АН-д “Экс”-ийг суллах эсвэл огцрох гэсэн хоёр сонголт л бий

Өнөөдрийн улстөрд Н.Энхбаяр шиг үнэтэй хүн алга. Хэдхэн сарын өмнө нүдэнд орсон өргөс шиг хүн бүрт ад үзэгдэж, чичлүүлж явсан тэрбээр өнөөдөр Зас­гийн газрыг унагах хүч­тэй болжээ. Улстөрийн хүчин байгуулсныхаа төлөө буланд шахуулж, гэрээсээ чирэг­дэн байж шоронд хоригд­сон түүнийг ингэж “сэхнэ” гэж хэн санах вэ. Үнэндээ Н.Энхбаяр улстөрөөр яаж тоглох ёстой, яавал амжилтад хүрч болдгийг яс махандаа шингэтэл мэдэрчихсэн хүн учраас дөрөвхөн сарын дотор өөрийгөө ийм “өндөр үнэ”-д хүргэж чадав.

Өчигдөр Н.Энхбаярыг шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. Энэ шүүх хурлын шийдвэрээс их зүйл шалгаалах янзтай.

Ерөөсөө Н.Энхбаяр АН-ынханд “Намайг сулла, эсвэл Засгийн газраас огцор” гэсэн хоёрхон сонголт үлдээгээд байна. Иймээс АН-ын Засгийн газар нэг биетэй, хоёр толгойтой могой шиг болчихсон аж. Энэ хачин могойны их биеийг АН, “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газраар төсөөлбөл нэг толгой нь Ерөнхийлөгч, нөгөө толгой МАХН-ын дарга, ялтан Н.Энхбаяр байж таарах нь.

Гэтэл хоёр толгой нь хоёр тийшээ зүтгээд бай­хаар их бие нь алийгаа дагахаа мэддэггүй. Засгийн газар ирээдүйгээ бодохоор Н.Энхбаярт эрх чөлөө бэлэг­лэчих­мээр байдаг. Гэвч “тол­гойдоо” захирагдаад Н.Энх­баярыг суллачихаж чад­даггүй. Ийм л нөхцөл байдал үүсчихээд байна.

Уг нь МАХН, МАН-тай нэгдвэл хэнд ч дийлдэхгүй маш том улстөрийн хүчин болно. Нэгддэггүй юм аа гэхэд эвсэх биз. Хэрэв Н.Энхбаяр хуучин намынхаа нөхдийн хүсэлтийг хүлээж авбал АН “амьд цогцос” болно. Хэдий өндөрт гарна тэр чинээгээрөө чанга унана гэдэг дээ. Харин МАН-ынхан УИХ-д бүлэг ч байгуулахыг нь зөвшөөрөөгүй АН-аас хариугаа хатуухан авах биз.

Чухам үүнээс л эмээсэн АН хоёр сар Засгийн газраа төвх­нүү­лэх гэж чичирлээ. Эвс­лийн­хэнд аль болох элэг­сэг хан­даж, хүссэнээр нь найр тавьж, 30 хувийн эрх мэдэл өгсөн.

ҮХАА-н сайд Х.Баттулга сонгуулийн дараа “АН сонгуульд ялаагүй. Харин авах ёстой суудлаа л авсан” хэмээж байсан. Нээрээ ч АН УИХ-д МАН-аас онц­гойроод байх их суудал авч чадаагүй. Иймээс АН-д сонгуулийн дараах хоёр сар айдсын гэмээр өдрүүд байв.

Өнөө­дөр МАН-ын хувьд Н.Энх­баярыг өөрийн­хөө талд эр­гүү­лэхээс чухал зүйл алга. Тэдэнд хэрэггүй гээд хаячихсан шүлс, цэр, бөөлжсийг доолно уу, иднэ үү хамаа алга. УИХ-ын танхимд хэнд ч хэрэг­гүй суудал бөглөж суугаа МАН-ын­ханд алдсан эрх мэдлээ сэр­гээхийн тулд Н.Энхбаярын араас “үхэл, хатал” болж гүйж яваа.

Харин МАН Н.Энхбаярын өмнө хийсэн гэмээ яаж цай­руу­­лах нь ихээхэн сонир­­хол татаж байна. Үнэндээ МАН Н.Энх­­­баярт маш хатуу ханд­сан. Ерөн­­хийлөгчийн сон­гуульд дэв­шүүлж, санаа­тай­гаар уна­гасан гэдэг юм билээ. Ерөө­­сөө хуучин МАХН-ынхан хөн­­жил­дөө багтахаа байж хага тийр­­сэн.

Гэвч сонгуулийн дараах МАН-ын уналт хоёр намыг нэгт­гэхэд нэлээд дөхөм бол­­жээ. МАН-ын жирийн гишүүд нь уван цуван МАХН-д “урвасаар” байна. Ин­гэж явсаар энэ хоёр нам нэгдэх ч юм уу, эвсэх ч юм уу ямар нэгэн байдлаар хамт­рах бололтой. Гэхдээ зөвхөн эрх мэд­лийн төлөө.

Үүний дараа МАН, МАХН-д уусах уу, МАХН, МАН-д уусах уу гэдэг нь бас л сонин.

 

Эх сурвалж:”Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих