Мансууруулах бодис хэрэглэж байсан охидыг саатуулжээ
Энэ сарын 21-24-ний өдрүүдэд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд бүртгэгдсэн нийт гэмт хэрэг, ослуудын дийлэнх хувийг орон байрны хулгай болон танхайн хэргүүд эзэлж байна. Эдгээр өдрүүдэд золгүй байдлаар 23 хүний амь нас эрсэджээ.
Сүүлийн үед залуучууд хэсэг бүлгээрээ нийлэн газ, цавуу үнэрлэн, мансуурах тохиолдол ихэссэн нь олон нийтийг цочроож байна. Тухайлбал 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд 20 настай эмэгтэй Э, 18 настай эмэгтэй С нар мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамлыг хэрэглэж байсныг илрүүлэн саатуулжээ.
Цагдаагийн газраас мэдээлж буйгаар өдөрт 1-4 хүн архи хэтрүүлэн хэрэглээд унтсаны улмаас амь насаа алдах болжээ.
Мөн ойрын үед цаг агаар хүйтэрснээс үүдэн согтуу хөлчүү хүмүүс шөнийн цагаар гудамжинд осгож, бие эрхтэнээ хөлдөөх явдал нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Түүнчлэн нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт мотоцикл унахдаа хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, хэт архидан согтуурсан үедээ хурд хэтрүүлдгээс осол гарах болжээ.
Иймээс иргэдийг архи согтууруулах ундааны зүйлээс татгалзаж, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан, орон байраа эзгүй орхиж явахгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.
Эх сурвалж:”Өглөөний Сонин”
URL: