Монголын тэрбумтнууд

Дэлхий дээр тэрбум ам.доллараас илүү хөрөнгөтэй 2160, 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 187 мянган хүн амьдарч байгааг АНУ-ын “X-Wealth” компани зарлаад буй. Харин Монголд хэчнээн тэрбумтан байгааг, шинээр төрж буйг Авлигатай тэмцэх газрын Хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Гэхдээ жинхэнэ тэрбумтнуудын ихэнх нь ХОМ-ээ худал өгдөг гэдгийг хууль, хяналтынхан баталдаг. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монголд цөөнгүй тэрбумтан, саятан байгаа нь нэг талаар гэрэл гэгээтэй мэдээ. Бүр тэдний хөрөнгө төгрөгөөр бус ам.доллараар хэмжигдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ үүний цаана ядуурал газар авч, тэднээс бусад нь амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготойд орж байна. Монголын толгой баячуудаас танилцуулъя.

1. ”МCS” группын захирал Ж.Оджаргал энэ жагсаалтын тэргүүнд бичигджээ. Тэрбээр нийтдээ 2.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэнэ. Монголын эдийн засгийн голлох бүх салбарт өөрийн хүчийг үзэж байгаа түүний хувьд ийм хэмжээний хөрөнгөтэй байх нь тийм ч гайхмаар зүйл биш. Түүний удирддаг “MCS” компани нь “Юнител”, MCS кока кола”, Энержи ресоурс” “Анун” зэрэг толгой эргэм олон охин компанитай гэнэ лээ.

2. ”Гачуурт” ХХК-ын захирал Л.Чинбат 1.3 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэйгээрээ Монголын толгой баячуудын аман хүзүүнд дахиж явна. Түүний газар тариалангийн талбай нь Монгол улсдаа төдийгүй Өвөрмонгол, Улаан-Үд хавийн бүс нутагтаа хамгийн томд нь тооцогддог юм билээ. Ерөнхий сайд асан С.Баярын үй зайгүй найз гэгддэг энэ эрхэм өдгөө “Гацуурт” ХХК геологи, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, спорт сургууль, телевиз гэсэн есөн чиглэлд 25 салбар, аж ахуйн нэгжтэйгээр, 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

3.ҮХАА-н сайд Х.Баттулга энэ жагсаалтын гуравт орсноор улстөрчдөө тэргүүлжээ. Тэрбээр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. УИХ-ын гишүүдээ дагуулахааргүй их хөрөнгөний эзэн болсон тэрбээр бизнест бас л одтой нэгэн. Тэрбээр өдгөө “Талх чихэр”, “Мах импекс”, “Женко тур”, “Худалдаа Хөгжлийн Банк”, “Хаан хүнс”, “С1″ телевиз, өдөр тутмын “Ардчилал”, “Монголын мэдээ” зэрэг цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлалын компани, хөдөө аж ахуй, газар тариалангийн аж ахуйн нэгж, олон лиценз эзэмшиж, “Баянгол” зочид буудал, “АПУ”, “Сити шоп”, “Улаанбаатар спирт” зэрэг компаниудын багагүй хувийг  “мэддэг” гэсэн.

4.Алдарт “МАК” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир оржээ. Тэрбээр нийтдээ 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж байгаа. Монголын хамаг л хөрс, шороог унаж алт, эрдэнэсийг нь авсан энэ компанид энэнээс ч илүү хөрөнгө байх магадлал өндөр гэдгийг хэн хүнгүй ярьдаг.   Тэр бүү хэл Монголын баялагийг гуравхан хүн эзэмшдэгийн нэг нь Б.Нямтайшир ч гэх нь бий. Хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлсэн ч ерөнхий мэдэл нь түүний мэдэлд байгаа МАК-аас гадна Хятадуудтай хамтарсан “Чинхау- МАК-Гашуун сухайт” зэрэг нэлээдгүй хөрөнгөтэй цөөнгүй компани бий.

5.Түүний дараа экс Ерөнхий сайд Сү.Батболд нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээрээ оржээ.Бороогийн алтны хуурхайд хувь эзэмшиж, 40 гаруй тонн алтны наймаа хийсэн баян улс төрчийн хувьд түүнд энэ хэмжээний хөрөнгө байх нь гайхаад байх зүйл биш ээ. Харин ч экс ерөнхий сайд маань энэнээс ч илүү хөрөнгөтэй байж мэдэх юм. Тэрбээр мөн “Алтай Трейдинг” гэх “мөнгөний уурхай” компанийг эзэмшдэг юм билээ.

6.“Макс” группийн захирал Д.Ганбаатар өөрийгөө хурдан моринд “орсон”-оо хувь тавилан, бизнест хөл тавьснаа амьдралын эрх байсан гэж ярих дуртай эрхэм. Түүнийг Монголд танихгүй хүн ховор. Тэрээр 2000 оны эхээр Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт мисс Д.Уянгалянхуатай хөлгүй хурим хийж, бэл нүнжигтэй хувцас, эдлэлээр гоёж олны нүдийг хужирлаж байсан. Түүнчлэн хайртай гэргийдээ Дондогдулам хатны барьж байсан хатны хөөрөг, ихэс хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт хэрэглэл бүхий хувцас чимгийг иж бүрнээр үнэ цохин авч өгч байлаа. Мөн сайн моринд гар татдаггүй тэрээр “сайхан” ханьдаа  ч мөнгө хайрладаггүй гэдгийг Чингисийн хөшөөнд Чингисийн хатны дүрд эхнэрээ мөнхжүүлж, хөшөө босгуулахаар 5000 ам. доллар төлсөн тухай хэвлэлээр мэдээлсэн байдаг. Түүнчлэн “нуган” үр төрүүлж мисс эхнэртээ телевиз  байгуулж өгсөн билээ. Түүнчлэн, Бизнесийн ололт амжилтыг дэлхийн сая сая хүмүүс уншдаг “Forbes” сэтгүүлийн “Азийн баячууд” буланд “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, түүний ах Д.Цэрэнжигмэд нарын тухай гарсан байдаг. Уг сэтгүүлд “Монголын зах зээлийг “Макс” группийн супер маркетууд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, түргэн хоолны “Берлинбургер”, “Макспот” халуун тогооны хоолны сүлжээ, цонх, хаалганы үйлдвэрлэлийн “Макс уйндовс”, барилгын “Макс өргөө”, брэнд хувцасны “Макс фэшион”, тавилга хийгээд бэлэн хувцасны жижиглэн худалдааны “Макс Маll”, “MAXCENTER” төвүүд, түүнчлэн уул уурхай, алтны салбар дахь “МАХ MINING” гээд бүгд эзэгнэжээ. Үүн дээр тун саяхан үүдээ нээсэн дэлхийд алдартай “Ramada” зочид буудлын салбарыг тэд Улаанбаатарын төвд байгуулсан явдлыг нэмэх ёстой. Нийслэлийн яг төв дунд 650 мянган ам метр ашигтай талбайг эзэмшиж, 2000 гаруй ажилтантай болсон нь ах дүүс “эзэнт гүрэн” сүндэрлүүлснээс ялгаагүй ажээ. Үүн дээр нэмээд хурдан удмын 500 морь бий бөгөөд АНУ-ын Кентаки мужийн алдартай морин тойруулгын уралдаанд Монголын ах, дүү бизнесмэний морьд цахиур хагалж байгаа юм. 

7.УИХ-ын гишүүн, “АПУ” ХХК-ын ерөнхийлөгч Г.Батхүү. Тэрбээр нийтдээ 700 сая ам.долларын хөрөнгөтэй ажээ. УИХ-ын гишүүн байсан гэгдэхээсээ илүүтэй “АПУ”-гаар овоглосон энэ эрхэм Монголдоо л хамгийн томд тооцогдох архины үйлдвэр, баар савыг бүгдийг нь “атгачихсан” хүн. Өнөөдөр түүний мэдэлд АПУ, “Шунхлай” зэрэг томоохон компаниуд багтаж байгаа. 500 гаруй адуутай, хэдэн арван машины цуглуулгатай, 30 нохой тэжээдэгээрээ ч алдартай. 

8.“Петровис” ХХК-ын үүсгэн байгуулагч Ж.Оюунгэрэл бичигдсэн байна. Тэрбээр 437.5 сая ам.долларын хөрөнгөтэй ажээ. Монголын нефтийн урсгалын гол судсыг барьж байсан “НИК” компаниас баяжих замаа зассан энэ хатагтай өдгөө Монголын толгой баячуудын жагсаалтад эмэгтэйчүүдийн буухиаг эхлүүлэх болжээ. Монголд шатах, тослох материалын үнэ тэнгэрт хадаж, импортлогч компаниудын өрсөлдөөн ч ид нэмэгдэж байх үед “Петровис” компанийг байгуулж амжилттай ажиллаж эхэлсэн. Түүнийг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хүн гэж улс төрийнхөн ярьдаг. Учир нь Н.Багабанди  Монгол улсын Ерөнхийлөгч байх үедээ Ж.Оюунгэрэлд “Капитрон” банкийг хөл дээр нь босгоход  ихээхэн тус хүргэсэн аж. Мэдээж “Петровис” компани “НИК”-ийг хувьчилж авсан нь түүний хөрөнгийг хэд дахин өсгөсөн.Тэрээр “НИК”-ийг авах гэж найман сая ам.долларыг ТӨХ-нд шууд шилжүүлж байсан гээд бодохоор ямар хөрөнгөтэй байсан нь ойлгогдож байна. “НИК”-ийг хувьчилсны дараа “Петровис” Монголын нефтийн зах зээлийг бараг дангаар эзэмших болсон юм. Ингээд зогссонгүй Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” консерциумд нэгдсэнээр баячуудын дундаас “тасрах” үүд нь нээгдсэн гэдэг. Гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө оруулалтын мөнгө босгох амаргүй ажлыг “Энержи ресурс”-ынхан хийж чадсан. Зөвхөн Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс 900 сая ам.доллар босгосон нь дэд бүтцээ байгуулаад “Ухаа худаг”-ийн хэсгийг ашиглахад хангалттай гэж бусад нь хошуу дүрцгээж буй.

9. УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий Д.Туяа 100 гаруй сая ам.долларын хөрөнгөтэй хэмээгддэг. Нөхрийнхөө ажил албыг залгамжилж үлдсэн хатагтай Туяа хүүгийн хамт төрийн албанд зүтгэж яваа ч, бизнесээ өргөжүүлж, хотын төвд гоёмсог байр сүндэрлүүлж, “Капитрон” хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулсан. Монголдоо хөрөнгөөрөө аман хүзүүддэг УИХ-ын гишүүн асан Д.Туяа хотын төвд долоон өрөө байранд амьдардаг байна.

10. ”Жигүүр гранд” группын ерөнхийлөгч Д.Баттөр бичигджээ. Анх “Жигүүр” нэртэй хоолын газраас өөрийн бизнесийг эхлүүлж, хөл дээрээ зогссон энэ эрхэм өдгөө Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор бичигдэх хөрөнгөтөн болжээ. Тэрбээр нийтдээ 150 сая ам.долларын хөрөнгөтэй.

11. ”Мон Уран” компанийн Ерөнхий захирал Б.Наранхүүг мөн л Монголын тэргүүн баячуудын нэгээр нэрлэжээ. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Дундговьчуудын итгэлийг өвөртлөн УИХ-д суух бүрэн эрхийг авсан. Түүний хөрөнгө нийтдээ 125 сая ам.доллараар хэмжигдэх юм байна.

12. Тэрбумаар тоологдох өртэй, бас тун нууцлаг оршдог “Жаст” группын “нууц ноён” Ш.Батхүүг хүмүүс төдийлөн танихгүй.  Түүнийг  Ерөнхий сайд асан С.Баярын “хэтэвч” гэх нэг нь ч бий.  “Жаст” группын эзэн Ш.Батхүү өөрийг нь “нууц ноёнтон” гэж дуудахад их таатай хүлээн авдаг гэдэг. Тэрээр “Улаанбаатар төмөр зам”-д жилдээ 60 гаруй тэрбум төгрөгний шатахуун нийлүүлж, монополь эрх эдэлдэг. Ш.Батхүүгийн бизнес анх цэцэглэсэн “маш нууц”  гэнэ лээ. Тэрээр хатагтай Г.Алтангаас “Алтжин” компанийг худалдан авснаараа мөнгөний эх үүсвэрээ бүрдүүлсэн аж. “Жаст”-ын Ш.Батхүү С.Громовын “Чингис хаан банк”, “Братский ардын банк”, “Монгол даатгал” компаниудын хамтарсан консорциумын эзэмшлийн “Хадгаламж” банкийг гартаа оруулж, 2009 оны хамгийн том наймааг хийж чадсан. Үүнийхээ дараа Монголын дотоодын хөрөнгө оруулалтаар босгосон “Монгол шуудан” банкийг мөн л өөртөө нэгтгэчихсэн “сүйхээтэй эр”.

13. Монголын хамгийн том сүлжээ дэлгүүр “Номин холдинг”-ийн эзэн Ш.Баярсайхан энд зүй ёсоор багтана. Улаанбаатар хотод байрлах өөрийн 10 супермаркет, хоёр их дэлгүүр, бөөний болон түгээлтийн төвөөс гадна, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод болон Ховд аймгуудад өөрийн салбар худалдааны төв, 18 аймагт даатгалын салбарыг амжилттайгаар нээн ажиллуулаад байгаа аж. Мөн явуулын худалдаагаар бүх аймаг, хот, сумдуудад хүрч үйлчилж байна. Дээр дурдсанаас бусад аймгуудад 200 гаруй гэрээт борлуулагчаараа дамжуулан үйлчилгээгээ хүргэж байгаагаас гадна ОХУ, Хятад, Сингапур улсуудад өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг ажиллуулдаг.

14. ”Бодь” группын үүсгэн байгуулагч Лу.Болд нийтдээ 800 сая ам.долларын хөрөнгөтэй гэнэ. Энэ нь түүнийг толгой баячуудын жагсаалтад оруулж байгаа ч дээрх тоо мөн л “үнэн” биш гэдгийг хэлэх хүн цөөнгүй. “Бодь групп” байгуулагдсан цагаасаа компьютерийн наймаанаас нэлээдгүй ашиг олж, ашгаараа одоогийн “Голомт банк”-ыг байгуулсан аж. “Голомт банк” 2000 оны эхээр “Сэргээн Босголтын банк”-тай нэгдээд, салсаны дараа маш хурдацтайгаар хөгжсөн. Өдгөө “Голомт банк” Монголын зах зээлд хамгийн том гурван банкны нэг болсон билээ.

15. Саяхан л Монголын баячуудыг тэргүүлж, алт олборлож, банк хүртэл байгуулж, байшин барилга барин мандаж, УИХ-д хоёр ч удаа сонгогдож, Түлш эрчим хүчний яамыг толгойлж явсан Б.Эрдэнэбат хэмээх хүний сураг улс төрийн тавцангаас арчигдаж, бизнесийн ертөнцөд ч чимээ тасраад удаж байна. Гэвч Монголын толгой баячуудын тоонд оруулах нь зүй ёсны хэрэг. Учир нь тэрээр 29 тэрбумын хөрөнгөтэй. Улсын төсөвт жил бүр 3-4 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан.  “Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат өдгөө Английн нийслэл Лондон хотын  W2 бүсэд тохилог орон сууцанд амьдардаг гэнэ лээ.

 



URL:

Сэтгэгдэл бичих