Эрх баригчдад боловсон хүчний хомсдол нүүрлэжээ

Дэд сайдад эчнээ нэр дэвшигчдийн тоглолт Засгийн газрын томилгоогоор өндөрлөх шив. Аз нь гийвэл дэд сайдад, эз нь дийлдвэл хоосон хоцорчих гээд байгаа хэдэн нөхөд сүүлийн сар гаруйн турш өөрсдийгөө энэ албанд томилуулах гэж хэвлэлээр яасан ч их бичүүлэв дээ. За ямар ч гэсэн яамд дэд сайдтай боллоо. Тэдэн дунд намдаа хүртэл олигтой танигдаагүй нөхөд ч албан тушаалын бялуу хүртчихсэн тууж явна. Шууд утгаар нь харвал сайдуудыг томилсон зарчим энэ удаад ч бас үйлчилжээ. Фракц бүлэглэлд тал зассан, нутаг ус, жалга дов, танил тал харсан сайдуудын томилгоо олон нийтээс хангалттай шүүмжлэл хүртсэн.
Тиймдээ ч Засгийн газар дэд сайдуудын томилгоог түр зуур хүлээлгэж, өмнөх шүүмжлэлийг саармагжуулахыг оролдсон хэрэг. Харамсалтай нь бүр ч хэцүүхэн томилгоонууд хийж, ард олны дургүйцлийн галыг нэмэв бололтой. Эрх барьж буй АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН дэд сайдын албан тушаалыг 11:5:1 гэсэн харьцаагаар хуваан авсан байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад ажил нь олдсон уу эсвэл дэд сайдад горилогсдын тоо ихэдсэн үү, юутай ч энэ салбар хоёр дэд сайдтай болжээ.
Ингэснээр АН 10 яаманд 11 дэд сайд томилох эрх авчээ гэсэн үг. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тав /үүний гурав нь МАХН, хоёр нь МҮАН-ынх/, ИЗНН нэг дэд сайдын суудалтай болж байна. УИХ-ын сонгуульд өвдөг шороодогсод дэд сайдуудыг өнгөлж байгааг эс тооцвол салбар тэргүүлэх албан тушаалтанд тавих наад захын шалгуур, шаардлагыг тэднээс хайх хэрэггүй л болов уу. УИХ-ын экс гишүүн О.Чулуунбат, МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулга, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, Төв аймгийн АН-ын хорооны дарга Д.Доржпүрэв нарт ард түмэн парламентын сонгуулиар итгэл үзүүлээгүй. Харин тэд өөрсдийгөө энэ Засгийн газарт сайд биш юмаа гэхэд дэд сайдаар ажиллах хувь тавилангийн эзэд гэж үзсэн бололтой юм. Д.Ганхуяг, А.Баттөр, О.Эрдэнэбулган нарыг эс тооцвол АН-аас томилогдогсдод төрийн албаны туршлага, ур чадвар гэж үнэндээ юу ч алга. АН намынхаа аппаратад ажиллаж байсан үнэнч нөхдөд дэд сайдын бялуунаас хангалттай хүртээсэн байна. Энэ ангилалд АН-ыг орон нутагт төлөөлж буй Д.Доржпүрэв, Х.Ержан, намын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Ж.Амарсанаа нарыг оруулж болно. Ж.Амарсанаа “Нэг ардчилал” клубын дэмжлэгээр дэд сайдад нэр дэвшчээ.
Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын үүсгэн байгуулсан “Нэг ардчилал” фракц албан тушаалын томилгоонд хэтэрхий улайран шунаж байгаагаас дэд сайдын томилгоо гацсан гэсэн яриа ч гарч байсан билээ. Бизнесийн төлөөллүүдэд ч дэд сайд хэмээх албан тушаал хачин амттай санагдсан байна. Сангийн дэд сайдаар “Гангар” компанийн захирал Б.Пүрэв, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар “Комацу” компанийн захирал Э.Тамир нар томилогдов. Өнгөрөгч дөрвөн жил нийслэлийн ИТХ-д сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллаж явсан гэдэг утгаар нь Э.Тамирыг дэд сайдын албаар шагнасан гэж л эерүүлэн бодохоос…
Уул уурхайн хүнд механизмын “эрүүл” эсэхийг оношилдог компанийн захирал хүний хөгжил, нийгмийн хамгааллын асуудлаар төрийн бодлого тодорхойлно гэдэг санаанд нэг л буухгүй байна. ШШБЕГ-т ажиллаж байснаас өөр гавьтай ажил эрхэлж байгаагүй Г.Байгальмаа хэмээх бүсгүй өнөө үед хамгийн их анхаарал татаж байгаа барилгын салбарт ажиллах томилолт гарджээ. МоАХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж Х.Баттулгын итгэлийг олсон тулдаа л тэрбээр намын жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэж, дэд сайдын албыг ямар ч өрсөлдөгчгүйгээр авав. Нэг намын фракцын ажлыг амжуулах нь барилгын нүсэр ажлаас огт өөр. Ядаж л салбараа ойлгож мэддэг хүн байх учиртай. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Тувааны тухайд АН-ын ҮЗХ-ны гишүүн гэхээс өөр мэдээлэл алга. Түүнийг “Шонхор” фракцын төлөөлөл болгон УИХ-ын дарга З.Энхболд илгээсэн юм байх. Фракцуудын амыг хааж, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх зарчмыг дэд сайдуудын томилгоонд АН-ын дарга Н.Алтанхуяг баримталсан нь илт. Нам, засгийн эрхийг гартаа төвлөрүүлж байгаагийн хэрэг юу билээ, өөрийнхөө өмчийн “Алтангадас”-ынхны эрх ямбыг илүү бодолцож, бусад фракцдаа ч гэсэн дэд сайдын суудлыг амсуулаад л орхиж. Б.Ургамалцэцэг, Х.Ержан, О.Эрдэнэбулган нар намын даргын халаасны хүмүүс бөгөөд энэ фракцынхан дэд сайдын томилгоонд илүүрхэж байна. Элчин сайд асан Г.Баттөрийг эртнээс Ерөнхийлөгчийн хүн гэсэн мессэж хэвлэлээр явсан. Орон нутгийн төлөөлөл болон томилогдсон Д.Доржпүрэв УИХ-ын экс гишүүн Б.Батбаатарын байгуулсан “Мөнх тэнгэр” фракцынхантай илүү сайн ойлголцдог учир бялуу амссан гэнэ. ИЗНН-ын нэрээр дэд сайд болсон “Гермес” төвийн эзэн М.Түмэнжаргал барилгын материал үнэ ханш хөөцөлдөхийн оронд одоо соёл, спорт, аялал жуулчлалын талаар түлхүү ярих шаардлагатай болов.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс санал болгосон дэдүүдийн хувьд харин эсрэгээр, улстөрд улиг болсон хүмүүс. О.Чулуунбат, Ж.Батхуяг, Б.Цогтгэрэл нараас арай шинэ гэж байгаа нь Б.Тулга, Э.Эрдэнэжамьян нар. Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга намын даргыгаа төрийн тэргүүнээр ажиллаж байх үеэс дагасан нэгэн. МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүхээр ял авсан хэргүүдийнх нь нэгд ахтайгаа хамт нэр холбогддог. Энэ утгаараа түүнийг эксийн их л итгэлтэй хүн нь гэгддэг.
Улстөрд адармаатай аргаар хөл тавьсан түүний хувьд байр суурь нь цаашид ч зөвхөн нэг хүнээс хамааралтай байх нь тодорхой. Э.Эрдэнэжамьянгийн хувьд намын жагсаалтын есдүгээрт эрэмбэлэгдсэн учраас албан тушаалын бялуунаас хүртэнэ гэдгээ ил тод мэдэгдсээр дэд болов. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд өнгөрсөн бямба гаригт Засгийн газраас томилогдсон 17 дэд сайд уг албан тушаалын чансааг бууруулсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Намын нүүр тахалчих нас залуу, туршлага арвин, нийгэмд эерэг оноо авчрах боловсон хүчнээр эдгээр нам дутагдаж буйг ч дээрх томилгоо харуулж байна. Үнэхээр эрх баригчид боловсон хүчний хомсдолд орж, төрийн албыг гэнэтийн хүмүүсээр дүүргэж байна.


Голлох салбарт хамтарсан бодлого хэрэгжихгүй нь

Дэд сайдуудыг салбарынх нь сайдтай намын харьяаллаар сөөлжүүлэх хэлбэрээр томилдог. Ер нь эвсэж хамтарч засаг байгуулсан намууд ийм хэлбэрийг эрхэмлэдэг билээ. Гэтэл өнөөгийн Засгийн газар дэд сайдуудыг томилохдоо энэ зарчмыг алдагдуулсан байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Л.Болд, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Д.БатЭрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Зам тээврийн сайд А.Гансүх нар өөрийнхөө намын дэд сайд нартай гар нийлж ажиллах нь. Эдгээр нь улс орны хөгжилд нэмэр болдог, иргэдийн гар дээр хэдэн төгрөг өгөхийг мэддэг хамгийн анхаарал татаж буй салбар юм.
Өөрөөр хэлбэл, АН гол яамддаа хамтран засгийн эрх барьж буй “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын дэд сайдуудыг халгаагаагүй байна. Энэ нь тус яамд хяналтгүй үлдэж байгаагийн нэгэн жишээ. Нөгөө талаар эдгээр салбарт “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ын бодлого хэрэгжихгүй, засагт хамтарсны үр дүн гарахгүй гэсэн үг юм. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, ИЗНН-ын дарга С.Оюунд МАХН-ын Б.Тулга хэмээх залуу шадарлана. Ямар учраас хамтрагч хоёр намынхаа хүмүүст ерөнхий чиг үүргийн яамаа хариуцуулсан нь ойлгомжгүй.
Уг нь байгаль орчны асуудлыг энэ Засгийн газар бодлогын төвд байлгаж, чиглэлийн яамнаас ерөнхий чиг үүргийн болгон өөрчилсөн билээ. Байгаль орчны салбарт АН-ын харьяалалтай хүнийг дэд сайдаар томилсон бол нэг ч гэсэн яаманд хоёр намын сайд, дэд сайд ажиллах боломж бүрдэх байв.

ДЭД САЙДУУД ЯМАР АЛБА ХАШИЖ БАЙВ

Ардчилсан нам:
1. Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг- ГХЯ-ны Консулын газрын дарга

2. Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа- МоАХ-ны нарийн бичгийн дарга, намын жагсаалтын 15-т бичигдсэн

3. Сангийн дэд сайд С.Пүрэв- “Гангар” компанийн захирал

4. Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр- Бельги Улсад эх орноо төлөөлөн ажиллаж явсан Элчин сайд

5. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг-АН-ын нарийн бичгийн дарга, намын жагсаалтын 13-т эрэмбэлэгдсэн

6. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган-Төрийн өмчийн хорооны дэд дарга

7. Зам тээврийн дэд сайд Х.Ержан- Баян-Өлгий аймгийн АН-ын хорооны дарга 8. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир- “Комацу” компанийн захирал, нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан

9. Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв-Төв аймгийн АН-ын хорооны дарга, УИХ-ын сонгуульд аймагтаа нэр дэвшээд ялагдсан

10. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан- АН-ын ҮЗХ-ны гишүүн

11. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа- Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл:

12. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат-УИХ-ын гишүүн асан, “Шударга ёс” эвслээс Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялагдсан

13. Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга- МАХНын даргын туслах, УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймагт нэр дэвшээд ялагдсан

14. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян-МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, “Шударга ёс” эвслийн жагсаалтын есөд эрэмбэлэгдсэн

15. Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг-МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, “Шударга ёс” эвслийн жагсаалтын наймд эрэмбэлэгдсэн

16. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл- МҮАН-ын дэд дарга, УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай аймагт нэр дэвшээд унасан

ИЗНН:
17. Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.ТүмэнжаргалБарилгын материалын худалдааны “Гермес” төвийн захирал

Н.ЦЭЦЭРЛЭГ

UNEN


URL:

Сэтгэгдэл бичих