Эр хүн босго давсан бодолтой байх ёстой

“Монгол тэмүүлэл” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг “Эртэч Монгол” өглөөний 52 дахь уулзалтад Монгол улсын ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарч оролцож, үнэтэй үгээ хайрлалаа. “Эрдэм мэдлэгтэй нэг хүнтэй уулзахад бүхэл бүтэн нэг боть ном уншсантай адил болдог” гэсэн үг бий. Тэрбээр эртэч байхын утга учир, уран зохиол, соёлын талаар болон хүн өөрийгөө олж, мөн чанараа алдалгүй амьдрах ухааны талаар ярьсан юм. Тэрбээр Монголын малч ухаанд эрт босох  хэчнээн чухал болох нь шингэсэн байдаг. Өглөө гэрийн эзэн нар мандахаас өмнө сэрж, тэнгэрийн байдлыг ажиж,  ажил үүргийн хувиараа тооцоолж, өдрийн ажлаа төлөвлөдөг байна. Тухайлбал, тэр өдөр бороо, хур орж хүйтрэхээр бол аргал, түлээгээ янзлах, хонь малаа бэлчээхээс эхлээд хийх зүйл мунддаггүй байж. “Шөнө амжуулаад хийсэн, өглөө босоод хийсэн ажил хоёр их ялгаатай. Өглөө босоод харахад шөнө нь амжуулсан ажлыг өөр хүн хийчихсэн юм шиг л сайхан санагддаг” хэмээн П.Бадарч гуайн аав нь хэлдэг байжээ.

Тиймээс өглөө эртлэн босч, өдрийн явдлаа цэгнэж, амьдралаа өөрийгөө танихад цаг гаргаж байхыг оролцогчдод захисан. Түүнчлэн уран зохиол нь хүний амьдралын ирээдүйд тохиолдох зүйлсийг урнаар илэрхийлсэн хэлбэр. Тиймээс урлаг, уран зохиолыг шимтэн сонирхох нь цаашдын явдалд сэрэмж тус болно гэв. Мөн цааш нь ярихдаа, “Хүн болно гэдэг амархан. Харин хүмүүн болж төлөвшинө гэдэг хэцүү”.  Тиймээс айл гэрийг авч явах эр хүн ноён нуруутай, босго давсан бодолтой байх ёстой. “Энэ хүн хорвоод төрсөн нь үнэн, үхсэн нь үнэн” гэж дурсагдвал хэчнээн өрөвдөлтэй байх вэ. Харин “Энэ хүн хүн шиг хүн байсан даа” гэж хэлүүлэхээр амьдар гэв. Тиймээс таны хувь заяаг өрөөл бусад өөрчилнө гэж найдалгүй, өөртөө даатгаж, шийдэх хэрэгтэй. Мөн ямар ч зовлон бэрхшээлийн өмнө түүртэж, сандарч, нугаралгүй аливаа эрсдлийг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй, зөв бодолтой байхад хүний амьдрал аяндаа тэгширнэ хэмээв.

Б.Ууганбаяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих