Хотод бүгсэн химийн 15 бодис бидний үр удамд нөлөөлж эхэлжээ

Нийслэлийн сая 153 мянган иргэний эрүүл мэнд, амь насанд 432 нэр төрлийн химийн аюултай хорт бодисын уршиг заналхийлж эхэлжээ.

Ийм аюул нүүрлээд буйг 2009 онд ГЕГ НЗДТГ, Засгийн газарт танилцуулан хотоос аюултай, хортой бодисын агуулахыг нүүлгэн гаргая гэсэн санал гаргасан ч тэрхэн үедээ ярьж байгаад мартагдсан гэж тус газрын дарга Б.Цэвээнжав ярьж байна.

Харин өнөөдөр аюул хажууханд, хаалга тогшин орж ирээд бидний үр удамд нөлөөлөөд эхэлчихлээ хэмээн судалгаан дээр үндэслэн гаргасан танилцуулгаа нийтэд дэлгэлээ. Судалгаагаар 432 нэр төрлийн аюултай химийн хорт бодисоос 15 нь хүний эрүүл мэнд, цаашлаад үр удмаар минь “оролдоод” эхэлчихжээ. Хэдийгээр химийн хортой бодисыг хадгалах, хамгаалах журмын дагуу ажиллаж байгаа ч ямар нэгэн хэмжээгээр ууршин агаарын бохирдлоос илүүтэйгээр хорвоогийн жаргалыг амсах гэсэн бяцхан үрсийг эрхтний ямар нэгэн согогтойгоор хорвоод мэндлүүлж байгаа аж.

Судалгаанаас харвал 432 нэр төрлийн химийн бодис импортолж ашиглах тусгай зөвшөөрөлтэй 213 аж ахуй нэгж, ЭБЭХЯнаас 13 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх бодисыг тусгай зөвшөөрөлтэйгээр импортолдог “Мон маг”, “Очир Ундраа”, “Монголросцветмет”, “Эрдэнэт” зэрэг долоон компани байдаг аж. Эдгээр хортой аюултай боди­сыг төмөр замаар тээвэрлэн Толгойт, Хонхорт буулгаж, хадгалж, сэлгэн ачилт хийдэг байна. Энэ нь нийслэлийн төвөөс 2050 км зайтай гэсэн үг.

Хэдийгээр ГЕГын дарга, ЗТБХБын сайдын хамтран гаргасан журмын дагуу хатуу дэг дор химийн хортой, аюултай бодисыг тээвэрлэн, хадгалж байгаа ч нийслэлийн нутаг дэвсгэр тэлж, хүн ам өсч байгаа энэ үед аюулын харанга дэлдсээр. Тиймээс эцсийн шийдвэрээр Багахангайн зүүн хэсэгт хадгалах шийдвэрийг хотын удирдлагууд гаргажээ. Харин эл шийд­вэрийг зөвшөөрч байгаа эсэхийг Багахангайн Засаг дарга И.Батнасангаас тодруулахад “Манай дүүрэгт хор­той, аюултай бодис хадгалах агуулах байгуулах 23 ч газар байна.

Гол нь хүн амьдарч байгаа газар л юм хойно хадгалалт, хамгаалалт нь дээд зэргийн орчин үеийн шаардлага хангасан барилга байгууламж баривал болж байна” гэв. Харин химийн хортой, аюултай бодис агуулах байгууламжийг хотоос гаргах тухайд МХЕГын дарга Р.Содхүү “Хотоос хортой, аюултай бодисыг гаргая гэж байгааг дэмжиж байна. Гэхдээ энэ асуудалд бүгд анхаарлаа хандуулснаас хойш ганц хот гэлтгүй улс даяар химийн хортой, аюултай бодисын хэрэглээ, хадгалалт, хамгаалалтын талаар анхаарах цаг болсон.

Нийслэлээс хортой бодисоо гаргалаа гэхэд хойноос орж ирж байгаагаа яах вэ. Хот дундуур явдаг тээвэрлэлтийг нь ч өөрчлөх естой гэсэн саналыг хэлж байв. Өнөөдрийн байдлаар Толгойтод жилдээ 20004000 контейнер, ойролцоогоор 7000 тонн ачаа, Хонхорт 300500 вагон хортой, аюултай ачаа буудаг байна. Гэвч хяналт сулаас ч тэр үү, уул уурхай тэсэрч дэлбэрэх, уусгах аюултай бодисыг хар зах дээр иргэд нэг нэгэндээ зарж борлуулдаг тухай таагүй мэдээ хэвлэлүүдээр нэг бус удаа гарч байсан.

Түүнчлэн саяхан Сүхбаатар дүүргийн нутагт айлын хашаанд цианит натри хадгалж байгаад баригдсан мэдээлэл нь иргэдийг цочроогоод буй. Иймд хотоос хортой, аюултай бодис хадгалах агуулахыг гаргалаа гэхэд хотын хүн ам 20, 30 жилийн дараа хэр өсөх вэ гэдгээ бодолцон хаана байрлуулах талаар бодлого гаргах ёстой гэсэн албаны хүн ч байна. Ямар ч гэсэн агуулахаа нүүлгэлээ гэхэд хот дундуур явах төмөр замын 17 терминал замыг ч өөрчилж болно гэдгийг ч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий ин­женер Г.Сэрээнэндорж дэмжлээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх чиг хандлагад тусгаснаар төмөр замын ачаа ачиж, буулгах терминалуудыг хо­тын хоёр талд буюу Аргалант, Эмээлт, зүүн талд Багахангай, Налайхын орчим байгуулахаар тусгасан бай­даг аж. Гэвч өнөөдөр Налайх дүүргийн хүн ам өсч, үйлдвэрлэл үйлчилгээ ихээр төвлөрч байгаа үед химийн хортой, аюултай бодис хад­галах агуулахыг байршуулна гэдэг тийм ч оновчтой шийдэл биш бололтой.

Иймд эхний ээлжинд ажлын хэсэгт ороод буй ГЕГ, “Улаанбаатар тө­мөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, МХЕГ, НЗДТГын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн Багахангайд хортой бодис хадгалах агуулах байгуулж болох газруудыг судлан, төмөр замын терминал замуудын зураг төслийг ч гаргахаар боллоо. Гэхдээ энэ ажлыг хэдэн жилээр сунжруулалгүй гурван сарын дотор хотоос хортой, аюултай бодис хадгалах агуулахыг нүүлгэн шилжүүлэхээр тогтов.

Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дундуур тээвэрлэж, улмаар хот дотор хадгалж байгаа аюултай, хортой ачааг нэгдсэн хяналтад оруулж, журамлах юм байна.

Т. Оюун

Эх сурвалж: “Ардчилал” сонин


URL:

Сэтгэгдэл бичих