ХЯТАД УЛС АФГАНИСТАНААС ЮУ ХАЙЖ БАЙНА ВЭ?
Афганистанд эзлэх байр сууриа бэхжүүлнэ гэсэн жинтэй мэдэгдлийг Хятад улс хийлээ. Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Жоу Юнкан Кабулд гэнэтийн айлчлал хийжээ. Энэ нь Хятадын ийм өндөр тушаалын түшмэл 1966 оноос хойш анх удаа хийж буй айлчлал болов.
Аюулгүй байдлын үүднээс айлчлалыг нууцалж, айлчлах хамгийн тохиромжтой үеийг сонгожээ гэж ОХУ-ын Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч Ажар Куртов үзэж байна.
“Энэ улсаас Америкийн цэрэг гарах гэж байгаатай холбогдуулан Бээжин байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролдож байна. Энэ шилжилтийн үед тус улс Афганистан дахь байр суурь, нөлөөгөө бэхжүүлэхээр гэнэтийн алхам хийхийг оролдож байгаа аж. Үүний сацуу НАТО-гийн хүчин гарсны дараа Афганистанд гамшиг сүйрэл болбол хөрөнгө оруулалт нь өртөх учир Хятадад ашиггүй юм” гэж тэрбээр хэлжээ.
Айлчлалын үеэр гарын үсэг зурсан багц баримт бичгүүдэд аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр орсон байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Жоу Юнканы яам Афганистаны цагдааг бэлтгэхэд Кабулд туслах аж. Хятад улс Афганистаны цагдаагийнханд эд материалын ч, зохион байгуулалтын ч тусламж үзүүлэх ба нийгмийн аюулаас хамгаалахад шаардлагатай арвин туршлагаасаа хуваалцах юм.
Энэ “эмзэг” салбарт үзүүлж буй Хятадын тусламжийг Кабул ирээдүйн түшиг тулгуур хэмээн үзэж байна. Цагдаагийн салбар дахь энэ үүргийг Афганистаны нийгэмд ч, ер нь лалын ертөнц бүхэлдээ эсэргүүцэх болсон өрнөдийнхөн гүйцэтгэж яагаад ч чадахгүй юм.
Хятадын хувьд Афганистаны цагдаагийнхантай нөхөрлөх нь афганд ажиллаж байгаа хятадын компани болон иргэдийн аюулгүй байдлыг үр дүнтэй хангахад ч чухал байна. Кабулд хийсэн хэлэлцээн дээр Жоу Юнкан иргэдийнх нь аюулгүй байдлыг хангаж, тэдний эд хөрөнгийг хамгаалах баталгаа өгөхийг Ерөнхийлөгч Хамид Карзайгаас тусгайлан хүсчээ. Ерөнхийлөгч туслахаа амлаж, тус улсын эдийн засагт Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэж буйд талархлаа илэрхийлсэн байна.
Байгуулсан хэлэлцээрүүд нь Афганистаны эрчим хүч, уул уурхайн аж үйлдвэр, дэд бүтцийг бүтээн байгуулахад Хятадын оролцоог бэхжүүлнэ. Хятад улс хөршийнхөө эрдэс баялаг, үнэт металлаар баялаг орд газруудад нэвтрэн орохыг хэзээнээс эрмэлзэж байна.
Кабулд Жоу Юнканы хийсэн айлчлалын үр дүн нь улс төрийн ач холбогдолтой байв. Бараг хагас зуунд анх удаа Хятадын томоохон түшмэл айлчилсан нь НАТО-гийн цэргийнхэн гарсны дараа Кабулын улс төрийн тэргүүлэх чиглэл аль тийшээ эргэхийг харуулж байгаа аж.
Хамид Карзай Ерөнхийлөгчийн хувиар Хятадад таван удаа айлчилжээ. Тухайлбал, энэ зун ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Афганистан улс тус байгууллагад ажиглагчийн статустай болсон билээ. Чухам Бээжин үүнд идэвхтэй хүчин чармайлт гаргажээ. Одоо харин Бээжин Кабулаас хариу алхмыг хүлээх эрхтэй.
Хятадын түншүүдийн өмнө нүүрээ хийх газаргүй болохгүйн тулд Хамид Карзай хичээж ажиллах хэрэгтэй болж байна. Учир нь америкчууд ч хятадуудад байр сууриа тавьж өгөх бодолгүй байгаа.
З.Амгалан
URL: