Даварсан улстөр үү, дарлагдсан улстөр үү

Сүүлийн үед хошин урлагийн Хүрлээгийн уншдаг шүлэг байн байн санаанд ордог болчихож. Хэдэн жилийн өмнө ёстой л “Од” гээч нь болж байв даа. “Эргэлзээ” гэх шүлэг нь.

Тухайлбал “…Парламентийн гишүүд хууль зохиогоод байгаа ч юм шиг, хуйвалдаан зохиогоод ч байгаа юм шиг, Хонгор сумийнхан хордсон ч юм шиг, хордоогүй ч юм шиг,  цонх онгойлгохоор агаар ороод ч байгаа юм шиг, угаар ороод ч байгаа юм шиг, машин яваад ч байгаа юм шиг, зогсоод ч байгаа юм шиг битүү түгжээ, монголчууд мандан бадраад ч байгаа юм шиг, балран доройтоод ч байгаа юм шиг, байгалийн баялгийг ашиглах нь зөв ч юм шиг, буруу ч юм шиг, сайд нар огцроод ч байгаа юм шиг, дэвшээд ч байгаа юм шиг гэх зэргээр “эргэлздэг”.

Үнэхээр энэ нийгэмд улстөрд эргэлзээ бий болчихжээ. Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн парламентын олонхи цөөнх 2 бие биенээ бойкотлож, шантаажилж, эцэс сүүлдээ “харилцан ойлголцолд” хүрсэн нь холимог системээр сонгууль явуулах байлаа. Энэ нь тэдний тайлбарлаад байгаа шиг ач холбогдолтой эд биш гэдгийг Монголчууд сонгуулийн дараа л ойлгосон. Тодруулбал, залуу халуун боловсон хүчнүүдээ зайгаа тавьж өгөх болсон “архагууд” намын жагсаалт гэгчээр парламентад орж ирсэн. Өөрөөр хэлбэл хүчтэй, нэртэй, нөлөөтэй залуусын буянаар парламентын гишүүн болж байна гэсэн үг. Үнэндээ намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн нөхдүүдээс хуруугаар өлгөөд авчих ганц ч хүн олдохгүй байна хэмээн иргэд халаглаж байв. Гэвч энэ нь ёстой л “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн хөөцөлдөх” гэгчийн үлгэр болж засаж залруулахаас өнгөрсөн хэрэг болсон байлаа.

Сонгуулийн тухай хуулийг сонгуулийн гууль болгож, иргэдийн сонгох эрхийг нэг талаар хааж боосон эл холимог тогтолцоог МАН хийгээд АН-ын бүлгийн гишүүд “харилцан ойлголцсоныхоо” хүчинд бий болгосон.

Үүний дараа УИХ дахь АН-ын бүлэг парламентын хамгийн ахмад гишүүнээр хурлыг удирдуулна гэх заалтыг улаан цагаан зөрчиж хоёрдогч ахмадыг гарган ирсэн боловч хуулийг мөн л “гууль” болгон тайлбарлаж нүүрээ хаацайлан авч үлдэж байв. Энэ мэтээр давраад байгаа улстөрчид заримдаа дарлагдаад ч байгаа юм шиг.

Энэ нь инфляцитай холбоотой. Ашигтай ч бай, ашиггүй ч бай ямартай ч 2008 оны сонгуулиар амласан амлалтдаа хүрч иргэдэд эх орны хишгийг нь хүртээх хөрөнгө мөнгийг тараажэхлэхтэй зэрэгцэн наймаачид нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөдөг. Харин улстөрид үүний эсрэг юу ч хийж чадахгүй хэлсэн болгоныг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч байна.

Үүнээс гадна хойт хөршөөс шатахуун импортлогчид шатахууныхаа үнийг ганцхан хоногийн дотор нэмж үүнийхээ хариуд Засгийн газрын хэдэн нөхдүүдтэй хэлэлцээрийн ширээний ард суух болдог гэхчилэнгээр дарлагдсан хийгээд даварсан улстөрийн талаар тоочоод байвал асуудал их гарна.

Харин үүнээс гадна даварсан ч юм шиг, дарлагдсан ч юм шиг улстөрийн шийдлийн талаар хөндөх бас нэгэн асуудал байна. Энэ нь жолооч нартай холбоотой.

Гадныханд дарлуулж байгалийн баялагаа тавиад туучихсан нөхдүүдийн халаасыг ядарсан хэдэн жолооч нар л гүйцэлдүүлэх бололтой. Яагаад гээч. Сүүлийн үед жолооч нарын нуруун дээр арай л хүнд ачаа үүрүүлээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг.

Нийслэл рүү орж буй машин бүрээс автозам ашиглалтын төлбөр гэх 500 төгрөгийн хураамж авдаг. Гэтэл жилийн жилд л жолооч нар замын муугаас болж машины амортизатор болон дугуй тэсэхгүй байгааг гомдоллодог. Гэвч тэдний үгийг машины сэлбэгийн наймаа эрхлэгчид л сонсдог. Үүнээс гадна оношилгоо гэж айхавтар эд байна. Тэртэй тэргүй баримт бичгийнхээ завсар 20 мянган төгрөг хавчуулж эвсэл  танилынхаа буянаар “Оношилгоонд тэнцэв” болчихдог учраас оношлуулна гэдэг хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу. Заавал заагдсан газар очиж 10 мянган төгрөгөөр эл хуурмаг цаасыг авах хэрэгтэй. Эс бөгөөс замын цагдаа гэж “Сайхан эд” байна аа. Зогсооно шүү, торгоно шүү, сүүлдээ бүр эрхийг нь хасна шүү гэх зэргээр сүрдүүлдэг болж.

Үүнээс гадна машины татвар. Машин унасныхаа горыг гаргаж байгаа нь тэр. За яахав эл мөнгөө тушаачихна. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн агаар бохирдуулсны төлбөр хэмээн нэмээд татаж эхэлээ.

Агаар бохирдуулсны төлбөр хичнээн төгрөг болдог гэж бодож байна. Мэдээж чамлахааргүй тоо гарах биз. Гэтэл сүүлийн үед дахиад л нэг татаас нэмэгдсэн нь жолоочын даатгал. Заавал хамрагдах ёстой. Мэдээж даатгуулчихвал хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ нь тухайн хүний ухамсарын асуудал.  Жолооч ухамсартайгаар замын хөдөлгөөнд оролцвол мэдээж осол гарахгүй. Ухамсар гэгч ухагдахууны цаана олон зүйл бий. Нэгдүгээрт хурд хэтрүүлэхгүй, хоёрдугаарт согтууруулах ундаа хэрэглэсний дараа жолоо барихгүй гэх зэргээр. Гэтэл заавал даатгуулах ёстой хэмээн хүн бүрийг албадан шахаж байгаа нь хар төрүүлж байна.

Энэ нь нөгөө л даварсан улстөртэй холбоотой. Тодруулбал, даатгалын компаниуд бүгд эзэнтэй. Хэн нэгэн улстөрийн халаасанд байдаг. Гэтэл бидний хуруу хумсаа хугалах шахам байж олсон хэдэн бор янз бүрийн замаар “гэрлийн хурд”-аар улстөрчдийн халаасанд орж байгаад, бас бидний тушаасан мөнгөний хариуг өгөхгүй байгаад л эсэргүүцэх хамаг учир байгаа юм.

Энэ даварсан улстөрчид үү. Машин авсан цагаасаа өгч эхэлсэн автозам ашигласаны төлбөрийн оронд бид сайхан зам дээгүүр явах эрхтэй. Гэвч эл гомдол тэр бүр биелдэггүй. Зам гэж там дээгүүр л явна. Бас сүүлийн үед машиныхаа дугаараар ялгаварлуулж замын хөдөлгөөнд оролцох, нэгдүгээр эгнээгээр явах “эрхээ” хасуулчихлаа. Нэгэнт л автомашины улсын дугаараар нь ялгаварлан хөдөлгөөнд оролцох эрхийг нь хорьж байгаа учраас аяндаа л ачаалал буурмаар. Гэтэл хорьсон ч гэсэн нэгдүгээр эгнээг хааж, бас л зам дээгүүр явах эрхийг нь боомилов.

Харин агаар бохирдуулсны төлбөрт тушааж байгаа мөнгөнийхөө оронд бид утаа шороо багатай агаараар бас л амьсгалах эрхтэй. Гэтэл улаанбаатарын утааг бууруулах төслийнхөн эсгий навтас, зуух түлээхэн мэтээр аргалж мөнөөхөн төсөвлөсөн хэдэн төгрөгийг өөрийнхөө халаасанд хийж аваад эл тоглоомноос гарахыг хүсэж байна. Мэдээж агаарын бохирдол буурахгүй. гэтэл жолооч нар агаар бохирдуулсан бохирдуулаагүй машинтай л бол хүссэн хүсээгүй өгөөд л байна.

Харин жолоочийн даатгалын тухайд мэдээж даатгуулсан этгээд ямар нэгэн асуудалд орлоо гэхэд даатгалын мөнгө авна. Харин замын хөдөлгөөнийг ягштал мөрдөж, ямар нэгэн асуудал гаргадаггүй жинхэнэ “жолооч” мөнгөө саалгаад л явах нь. Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр осол аваар гаргаагүй сайн жолоочид жилийн эцэст ч юм уу аль эсвэл дараа жилийн даатгалын мөнгө тушаах үед түрүү жилийнх нь мөнгийг урамшуулал болгон буцааж олгодог журамтай байвал ямар вэ. Тэртэй тэргүй даатгалын мөнгийг эргэлдүүлэн олж байгаа ашиг нь “хувалз” нарыг хангалттай бэлжүүлж хөрөнгөжүүлж байгаа шүү дээ.

Энэ мэтээр даварсан хийгээд дарлагдсан улстөрийн талаар уншигч таны ч гэсэн байр суурийг сонсож, сэтгэгдлийг тань хуваалъя. Та энэ нийтлэлийн талаар өөрийн байр сууриа хуваалцаарай.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих