцааны санхүүжилт хэлбэрээр мөнгө босгох бодолтой байгаа. Ялангуяа нүүрс угааж, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцын хувьд үндсэн хэрэглэгч нь компани өөрөө учраас хувьцааны санхүүжилт дээр онцгой анхаарч, хөрөнгө оруулагчидтай ойрын үед холбогдож ажиллахаар төлөвлөж байна” хэмээн онцоллоо. Тэрбээр мөн “Тавантолгой бол нүүрсний нөөц баялгаараа дэлхийн хэмжээний орд. Үндсэн зах зээл нь дэргэд учраас сонирхогч ихтэй. Компани одоогоор үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн, олборлолт борлуулалтын ажил тасралтгүй явагдаж байгаа. Баталгаатай худалдан авагчтай, түүнийгээ дагаад санхүүжилтийн боломж бололцоо ч ихтэй” гэв. Харин усан хангамжийн асуудлыг Тавантолгойгоос 70 км-ын зайд орших Балгасын улаан нуураас татаж шийдэхээр төлөвлөсөн ч Өмнөговь аймгийн ИТХ уг газрыг тусгай хамгаалалтад авсан учир цаашид яах нь тодорхой бус болжээ. Мөн төмөр зам, автозамын асуудал Засгийн газрын түвшинд яригдахаар хүлээлтийн байдалд орсон байна.
“Эрдэнэс-Тавантолгой”-д тулгамдаж буй асуудлууд
Төсөл үр дүнтэй хэрэгжинэ гэдэг талаасаа дээр дурдсан давуу талууд бий болох нь. Нөгөө талдаа шийдвэрлэвэл зохих олон асуудал байгааг “Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлага хэлж байна. Юуны түрүүнд Монгол Улсын нийт иргэд, тодорхой хэмжээний аж ахуйн нэгжүүд тус компанийн хувьцаа эзэмшигч нь болж байгаа учраас хувьцаа эзэмшигч монголчууд, Монгол Улсын эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж ажиллахын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ч зайлшгүй анхаарах шаардлага бий гэдгийг тэд онцлон дурдаж байгаа юм.
Мөн бизнесийн ашгийн төлөөх компанийн үйл ажиллагааны алтан зарчмаар бол нүүрсний урьдчилан борлуулалтаас олсон орлогыг уурхайн үйл ажиллагаа, дэд бүтцийн төслүүдээ эхлүүлэхэд зориулах ёстой байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд “Хүний хөгжлийн сан”-д “Эрдэнэс МГЛ”-ын хамт тус компани 418 тэрбум төгрөг төвлөрүүлсний 300 гаруй тэрбумыг “Эрдэнэс Тавантолгой” компани бүрдүүлжээ. Энэ мөнгөний дийлэнхийг нүүрсний урьдчилсан борлуулалтаас олжээ. Тухайлбал, Хятадын “Чалко” компаниас 2011 онд нүүрсний борлуулалтын урьдчилгаанд 250 сая ам.доллар авсан бөгөөд түүнийхээ дөрөвний гурвыг нь “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын удаа дараагийн шийдвэрүүд, Сангийн яамны шахалтын дагуу төрийн өмчит компани учраас дээрх мөнгийг төвлөрүүлэхээс өөр гарцгүй явж иржээ. Энэ байдал нь компанийн санхүүгийн үйл ажиллагаанд маш сөргөөр нөлөөлж байгаа учраас цаашид үүнийг аль аль талаа бодож тооцсон байдлаар зохицуулах нь төслийн үр дүнг нэмэгдүүлэхэд онцгой түлхэц болно хэмээн Б.Энэбиш захирал ярилаа.
IPO гаргах талаар юу хийж байна вэ?
Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс-Тавантолгой” ХК хэзээ олон улсын хөрөнгийн биржид гарч IPO хийх вэ гэдэг асуудал иргэдийн анхаарлын төвд байгаа. Энэ талаар “Эрдэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш “2011 оноос олон улсын хөрөнгө оруулалтын банк, хууль, аудит, санхүү, техникийн зөвлөхүүдтэй хамтраад чамгүй ажил хийлээ. Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн биржид өргөн мэдүүлдэг гол баримт бичиг болох проспектусынхаа төслийг 70-80 хувьд хүргэсэн. Гэхдээ гадаад, дотоод хүчин зүйлээс болоод IPO хийх үйл ажиллагаа 2013 он хүртэл хойшлоод байна. Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж гэсэн гурван газарт бүртгүүлж, хувьцаагаа арилжаална гэсэн үндсэн стратеги хэвээр байгаа. Цаг хугацааны хувьд ирэх жил болж хойшилсон. Энэ нь ч тодорхой шалтгаантай. Юуны өмнө олон улсын зах зээл маш савлагаатай, их муу үедээ ирээд байна. Ийм үед IPO хийнэ гэсэн ойлголт үндсэндээ байдаггүй. Тиймээс ирэх жилийг хүлээхээс аргагүй.
Хоёр дахь үндсэн шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэдэн хувийг иргэд аваад, түүнийгээ Засгийн газарт дүйцүүлсэн үнээр өгч, түүнийг нь компани, аж ахуйн нэгжүүдэд худалдах вэ? Хэдэн хувийг нь хэн эзэмших, хэдэн хувийг хөрөнгийн бирж дээр гаргах вэ гэдэг нь тодорхой бус байгаа. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах гэж байгаа компанийн хувьцаа эзэмшлийн бүтэц маш тодорхой байх ёстой. Тиймээс тодорхой болохыг хүлээх хэрэгтэй болоод байна.
Гуравт, Баруун Цанхийн талбай дээр уурхайн үйл ажиллагааг хэрхэн явуулж, хэн ямар ашгийг хүртэх тухай асуудал тодорхойгүй. Эндээс компанийн үнэлгээ тодорхой болох учиртай. Хэрвээ яг одоо хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана гэвэл Зүүн Цанхийн үйл ажиллагаа явуулж байгаа уурхай дээр тулгуурлаж гарахаар болоод байгаа. Өөрөөр хэлбэл, компанийн үнэлгээ бараг тал хувиар гарна гэсэн үг юм” гэсэн юм.
Баруун Цанхийг хэрхэн ашиглах вэ?
Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой”-н үнэлгээг нэмэгдүүлэх Баруун Цанхийг хэзээ ашиглалтад оруулах вэ?
Тавантолгой төслийн хүрээнд хамгийн чухалд тооцогдож байгаа Баруун Цанхийн уурхай дээр хэн яаж үйл ажиллагаа явуулах талаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс санал болгох гурван хувилбар байгаа аж.
Нэгдүгээрт, 2011 онд Орос, Хятад, АНУ, Солонгос, Японы компаниуд оролцсон консорциум байгуулах хувилбарууд үргэлжлэх үү. Хоёрдугаарт, “Эрдэнэс-Тавантолгой” компани Зүүн Цанхийн уурхайг эхлүүлсэн шигээ яг энэ загвараар үйл ажиллагааг эхлүүлэх бүрэн бололцоотой. Баруун Цанхийн нөөцийн ТЭЗҮ бэлэн болсон учир уурхайн үйл ажиллагааг компани эхлүүлэхэд бэлэн байгаа. Гуравдугаарт, геополитикийн хувилбараар авч үзвэл, дундын хувилбараар явж болох юм гэж үзжээ. Гэхдээ энэ нь компанийн эрх мэдлээс давсан, Засгийн газрын түвшинд шийдэх асуудал болж байгаа юм.
Энэ жилийн хувьд УИХ-ын ээлжит сонгууль болж, шинэ УИХ, Засгийн газар бүрдсэн. Тиймээс ойрын үед Засгийн газар энэ чиглэлээр тодорхой төлөвлөгөө гаргах байх гэсэн хүлээлт ч байна. “Баруун Цанхийн ордыг ашиглах нь Тавантолгой төслийн үндсэн асуудал. Тавантолгойн ордын тал хувь нь эдийн засгийн эргэлтэд орчихоод байгаа. Ордыг бүтэн ашиглаж эхэлмээр байна. Баруун Цанхийн ордын ашиглалтыг эхлүүлснээр цаг хугацаа алдахгүйгээр эдийн засгийн үр өгөөжийг нь олон жилээр хүртэх боломж нээгдэх юм. Хугацаа алдаад байвал уул уурхай, барилга гээд цаг агаараас шалтгаалдаг бизнесийн ажлууд дахиад 1-2 жилээр хойшлоод байна.
Түүнчлэн Тавантолгойн ордын дэд бүтэц, бусад төлөвлөлтийг хийхдээ иж бүрнээр хийх шаардлагатай. Баруун Цанхийг хувьцаа эзэмшигч монгол иргэдийнхээ хувьд маш үр ашигтай байхаар ашиглах ёстой. Нөгөө талаар Баруун Цанхийн ашиглалт нь компанийн үнэлгээнд шууд нөлөөлөх учраас “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн үйл ажиллагаанд давуу эрхтэй оролцох хэрэгтэй байна. Гэхдээ Монгол Улсын гадаад эдийн засгийн бодлогын хүчин зүйлийг тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа” хэмээн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэллээ.
Ш.Батболд
URL: