Н.Алтанхуягийн засгийн газар орлон тоглогчдын армиар дүүрэв

УИХ-ын сонгуулиас хойшхи хамаг цагаа халаа сэлгээ, томилгоонд зарцуулж байгаа Н.Алтанхуягийн Засгийн газар яам толгойлох хүмүүсээ бараг тодруулж дууслаа. Сайдаар эхэлж, төрийн нарийнаар үргэлжилсэн уг томилгоо саяхан дэд сайдуудаар шувтарч байна. Гэсэн хэдий ч агентлаг хэмээх амтат “бялуу” эрх баригчдын сэтгэлийг чилээж байгаа учраас халуун зунаар эхэлсэн энэ томилгоог өвлийн хахирт ч үргэлжлүүлэх төлөвтэй. Уг нь хүйтний ам наашилж буй энэ үед засаг барьж буй эрх баригчдад хийх ажил мундахгүй их баймаар юм. Гэвч халаа, сэлгээний тухай л өдрийн бодол, шөнийн зүүд болохоос өөрийг үл ажирна.
Баруун, солгойгүй халаа сэлгээ хийсэн Засгийн газар одоогийн байдлаар гурван яамны төрийн нарийн бичгийн даргад л “гар хүрээгүй” байна. Төрийн бусад мэргэшсэн албаны удирдлагыг үндсэнд нь халж сольжээ. Нийтдээ 13 яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг түр орлон гүйцэтгэгч гэсэн хуульд заагаагүй нэр томьёо хэрэглэн томилсон нь Төрийн албаны тухай хууль зөрчсөнийг Төрийн албаны зөвлөл сануулсан ч даварсан эрх баригчдад даруулга болж чадсангүй. Албан тушаалд томилохоос өмнө сонгон шалгаруулалт явуулах хуультай учраас эрх баригчид энэ заалтыг орлон гүйцэтгэгч гэсэн халхавчаар орлуулж байна. Одоогийн байдлаар Сангийн, Гадаад харилцааны, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга нар л урьдын хэвээр ажлаа үргэлжлүүлэн хашиж байгаа. Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Я.Чойжамцыг хэвлэлээр өөлж эхэлсэн нь түүнийг албан тушаалаас нь зайлуулах арга ядсан аргынх нь эхлэл байх.
Түүнчлэн орлон тоглогч томилох аргыг агентлагууд дээр ч хэрэгжүүлж байна. Тухайлбал, улсын мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг болон гадаадын иргэн харьяатын асуудал хариуцдаг хоёр ч агентлагийг орлон гүйцэтгэгчид даатгажээ. Хуулийг гуйвуулан хэрэглэж байгаагийн бодит жишээ энэ юм.
Хоёр сар гаруйн хугацааг томилгоотой “нүдэлдэж” өнгөрүүлсэн Засгийн газрын ажлын үр дүнд чухам ямар баг бүрдэв, бүрдүүлсэн хүмүүс нь хэрхэн гар нийлж ажиллах вэ гэсэн сонирхолтой асуулт гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, сайд-дэд сайд-төрийн нарийнууд шадар гурван цэрэг шиг нэг баг болж ажиллаж чадах уу. АН Засгийн газрынхаа амьдрах чадварыг тэргүүн эгнээнд тавьж, фракцуудынхаа ашиг сонирхолд хэрхэн нийцүүлэн томилгоо явуулсныг доорхи хүснэгтээс харж болно. Ерөнхий сайдын “Алтан гадас” фракцынхан албан тушаалын бялууг өнгөлж, Х.Баттулгын МоАХ удаалж, “Шонхор”, “Мөнх тэнгэр”, МҮДН фракцынхан хоосонгүй л явна.
Залуучуудыг нэгтгэдэг “Нэг ардчилал” клубийнхэн намдаа нэлээд тоогдож буй нь тус бүр хоёр сайд, дэд сайд, төрийн нарийний албанд хүмүүсээ томилуулсан явдал юм. Нөгөө талаар АН дангаараа хяналт тогтоож буй тав, зургаан яам байна. АН-ын нэг, МАХН-ын нэг сайд л гаднаас томилогдсон, бусад нь УИХ-ын гишүүд. Хяналт гээч зүйлийг энэ Засгийн газраас хүсээд ч нэмэргүй. Сайдуудыг дан дээлтэй болгох ард иргэдийн шаардлагыг эсрэгээр нь хэрэгжүүлж буй Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь компанийнхаа нэрээр овоглогдох болсон бизнесмэнүүд юм. Улстөр, бизнесийг жинхэнэ утгаар нь хослуулсан олигархийн засаглал хэний төлөө үйлчлэх вэ, хэний эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэх нь тодорхой. Мөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн боловч олон түмэн итгэлээ дайгаагүй хүмүүст сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын албыг “хайрлажээ”.
Ийм гуншин өмнөө зүүж буй нэг сайд, дөрвөн дэд сайд, гурван төрийн нарийн байна. Сайдуудтай зэрэгцэн нэлээд хурдтай өрнөж буй томилгоо бол яам, тамгын газар. Газар, албадын дарга нарын халааг УИХ-ын гишүүдийн хоол цай, бичиг цаас зөөдөг туслахууд авч байгаа нь төрийн алба шалдаа буусны нотолгоо билээ. Улстөрчид, улстөрийн намуудын сүүлийн 10 жилийн хичээл зүтгэлээр бий болж, зөв гольдрилд орсон Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөл шинэчлэлийн Засгийн газрын ашиг сонирхол агуулсан ганцхан шийдвэрийн балгаар ийнхүү хүчгүйдэж эхэллээ.

 

Н.ЦЭЦЭРЛЭГ

www.UNEN.mn


URL:

Сэтгэгдэл бичих