УИХ-ын 23 гишүүн Оюу толгойн гэрээг Монгол Улсын 57 дугаар тогтоолд нийцүүлж, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан өөрчлөлт оруулахыг шаардсан бичгийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт илгээсэн юм. Дээрх гишүүд ч 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Оюу толгойн гэрээг өөрчилнө гэсэн заалтыг оруулахаар тусгуулж чадсан байлаа.
Энэ нь “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч Рио Тинто-д цохилт өгсөн хэрэг. Тэд Засгийн газрын төлөөлөлтэй уулзан “Хэрвээ хувь эзэмшлийг эргэн харна гэвэл бид хөрөнгө оруулалтаа татна” хэмээн бойкотлосон гэх.
Тиймээс ч засаг барьж байгаа АН-ынхан, Н.Алтанхуягийн танхимынхан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгагдсан заалтыг өөрчилж, Оюу толгой гэж онцолсныг хасч баталлаа.
Гэвч УИХ-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлж, хэвлэлийн хурал зарлаж, тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Оюу толгойн гэрээг сайжруулахыг дэмжсэн гишүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж.
Анх 23 УИХ-ын гишүүн дээрх гэрээг сайжруулахыг дэмжиж гарын үсэг зурсан бол одоо 26-д хүрчээ.
Энэ нь Рио Тинто-гийнхонд түгшүүр төрүүлж буй. Тиймээс дээрх компани олон нийтэд Оюу толгойн гэрээ ашигтай шүү гэсэн ойлголтыг төрүүлэхээр сурталчилгаагаа эрчимжүүлжээ. Гэрээг өөрчилбөл гадаадын хөрөнгө оруулалтыг үргээнэ гэсэн “захиалгат” нийтлэл ч сонин хэвлэлийн хуудсыг чимэх болов.
Гудамжинд талхны зурагтай реклам байршуулж, саяхан үнэ нь нэмэгдсэн 700 төгрөгийн үнэтэй атар талхыг хувааж хэрчээд ашгийн 29 нь хөрөнгө оруулагчдад, 71 хувь нь Монголын ард түмэнд очиж байгаа, тиймээс өөрчлөх шаардлагагүй гэсэн далд утгыг агуулан пиар хийж эхэлжээ.
Монголчуудын өргөн хэрэглээ болох талхаар нь зүйрлээд гекламдвал хүмүүсийн толгойд суугаад байгаа ашиггүй гэсэн ойлголт нь өөрчлөгдөнө гэж тооцсон хэрэг.
Гэвч Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан судалгаагаар Оюу толгойн гэрээ ашиг муутай нь батлагдаж, үндэсний эрдэмтэд, судлаачид, геологчид ч тааруу хэмээн үнэлгээ өгөөд байхад монголчууд тийм ч амархан хууртахгүй дээ.
Асар их нөөцтэй ордоо ашиглуулж байж, давуу боломж эдлээгүй төдийгүй Монгол Улс 34 хувийг нь эзэмшихийн тулд мөнгөө төлж худалдан авч байгаа. Дээрээс нь тийм том бүтээн байгуулалт өрнөх газар цахилгаан станц бариулах байтугай замын асуудлыг ч шийдүүлж чадаагүй шүү дээ. Бас роялтын татварыг авахгүй царцаасан, тэнд хайгуул хийж илрүүлсэн усны нөөцийг зөвхөн “Оюу толгой” ХХК-ийн эзэмшлийнх гэж хуульчилж өгсөн гээд тоочоод байвал “но”-той зүйл бишгүй бий.
Рио Тинтогийн төлөөлөл Оюу толгойн гэрээг сайжруулахыг шаардаж байгаа гишүүдтэй уулзалт хийгээд эхэлжээ. Өчигдөр л гэхэд Шадар сайдтай, өнөөдөр 12 цагт “эсэргүү, эх оронч дүр эсгэгч” хэмээн гоочлуулаад байгаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй уулзахаар болсон гэнэ.
Тэд ямартай ч хууль тогтоогч түшээдийг сэнхрүүлэх гэж байгаа хэрэг биз ээ.
Х.Тэргэл www.times.mn |