Ам.долларын ханш чимээгүйхэн нэмэгдсээр байна

Сүүлийн үед ам.долларын ханш нэлээд чангарч байна. Өчигдрийн байдлаар “Найман шарга” валютын зах дээр ченжүүд нэг ам.долларыг 1407 төгрөгөөр авч, 1410 төгрөгөөр зарж байв.  Харин Монголбанкны өчигдрийн ханшаар ам.доллар 1402.68 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хамаагүй өссөн үзүүлэлт юм. Мөн төгрөг хүчгүйдэж буйг илтгэнэ.  Өнгөрсөн жилийн өдийд ам.доллар 1259.36 төгрөгийн ханш­тай байсан. Харин Монгол­банк­наас ханш харьцангуй тогтвортой байгаа гэдгийг хэлж буй. Гэтэл бодит байдал тэдний тайлбараас ялгаатай. Чимээгүйхэн өсч байгаа ам.долларын ханш нь инфляци хөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлэх хүчин зүйл болдог. Манай улс импортын хэрэглээтэй учраас гадаад валютын ханш чангарах нь үнийн өсөлтөд зайлшгүй нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, импортоор авдаг бараа, бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг. Дунджаар долоо хоногт ам.долларын ханш 7-10 төгрөгөөр чангарч байна.  Валютын ханш чангарч буй шалтгааныг эдийн засагчид гадаад валютын эрэлттэй холбон тайлбарлаж байгаа.

Өөрөөр хэлбэл, есдүгээр сар гарсаар эдийн засгийн амьдрал идэвхжиж, ам.долларын эрэлт нэмэгдсэн байна. Харин эрэлтийг хангах нийлүүлэлт тийм ч хангалттай биш байгаа нь ханшийг аажмаар чангаруулж байгаа аж. Евро бүсээс эхлэлтэй өрийн хямрал хятадын бодит эдийн засагт нөлөөлөх болсон. Үүнийг дагаад валютын орох урсгалын ихэнх хувийг бүрдүүлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан нь ам.долларын хомсдолд нөлөөлж, улмаар ханшийг өсгөсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Мөн эдийн засгийн мөчлөг сул байгаа үедээ долларжилт ихсэх эсвэл эдийн засгийн хямралын өмнөх үед ч долларжилт өндөр болдог гэх таамаг бий. Манай улсын гадаад худалдааны тэнцэл ихээхэн алдагдалтай гарлаа. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувийн алдагдалтай байна. Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай байна гэдэг нь дотоодын зах зээлд нэвтэрч буй валютын хэмжээ буурч, эсрэгээрээ гадагшаа их хэмжээгээр валют алдаж байгааг харуулна. Товчхондоо, манай зах зээл валютын нөөцийн хомсдолд ороод байна гэсэн үг. Хомсдолоор дамжин валютын ханш чангарах боллоо. Үүнтэй зэрэгцэн дотоодын зах зээлд тодорхой хэмжээний валютын эрэлт үүссэн. Манай эдийн засгийн бүх үзүүлэлт улирлын нөлөөлөлтэй байдаг. Гадаад валютын ханш зуны саруудад харьцангуй буурч, намраас валютын ханш чангардаг.

Э.ЭНХЦОЛМОН

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих