Хотын даргын шийдвэр борлуулалтын бизнес эрхлэгчдийг алдагдалд оруулжээ
Нийслэлийн замын ачааллыг бууруулах хотын даргын шийдвэр хэрэгжиж эхлээд сар болж байна. Долоо хоногийн эхний таван өдөр иргэдийг автомашины дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулж байгаа нь замын ачааллыг бууруулж байна хэмээн эерэгээр дүгнэх хүмүүс бий. Харин энэ шийдвэр зарим иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа гэнэ.
Тодруулбал, “Монголын борлуулагчдын холбоо” төрийн бус байгууллагаас өчигдөр мэдээлснээр хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн борлуулалт, түгээлтийн бизнес эрхлэгч байгууллагуудын харилцагч, хэрэглэгчдэд үзүүлдэг бараа хүргэлтийн үйлчилгээнд хүндрэл учирч эхэлсэн байна. Үүний улмаас үйлчилгээний газруудад өргөн хэрэглээний барааны тасалдал үүсч, байгууллагуудын орлого, ажилчдын цалин буурчээ.
Мөн бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлж, хугацаа дуусах эрсдэл тулгарч эхэлсэн аж. Нийслэлд хүнс, өргөн хэрэглээний бөөний худалдааны түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, пүүс компани, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдгаас уг холбоонд 150 гаруй байгууллага нэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан уг холбооноос НИТХ-аас гаргасан 28 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 4-т заасан “Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай ажлын болон дуудлагын, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалт хамаарахгүй” гэсэн заалтад “Түгээлт, борлуулалтад явж үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгсэл” гэж шинээр нэмэлт, өөрчлөлт оруулж өгөхийг хүсч, НИТХын дарга Д.Баттулгад хүсэлт гаргажээ.
Тус холбооныхны энэхүү хүсэлтэд анхаарал хандуулахгүй бол захын гэр хорооллуудын хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тогтсон хуваарийн дагуу түгээгдээгүйгээс өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх магадлалтай гэнэ. Ийнхүү нийтийн үйлчилгээ үзүүлдэг түгээлт, борлуулалтын бизнес эрхлэгчдийг ялгаварлаж байгаа нь Иргэний хуулийн 1.2 дахь заалтыг зөрчиж байгаа ажээ. Түүнчлэн түгээлтийн нэг машин, нэг ажилтны сард дөрвөн өдөр сул зогсоход гарах алдагдлын тооцоог гаргасан байна. Байгууллагуудын машины тооноос хамаарч алдагдал нэмэгдэж бодогдох юм байна. Тооцоог хүснэгтээр харуулъя.
Ц.ЖАРГАЛ
unen
URL: