АНУ МАНАС БААЗЫН ТАЛААРХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛСАНГҮЙ
АНУ-ын эрх баригчид Бишкекийн нисэх онгоцны буудал дахь Манас баазын талаарх цаашдын төлөвлөгөөгөө танилцуулахаас татгалзсан байна. Тэд Киргизийн эрх баригчдын хариуг хүлээж байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизид айлчлах үеэр буюу даваа гарагт АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчид дорхи асуудлаар тайлбар өгчээ. Энэ нь 2014 оноос хойш АНУ Манас баазад цэргийн оролцоогоо хэвээр үргэлжлүүлэх эсэх, мөн Вашингтоны эрх баригчид уг объектыг түрээслэх талаар шинэ гэрээг Бишкектэй байгуулах уу гэсэн асуултууд байв.
“Бид энэ асуудлын талаарх Киргизийн түншийнхээ санаа бодлыг заавал сонсох ёстой” гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч тэмдэглэсэн байна. Ингэхдээ тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны “олон орон Афганистаны байдлыг тогтвортой байгаасай гэж хүсч байгаа” хэмээн өмнө нь хэлж байсныг иш татжээ.
Америкчуудын Афганистанд явуулж буй ажиллагаанд зориулан байгуулсан уг баазыг 2001 оны сүүлээс ашиглаж эхэлсэн юм. АНУ болон Киргиз улс уг цэргийн объектыг түрээслэх гэрээг хамгийн сүүлд 2009 оны долдугаар сард 5 жилийн хугацаатай байгуулжээ. Хоёр тал татгалзаагүй бол гэрээний хугацааг автоматаар нэг жилээр сунгах боломжийг уг гэрээнд тусгасан байна. АНУ Тээврийн дамжин өнгөрүүлэх төвийг ашигласны төлбөрт Бишкект жилд 60 сая доллар төлдөг байна.
Одоо үйлчилж буй гэрээний хугацаа 2014 оны долдугаар сард дуусах юм. Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев “гэрээнд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэг хүлээсэн” гэж Америкийн төлөөлөгч мэдэгджээ.
Д.Жаргал
URL: