Цагдаа нар буудлын ресепшнтэй бүлэглэн хятад иргэдийг дээрэмджээ

-ДЭД АХЛАГЧ Б.ЖАНЧИВДОРЖ, Г.МӨНХГЭРЭЛ, Э.ЗОЛХҮҮ НАРЫГ ЦАГДАН ХОРЬСОН БАЙНА-

Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын гурван цагдаа хүч хэрэглэн зодож, эд хөрөнгийг нь бүлэглэн дээрэмдсэн хэрэг өнгөрсөн пүрэв гаригт гарчээ. Цагдаа нарт дээрэмдүүлсэн хоёр хятад иргэн Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан байна. Гомдлын мөрөөр тус газраас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын буюу хөдөлгөөнт эргүүлийн гурван цагдаа дээрх хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна.

Энэ хэргийг цагдаагийн дэд ахлагч Б.Жанчивдорж, Г.Мөнхгэрэл, Э.Золхүү нар бүлэглэн үйлдсэн байна.

Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаагаас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

-Хятад иргэдэд халдсан цагдаа нар юу дээрэмдсэн юм бэ?

-Гар утас, хэдэн юанийг нь авсан юм билээ. Бид хэргийг дөнгөж шалгаж байна.

-Хятад иргэд тус буудалд байрлаж байсныг цагдаа нар яаж мэдсэн юм бол?

-Энэ талаар дэлгэрэнгүй ярих боломж алга.

-Тэднийг цагдан хорьсон уу?

-Хорьсон байгаа.

-Ямар зүйл ангиар эрүү үүсгэсэн бэ?

-Эрүүгийн хуулийн 147-гийн хоёроор эрүүгийн хэрэг үүсгэсэн.

-Энэ хэрэгт холбогдуулан энгийн иргэдийг мөн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Тийм. Мөрдөн байцаалтын нууцад хамаарах зүйл тул энэ тухай ярих боломж алга гэв.

Хятад иргэд Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” зочид буудалд байрлаад хоёр хонож байсан байна. Тэд бизнесийн журмаар манай улсад ирээд байсан аж. Гомдол гаргахдаа цагдаа хувцастай гурван хүн орж ирээд зодсон. Тэгээд “мөнгөө гаргаж өг” хэмээсэн. Бидний толгой нуруу, элэг рүү цохьсон арга буюу биед байгаа мөнгөө өгсөн. Энэ хэргийг шалгаж өгнө үү. Маш их гомдолтой байна” гэсэн утгатай өргөдөл өгчээ. Мөрдөн байцаалтаар дээрх буудлын ресепшн хүүхэн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар руу утас цохиж “Манай буудалд нэлээн мөнгөтэй бололтой хоёр хятад иргэн байрлаж байна. Тэд хамгийн үнэтэй өрөө хөлсөлж байгаа” гээд өрөөнийх нь дугаарыг хэлж өгчээ. Энэ мэдээллийн дагуу цагдаа нар үгсэн тохирч хятадуудыг ийн дээрэмдсэн байна. Биднийг өчигдөр 15 цагийн үед тус буудалд очиход сахиул хийдэг гэх нэгэн өвгөн байв. “Санни” зочид буудал нь гурван давхар тоосгон барилгад байрладаг юм байна. Нэг давхарт нь баар байдаг бол хоёр, гурван давхарт нь буудал байдаг аж. Буудлын гурван давхарт хятадууд байрлаж байсан гэнэ. Сахиул өвгөнтэй уулзаж юу болсон тухай лавлахад “Ах нь ажилд ороод удаагүй байна. Энд ямар хэрэг болсныг мэдэхгүй. Ресепшин охиныг цагдаагийнхан дуудаад аваад явсан. Түүнийг ирэхээр сонирхсон асуултдаа хариулт ав. Буудал руу хүн оруулж болохгүй гэсэн” гэв. Хятад иргэд тус буудлын 45 ам.долларын үнэтэй өрөөнд байрлаж байсан гэнэ. Дэд ахлагч Б.Жанчивдорж, Г.Мөнхгэрэл, Э.Золхүү нар Нийгмийн хэв журмыг хамгаалах газарт буюу хөдөлгөөнт эргүүлд 3-5 жил ажиллаж буй урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй чадварлаг ажилчид гэдгийг тус газрынхан хэлж байв. Цагдаа нарыг 14 хоног цагдан хорих төвд саатуулах бөгөөд гэм буруутай нь тогтоогдож яллагдагчаар татвал хорих хугацааг сунгах гэнэ.

Г.ЯЛГУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих