Засгийн газрын томилгоонууд нэг л биш ээ
Парламентын 20 жилийн түүхэнд сонин, содон, гэнэтийн үзэгдэл гэмээр хүмүүс их улс төрд орж ирж л байлаа. 1996 оны сонгуулиар хөвсгөлчүүд гавьяат хуульч, Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид гуайг монголчууд байтугай төрсөн сумынхнаас нь өөр хэн ч танихгүй залуу багш Д.Бохьшаргаар сольж, хууль тогтоох дээд байгууллагад сонгон УИХ-ын гишүүн болгож байсан түүхтэй. Тэр жилийн сонгуулиар ардчиллын гэх хаягтай хэний ч танихгүй олон хүн парламентын гишүүн болсон. Харин одоо тэднээс их улс төрд үлдсэн нь гарын арван хуруу дотор эргэлдэнэ. Нэг удаагийн аз, одоор төрийн эрх барьж үзсэн тэдний ихэнх нь одоо хөрсөндөө бууж, чаддаг чаддагаараа амьдралаа залгуулж буй. Миний мэдэх нэг нь лав жолоо мушгин, нүүрс тээвэрлэж яваа бол тэр үедээ л том хуульч гэгдэж байсан нөхөр шилтэй цэнхэртэй нөхөрлөн Их хурлын гишүүн байсан сайхан дурсамжаараа амьдарч байгаа.
Одоогийн энэ парламентад ч дээрхээс дутахгүй санамсаргүй орж ирсэн нөхөд хэд хэд бий. Зарим нэг нь байнгын хороог тэргүүлэх нь байтугай сул гишүүнээр ажиллах потенциалгүйгээ хүлээн зөвшөөрч манарч суугаа нь харагдах л юм. Яахав дээ, намдаа үнэлэгдээд жагсаалтаар Их хурлын гишүүн болчихсон азыг нь үнэлмээр.
Гэхдээ хууль тогтоох дээд байгууллагад намын жагсаалт гэх нэрийн дор нэг биш нэлээд хэдэн бор халзан хонь сонгогдсон нь энэ парламентыг арчаагүй харагдуулаад байна. Парламент төдийгүй Засгийн газрын сүүлийн үед хийж буй томилгоонууд ч Ерөнхий сайдын хийх шинэчлэлд эргэлзээ төрүүлж мэдэхээр болов. Намууд хүнээ шигшсэн шиг шигшиж, мэргэжил, боловсрол, чадал чансаагаар нь эрэмбэлсэн шиг эрэмбэлж чадсан бол энэ парламент чадалтай чадвартай улстөрчдөөр бүрдэх боломж байсан.
Ялангуяа МАХН-МҮАНын “Шударга ёс” эвслийн хувьд. Гэр бүлийн болон тэр үеийн улс төрийн нөхцөл байдалд хэт автсан хөөрлөөр намын жагсаалтад хандаж, тэмцэгчдээ илүү үнэлснээс парламентын ханшийг унагасан. Энэ эвслийн туг, далбаа болж чадах олон хүнийг парламентын гадна үлдээсэн. Гэвч МАХН өнөөдөр ч гэсэн Н.Энхбаярын хайрцагласан ваакумаас салж чадахгүй, хараат хэвээр байгаа нь дэд сайдын томилгооноос харагдлаа. Н.Энхбаярын туслах Б.Тулга, Н.Энхбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэжамъяан гээд салбарынхан нь байтугай үе тэнгийнхэн ч үл мэдэх Энхбаяраар овоглосон залуусыг дэд сайдаар өргөмжиллөө. Гавьяат хуульч С.Нарангэрэлийг Хууль зүйн дэд сайд болгосон бол олон нийт хүлээн зөвшөөрөх байлаа. Тэр улстөрч биш ч салбартаа танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн хуульч. Энэ хүнээс салбарын шинэчлэл, шинэ бодлого, эрх зүйн орчныг хүлээж болно. Гэтэл Э.Эрдэнэжамъяанг С.Нарангэрэл хуульчаас илүүд үнэлсэн нь МАХН-ын боловсон хүчний бодлого, Ерөнхий сайдын шинэчлэлийн сонголтод эргэлзэхэд хүргэв.
“Туслах болбол дэд сайд болно” гэсэн хошигнол, сэтгэгдэл, доог тохуугаар твиттерүүд дүүрчээ. Хууль эрх зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдөх нь байтугай танигдаж ч амжаагүй, хуульч өмгөөлөгчийнх нь шинэхэн дипломын дардас хатаж ч амжаагүй хүнийг дэд сайд болгоод юу хийнэ гэж хүлээх вэ? Тэр гудамжны тэмцлээр Н.Энхбаярыг өмгөөлж байсан. Харин одоо дэд сайдын сэнтийд суугаад нөмөр нөөлөг болох уу? Ийм хүмүүсийг ямар гавьяа байгуулсан гэж нам нь ичихгүй нэр дэвшүүлж, Ерөнхий сайд нь нүдэн балай чихэн дүлий хүлээн зөвшөөрч чаддаг байна аа. Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшүүлээд мөн тоогоор буцааж байсан түүх бий. Гэтэл дэд сайдад нэр дэвшигчийг буцаах эрх Ерөнхий сайдад байсангүй гэж үү
Дэд сайд нарын дунд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат , Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл гээд салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, нийгэм, улс төрийн ажлын туршлагатай 4-5-хан хүн л байна. Харин бусад нь нам доторх улстөрийн фракц бүлэглэлийн нөлөө бүхий хэдхэн хүний лообий, дэмжлэгээр тус тусын салбартаа хоёр дахь лидер хэмээн зарлагдлаа. Засгийн газрын томилгоонууд АН дахь фракциудын ашиг сонирхлыг тэнцүүлсэн хэмээн зарим хэвлэл мэдээллийнхэн дүгнэж байгаа. Намын, тэртусмаа хэсэг бүлгийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас дээгүүрт үнэлэгдэх ёстой юу? АН-ын дэд сайд нарын томилгооноос харахад үндсэндээ хоёр хэсэгт хувааж болохоор байна.
Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв нарыг АН-д үнэнч байсных нь төлөө нам нь дэд сайдаар шагнасан бол Сангийн дэд сайд С.Пүрэв, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир, Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нарыг фракцын толгойлогч нартаа үнэнч зүтгэснийх нь төлөө нөлөө бүхий хэдхэн хүний үнэлэмж, дэмжлэгтэйгээр төрийн сайд болгожээ. Эдний дунд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ч байна. “Гангар инвест”-ийн С.Пүрэв Сангийн сайд болсон. Тэр хүний компани нэлээд хэдэн жилийн өмнө Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлээс 50 сая юань авч байжээ. Энэ зээлийн төлөгдөх хугацаа өнг өрсөн ч барагдуулж дууссан эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байдаг талаар салбарынхан нь ярьж байна. Хэрэв энэ яриа үнэн бол түүнийг Сангийн дэд сайд болгосноор ашиг сонирхлын томоохон зөрчилтэй АН эвлэрчээ.
Дэд сайдын томилгоотой зэрэгцүүлэн хийсэн агентлагийн дарга нарын томилгоо ч анхаарал татаж байгаа юм. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр Б.Пүрэвдорж гэдэг хүн томилогдсон. Энэ хүн тодорхойгүй шалтгаанаар удаан хугацаагаар ажил тасалсан гэх үндэслэлээр хоёр жилийн өмнө гаалийн албанаас халагдаж байжээ. Гэтэл ийм хүнийг улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой хил, гааль, визийн асуудал эрхэлсэн чухал албан тушаалд томилсон нь Засгийн газрын томилгоо нэг л биш байгааг илчилж байна. Энэ мэтчилэн өнгөрсөн хагас сайн өдрийн Засгийн газрын томилгоог үл зөвшөөрсөн хэл ам эхнээсээ гарч эхэллээ. Сайд, дэд сайд бол улс төрийн албан тушаалтан. Гэхдээ улс төрийн бялуу хуваалт хэрээс хэтэрч, намын хамаарлаас арай гэж салж буй төрийн албыг дахиад л улс төржүүлж мэдэх нь. Гэхдээ Н.Алтанхуяг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартаа нэлээд ач холбогдол өгч, салбараа мэддэг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж буй.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар олны дунд “элэг”- ний хэмээн алдаршсан Ж.Хатанбаатарыг томилсныг салбарынхан нь таатай хүлээн авч байгаа. Энэ хүн Эрүүл мэндийн сайд Н.Удвалын гол түшиг тулгуур нь болох нь тодорхой. Тэгээд ч нэг намын угшилтай тул гар нийлж ажиллах нь мэдээж. Харин дэд сайдаар томилогдсон Ж.Амарсанаа гэх залуугийн хувьд салбарынхан нь ч сайн мэдэхгүй юм билээ. Дэд сайдаар ажиллахад ажлын дадлага туршлага, мэдлэг нь дутна гэсэн болгоомжлол байна. Н.Алтанхуягийн томилгоо үүгээр дуусахгүй. Одоо Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргыг эвссэн намуудтай зөвшилцөн томилно.
Мөн хэд хэдэн агентлагийн даргын томилгоо ч яригдаж буй. Танхимаа бүрдүүлэх, багаа сонгохдоо улс төрийн болон төрийн албаны туршлага, олон түмний дундах нэр хүнд, боловсрол мэдлэгийг илүү анхаараасай. Албан тушаалд шүтэгчид, ах нараа бараадан хишиг горилогчдын амыг алгадах эрх, үүрэг уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт бий сэн.
Тоймч Д.Оюун-Эрдэнэ
URL: