Баялгийн Хараал Ба Монгол Улс
Судлаач Х. Батсуурь
Баялгийн хараал! Чихэнд нэг л таагүй сонсогдох энэ үгтэй бид саяхнаас л танил болж эхэлсэн. Баялаг чинь уг чанараараа бол ерөөл болж сайн сайхан, элбэг хангалуун амьдралын ул суурь болж өгдөг бусуу, гэтэл яахаараа хараал болдог байна аа? Тиймээ, харамсалтай нь ядуу буурай, дорой хөгжилтэй орнуудын хувьд байгалын баялаг нь ерөөл бус хараал болж улс орныг нь мөхөл сүйрлийн ирмэг дээр аваачих нь түгээмэл үзэгдэл болчоод байна. Гэхдээ баялаг нь хараал болох энэхүү хачирхалтай үзэгдэл нь буурай хөгжилтэй боловч баялаг ихтэй улс болгонд тусдаг жам ёсны үзэгдэл мэтээр ойлговол дэндүү эндүүрэл болно.
1980аад оноос олон улсын эдийн засгийн хэллэгт түгээмэл хэрэглэгдэх болсон энэхүү “баялгийн хараал” хэмээх хэллэг нь тухайн үед Африк, Латин Америкийн нэлээд орнуудад тохиолдсон нийгэм, улс төр, эдийн засгийн хямрал, уналтын явцыг оношлон тодорхойлсон нэр байсан байна.
Товчдоо бол хоцронгуй буурай хөгжилтэй боловч байгалын баялаг ихтэй орнуудын хувьд баялгаас орж ирж буй орлогын улмаас эдийн засгийнх нь БОДИТ ӨСӨЛТ нь саарч, зогсонго байдалд орох, эс бол хямралд орох, байгалын баялаггүй орнуудын эдийн засгаас ч сул дорой болохыг хэлдэг аж. Мэдээж үүнээс зүй ёсоороо урган гарч ирж буй нэгэн асуулт бол “яахаараа байгалын баялгаас орж ирж буй орлогын улмаас эдийн засаг доройтох гэж” гэсэн асуулт юм. Үүнийг тайлбарлахын тулд олон хүчин зүйлүүдийг хамруулан авч үзэх шаардлагатай л даа. Магадгүй ухаант өвөг дээдсийн маань хэлж үлдээсэн “Гэнэт олдсон шар тос гэдсэнд цөвтэй” гэдэг үг нь чухамхүү байгалын баялгаасаа орж ирж буй гэнэтийн их орлогыг зөв зохистой зарцуулж гэдсээ өвтгөхгүй байхыг бидэнд ёгт утгаараа сануулсан захиас ч байж болно.
Байгалийн баялаг нь ерөөл, бас хараал болсон эсэрэг тэсэрэг хоёр туйлын жишээ бол Норвег ба Нигер, Нигериа, улсууд юм. Байгалийн хий, газрын тосны баялагтаа тулгуурлан хөгжин дэгжсэн Норвег улс өнөөдөр дэлхийн хамгийн баян, өндөр хөгжилтэй орны нэг болоод байхад, уран, газрын тос, алмаз, нүүрсний асар их баялагтай Нигер ба Нигериа улсууд өдгөө дэлхийн хамгийн ядуу, дорой буурай хөгжилтэй төдийгүй дайн самууны хөлд нэрвэгдсэн дэлхийн хамгийн аюултай орнууд болоод байна.
Ямартай ч өдгөө дэлхийд байгалийн баялгийн экспортоос ихээхэн хамааралтай болсон нийт 60 гаруй улс орнууд байгаагийн 20 нь баялгийн хараал хүрэх өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтаж байна. Английн Оксфордын Их Сургуулийн эрдэмтэдийн судалгаагаар гаргасан энэ хорин орны жагсаалтад ихэнх нь Африк тивд орших Мозамбек, Танзань, Замби зэрэг эдгээр улсуудын хамт Монгол улс багтаж байгаад та битгий гайхаарай.
Монгол улс өнөөдөр зөвхөн дорой буурай хөгжилтэй болж ирээд байгалын баялаг ихтэй байгаа учираас баялгийн хараал тусч болох эрсдэлтэй орнуудын тоонд зүй ёсоороо орж байна гэж хэн нэг нь бодвол бас л учир дутагдалтай дүгнэлт болно. Шинжээчид засаглалын ил тод байдал, эдийн засгийн менежментийн чадвар, баялгийн хуваарилалт, зарцуулалт, авилгалын индекс зэрэг бусад шаардагдах хүчин зүйлүүдийг тооцон үзэж ийм дүгнэлтийг гаргасан нь ойлгомжтой. Гэхдээ бид нэг талаас азтай, нөгөө талаас азгүй улсууд. Бид азтай улсууд яагаад гэвэл биднээс өмнө баялгийн хараал тусч мөхөл сүйрэлдээ хүрсэн улс орнуудын жишиг байна, бид түүнээс жишээ аван баялгийн хараалыг дайрч бус тойрч гарах боломжтой. Нөгөө талаас бид азгүй улсууд яагаад гэвэл бид мэдсээр байж санасаар байж баялгийн хараал хүрч улс орноо сүйрлийн ирмэгт авчираад байгаа Нигер, Конго, Ливи зэрэг орнуудын араас орох нөхцөл байдлаа өөрсдөө бүрэлдүүлчээд байна.
Монгол улстай төс бүхий нийгэм эдийн засгийн бүтэцтэй, байгалын баялаг ихтэй, нэг гараанаас эхэлсэн хөгжлийн хувьд ойролцоо байсан бусад улстай жишвэл Казахстан, Азербайжан улсууд нь баялгийн хараалыг харьцангуй амжилттайгаар тойрон гарч, өдгөө нийгэм эдийн засгийн үнэлүүштэй зохих түвшинд хүрч чадсан яваа гэдгийг энд хэлэх нь шударга болох байх. Мөн Ботсван, Чили, Венесүэл зэрэг байгалын баялгаа ерөөл болгох тал дээр амжилттай ажиллаж, тогтвортойгоор дээшилж яваа улсууд бидний хувьд авууштай үлгэр дуурайл болно гэдгийг давтан давтан сануулж байхад буруудахгүй юм. Ингээд “баялгийн хараал” ын хамаарах нөхцөл байдал, хүчин зүйлийн талаар яриагаа үргэлжлүүлие.
Ямар улсуудад баялгийн хараал тусдаг вэ? чөлөөт зах зээлд харьцангуй шинээр орж буй, дорой буурай хөгжилтэй боловч байгалын баялаг ихтэй, баялгаа шинээр нээн олборлож буй орнууд баялгийн хараал тусах өндөр эрсдэлийг дагуулж байдаг.
Яагаад, ямар нөхцөлд баялгийн хараал тусдаг вэ? Товчхондоо сул дорой, авилгалд өртөмтгий засаглал, эдийн засгийн муу менежмент зохицуулалт нь тухайн оронд баялгийн хараалыг бий болгох гол нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
Баялгийн хараал яагаад тусдаг вэ гэдэгийг энгийн үгээр тайлбарлавал, байгалын баялгаас орж ирж буй урьд хожид үзээгүй гэнэтийн их орлогыг юм үзээгүй хүмүүс балмагдан хүлээж аваад хамаагүй намаагүй зарцуулж, мөн тэр их орлогыг зарцуулах эрхийн төлөө засагийн эрхэнд болон мэдээлэлд ойр байгаа гадаад дотоодын бүлэглэлүүд, хувь хүмүүс хоорондоо тэмцэлдсэний улмаас тухайн оронд нийгэм, улс төр, эдийн засгийн ноцтой сөрөг үр дагаварууд бий болдог.
Баялгийн хараал туссан улсад болон тусах угтвар нөхцөл нь бүрэлдэж буй улсуудад ажиглагддаг нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн голлох онцлог, хам шинж үзэгдлүүдийг түүвэрлэн авч үзие.
Уул уурхайгаас бусад эдийн засгийн салбарын уналт.
Баялгаас орж ирж буй гэнэтийн орлогын улмаас уул уурхайн салбарт анхаарал илүү төвлөрч улмаар эдийн засгийн бусад чухал салбарууд болох аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарууд нь анхаарлын гадна хоцорч уналтын байдалд орно. Чадварлаг бизнесменүүд, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид хялбар, ашиг ихтэй уул уурхайн салбар луу шилжихийг эрмэлзэж, чадварлаг мэргэжлийн боловсон хүчнүүд нь ажлаа орхин цалин өндөртэй уурхайн компануудад ажиллаж эхэлнэ.
Монгол улсын хувьд энэ хам шинж тодорхой ажиглагдаж байгаа нь Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхайн экспoртooс ихээхэн хамааралтай болж, бизнесийн бусад салбар, ялангуяа аж үйлдвэрийн салбар нь уналтанд ороод байгаагаас харж болно. Аливаа улсын экспортын 25% аас дээш хувийг эдийн засгийн аль нэг салбар, тухайлбал уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт, эзэлж байвал тухайн улс тус салбараасаа ихээхэн хамааралтай эдийн засагтай байна гэж үздэг. Тэгвэл өнөөдөр манай улсын нийт экспортын 86.2% хувийг уул уурхайн экспорт эзэлж байгаа нь өнөөдөр бид уул уурхайгаас хэт хамааралтай, эрсдэлтэй эдийн засагтай болсон нь тодорхой. Гадаад дотоодод төгсч ирсэн мэргэжлийн боловсон хүчнүүд төдийгүй, бизнесийн бусад салбарын мэргэшсэн туршлагатай боловсон хүчнүүд бүгд уул уурхай руу тэмүүлж байна. Жишээ нь хэдхэн жилийн өмнө уул уурхайн салбар хөгжихөөс өмнө манай улсын аялал жуулчлалын салбар нь англи болон бусад хэлтэй хөтөч, боловсон хүчнээр хангагдсан салбар байсан бол өдгөө нөгөө бэлтгэгдсэн боловсон хүчнүүд нь уул уурхайн компануудад ажиллах болж, аялал жуулчлалын салбар маань боловсон хүчний дутагдалд орох болсон байна.
Авилга, Хээл Хахууль.
Баялгаас орж ирж буй гэнэтийн их орлого нь засаглалд буй улс төрчид, мэдээлэлд ойрхон буй элит бүлэглэлүүдийг авилгалд татах эх үүсвэр нь болдог. Авилга нь гадааад болон дотоод нөлөөлөлийн эх үүсвэртэй байж болно. Гадны нөлөөлөлтэй авилгын хувьд хөрөнгө оруулагч нэрээр орж ирж буй гадны томоохон корпорацууд, бизнесменүүд баялгыг бүхэлд нь эсвэл ихэнх хувийг эзэмшихийн тулд тухайн орны засгийн газрын эрх мэдэлтнүүдийг авилгадан эрхэндээ оруулах нь түгээмэл бөгөөд энэ нь сонгодог бөгөөд хамгийн хялбар арга байдаг. Авилгын улмаас гадныхны атганд орсон эрх мэдэлтнүүд ард түмэндээ ашиггүй, өөртөө болон гадныханд ашигтай гэрээг хийж баялгийг хуулийн дагуу мэт боловч хууль бусаар гадныханд хуу сорох болoмжийг бүрдүүлж өгдөг.
Дотоодын нөлөөтэй авилга нь баялгийн ордыг эзэмшихээр өрсөлдөж буй буй элит бүлэглэлүүдийн хооронд мөн эсвэл засгийн эрх мэдэлтнүүдийн оролцоотойгоор явагддаг. Авилга хээл хахууль нь тухайн оронд баялгийн хэт тэгш бус хуваарилалатын эх үүсвэрийг тавьж маш цөөн тооны хувь хүмүүс болон элит бүлэглэлүүд хэт баяжиж ард түмэн ядуу хэвээр үлдэх нөхцөлийг бүрэлдүүлэх ба энэ ялгаа нь улмаар ард түмэн болоод засгийн газарын хооронд харилцан үл итгэх байдал, ноцтой зөрчил тэмцлийг бий болгодог. Манай улсын хувьд ойрын жишээ дурдавал Оюу Толгой, Бороо Гоулд гээд Монголчуудын хувьд ашиг муутай гэрээнүүд хийгдсэн нь араасаа авилгалын хардлагыг дагуулж байдаг нь нууц биш юм.
Transparency International буюу Олон Улсын Ил Тод Байдал -ын итгэмжлэгдсэн байгууллагын гаргасан судалгаагаар бол сүүлийн жилүүдэд Монгол улсад авилга өссөөр байгаа аж. Үүний жишээ нь авилгалын индексээр Монгол улс нийт 185 орноос 2006 онд 99-р байр, 2008 онд 102 дугаар байрт жагсаж байсан бол 2009 oos 2011 онуудад даруй 120 байр луу ухарсан байна. Энэхүү авилгал эрс өссөн цаг хугацаа нь Монгол улсад уул уурхай эрчимтэй хөгжиж эхэлсэн цаг хугацаатай давхцаж байgaa нь анхаарал татаж байгаа юм.
Баялгийн тэгш бус хуваарилалт.
Баялгаас орж ирж буй орлогыг зөв зохистойгоор, үр ашигтайгаар зарцуулах, мөн ард түмэнд, нийтэд хүртээлтэй байлгах механизм байхгүйгээс, засгийн эрхийг барьж буй бүлэглэлүүд, мэдээлэлд ойр буй цөөн тооны хувь хүмүүст баялгийг завших боломж нээлттэй байдаг. Энэ боломж нь цөөн тооны элит бүлэглэлүүдийг хэт баяжуулж, харин эх орны баялгийн зүй ёсны эзэн олонхи ард түмнийг хохироох боломжийг нээх бөгөөд баян ядуугийн ялгааг ихэсгэнэ. Баялгийн ихийг хүртэж хэт тасарсан хэсэгийн хувьд нийтийн эрх ашигт зориулагдсан зүйлд, тухайлбал улс орны дэд бүтцийн хөгжилд зориулан мөнгө зарцуулах сонирхол багатай байх ба хэрэв зарцуулсан тохиолдолд тендер, төслийг авах замаар орлого ашигаа нэмэгдүүлэх ба харин ашигийн эрхийн улмаас тухайн төсөлүүд нь чанартай гүйцэтгэлтэй байх нь ховор. Хэдийгээр сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг өсч байна, өнгөрсөн жил бүр 17.3% хувиар, урьд хожид байгаагүйгээр өслөө хэмээн шуугиж буй боловч харамсалтай нь дэлхийн банкны статистик мэдээгээр сүүлийн жилүүдэд Монголын хүн амын 30-40% орчим хувь нь ядуурлын түвшинд амьдарсаар байгаа нь дээр дурдсан өсөлттэй нийцэхгүй бодит дүр зургийг илтгэж байна. Тэр ч байтугай Хүний Хөгжлийн Индексээр Монгол улс дэлхийн 185 орноос 115-р байранд тогтвортойгоор сүүл мушгиж байна.
Dutch decease буюу Голланд өвчин.
Дээр дурдсан уул уурхайгаас хамааралтайгаар эдийн засгийн бусад салбарт гардаг хямралд нөлөөлдөг нэгэн хүчин зүйл нь Голланд өвчин юм. Энэхүү эдийн засгийн сөрөг нөлөө бүхий үзэгдэл нь анх байгалын баялгаараа хөгжлийн гараагаа эхэлсэн Голланд улсын хөгжлийн анхан шатны үед ажиглагдсанаараа ийнхүү нэрийдсэн. Голланд өвчин нь байгалын баялгаас орж ирж буй гэнэтийн их орлогын буруу менежементийн улмаас тухайн орны мөнгөний ханш чангарч улмаар экспортад гаргадаг уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний үнэ болоод үйлдвэлэлтийн зардалыг өсгөн олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадварыг бууруулдаг үзэгдэл юм.
Өдгөө Монгол төгрөгийн ханшын хэт хэлбэлзэл, уурхайгаас бусад экспортын салбар үндсэндээ уналтанд орж эдийн засаг бүхэлдээ зөвхөн уул уурхайн баялгийн экспортоос хэт хамааралтай болж байгаа зэрэг нь манай улсын эдийн засагт Голланд өвчний хам шинжүүдээс илэрч байгаагийн тэмдэг юм.
Зээл ба Өр.
Байгалийн баялгаас үүн дундаа уул уурхайгаас орж ирж буй орлого нь дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай савалгаа ихтэй боловч харьцангуй тогтвортой орлого юм. Энэхүүү тогтвортой орлогын эх үүсвэр болоод зээлийн барьцаа болдог баялгийн ордууд нь өөрөө тухайн улсын зүгээс асар өндөр хүүтэй, эдийн засгийн тооцоо муутай, эрсдэлтэй зээлүүдийг авах эрсдэлтэй алхам хийхэд хүргэдэг хүчин зүйлүүдийн нэг болдог.
Гэхдээ эдийн засгийн тооцоо муутай, эргэж төлөгдөх боломж муутай энэхүү зээлүүдийг авах эрсдэлтэй алхамууд нь гадны нөлөө, дарамт, шахалт гадны зөвлөхүүдийн “мэргэн зөвлөмж” гүйгээр хийгдэх нь ховор байдаг. Дашрамд дурдахад уул уурхай эрчимтэй хөгжиж эхэлсэн сүүлийн гурван жилд Монгол улсын нийт гадаад өр 4 тэрбум Америк доллараас 11 тэрбум болтлоо огцом өссөн, цаашид өссөөр байгаа нь эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө авчирч болох үзэгдэл төдийгүй ирээдүйд Монголын эдийн засгийг уналтад оруулж, баялгийн ордууд бултаараа гадны мэдэлд оруулж мэдэх нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байгаа юм.
Хүний Эрх Зөрчигдөх Асуудал.
Баялгийн хараал хүрсэн орнуудад засаглалын хэлбэрээсээ үл хамаараад хүний эрх зөрчигдөх асуудал түгээмэл үзэгдэл болдог. Байгалын баялгийг хуваалцан хүртэж буй элит бүлэглэлүүд засгийн эрхийг ээлжлэн барих бөгөөд, тухайн засаглал нь гадна дотны ашиг сонирхол нэгтэй бүлэглэлүүд, корпорацуудын эрх ашигт нийцүүлсэн бодлогыг явуулж л байвал гадаад дотоодын, олон улсын ашиг сонирхол бүхий талуудын дэмжлэгийг хүлээж оршин тогтносоор байх боломжтой болдог. Гэхдээ мэдээж энэ нь тоглоомны гадна үлдэж буй олонхи болох ард түмний эрх ашигтай үл нийцэх тул зөрчилдөөн үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Зөрчилдөөнийг шийдэхэд засгийн газараас ихэнхдээ засаглалаар далайх, сүрдүүлэх, хүч хэрэглэх аргуудыг хэрэглэх бөгөөд үүнээс үүдэн засаглал нь авторитет, дарангуйлал, буюу хүчний бусад засаглалын хэлбэрт шилждэг.
Засгийн эрх барьж буй элит бүлэглүүүд буюу засгийн газар нь баялгийг бүхэлд нь зарцуулах эрх мэдлийг авах нь тэдэнд хэмжээлшгүй эрх мэдлийг өгч улмаар засгийн газар ард түмний хоорондын харилцан хамаарлыг багасгадаг. Ард түмнээс хамаарал багатай болсон засаг өөрсдийн аюулгүй байдлаа хангахын тулд хүчний байгууллагууд болон шүүх засаглалыг хүчирхэгжүүлэн бэхжүүлж өөрсдийгөө хамгаалуулдаг.
Өнөөдөр ямар ч Монгол хүн эх орноо баялгийн хараал хүрсэн Нигер, Конго улсууд шиг болгож, мөхөл сүйрлийн ирмэг дээр аваачихийг хүсэхгүй нь мэдээж. Юм бүхэн бидний хүслээр болдог бол сайхан л даа. Харамсалтай нь үгүй юм. Монгол улс баялгийн хараал тусахад тун ойрхон байгаа талаар манай нэр хүнд бүхий эрдэмтэд судлаачид эдийн засагчид сануулсаар байгаа, яг ийм дүн шинжилгээг тухайлбал “Монгол улс баялгийн хараал тусахад аюултай ойрхон байгаа улс” гэсэн тодорхойлолтыг Английн Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд гаргаад байгаа нь өнөөгийн Монгол орны нийгэм, улс төр, эдийн засгийн үгүйсгэж болшгүй бодит дүр зураг юм.
Гэхдээ одоохондоо бидэнд сонголт нь нээлттэй байсаар байна. Баялгаа хараал биш ерөөл болгож хөгжингүй орнуудын тоонд багтаж чадсан Ботсван, Чили, Казахстан улсуудын жишигээр явж улмаар Норвег улс шиг хөгжлийн өндөр түвшинд хүрэх боломж бидэнд бий. Үүний тулд бидэнд эдийн засгийн чадварлаг менежменттэй, ил тод ажиллагаатай, алсын хараатай, гадны дарамт шахалт нөлөөнд үл автах, баялгийг зөв хуваарилж үр ашигтайгаар зарцуулж чадах засаглал шаардлагатай. Ямартай ч Монголын ард түмний мэргэн ухаан, итгэл зүтгэл баялгаа ерөөл болгож чадна гэдэгт Монголчууд бид итгэж явдаг.
URL: