ТҮЦ-үүдийг зайлуулбал түмэн хүн хоолгүй болно
Автобусны буудлуудын дэргэдэх ТҮЦ-үүдийг байхгүй болгох гэнэ. Нийслэлийн Засаг даргын гаргасан “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээнд нэмэлт оруулах тухай” захирамжийн гуравдугаарт “Нийтийн тээврийн автобусны зогсоолын арчлалт хамгаалалт, өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж, автобусны зогсоолын талбай дээр байршиж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг 2012 оны аравдугаар сард багтаан нүүлгэн шилжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэжээ. Уг захирамж энэ сарын 18-ны өдөр гарсан аж. Ийм захирамж гарсныг дуулсан эсэхийг авто бусны буудал орчмын ТҮЦ-ийн эздээс асуухад ихэнх нь “Энэ талаар ярьж, хэлж ирсэн хүн одоохондоо гараагүй байна. Одоо яанаа. Тэгвэл удахгүй газрын албаныхан ирэх юм байна. Баахан бүдүүлэг хүмүүс байдаг юм” гэж байв. Харин зарим нь “Дандаа л ингэж өвчигнөж байдаг юм. Ийм олон гэр бүлийг орлогогүй болгочихгүй байлгүй дээ” гэлцэв. Тэд Нийслэлийн газрын албанд жил бүр 100 мянган төгрөг, хог хаягдлын хураамж гэж улиралд 25500 төгрөг, сар бүр татварын газар зургаан мянган төгрөг төлдөг гэнэ. Тэдний яриагаар нэг ТҮЦ өдөрт 500-600 мянган төгрөгийн бараа татаж сардаа 800 мянгаас 1.5 сая төгрөгийн ашигтай ажилладаг аж. Тамхи, ундаанаас орлогынхоо ихэнхийг бүрдүүлдэг байна. Өвөл орлого нь бага зэрэг мууддаг гэнэ. Ерөнхийдөө орлого сайтай болохоор автобусны ойролцоох зарим ТҮЦ-ийг сарын 700 мянгаас нэг сая төгрөгөөр түрээсэлдэг хүмүүс ч байдаг байна.
ТҮЦ-үүдийг яагаад зайлуулах болсон талаар Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулагч Д.Энхтөрөөс тодруулахад “Нийслэлийн захирагчийн албанаас төв зам дагуу байгаа зөвшөөрөлгүй павильон, контейнер ТҮЦ-үүдийг зайлуулах “Хашаа” хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд манай дүүрэг Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоо, “Тэнгис” кино театрын өмнөх гээд автобусны буудлуудын ойролцоох ТҮЦ-үүдийг буулгасан. Энэ ажлыг Мэргэжлийн хяналтын газартай хамтарч хийж байгаа. ТҮЦ-үүд боловсон нойлгүй, өнгө үзэмжгүй наад захын шаардлага хангадаггүй. Тиймээс ер нь цаашдаа түргэн үйлчилгээний цэгүүдийг байхгүй болгоно гэж ойлгох хэрэгтэй” гэв. Оронд нь юу барихыг сонирхтол автобус явах чиглэл заасан самбар, сүүдрэвч, сандал зэргийг нэрлэлээ.
Энэ талаар Нийтийн тээврийн газрын мэргэжилтэн Ц.Мягмарсүрэнгээс тодрууллаа.
-ТҮЦ-үүдийг хааш нь нүүлгэх вэ?
-Хаашаа шилжүүлэхийг мэдэхгүй. Ямар ч байсан захирамж гарсан. Тиймээс манай зүгээс нүү гэсэн шаардлага тавина. Автобусны буудлаас хаашаа нүүхийг нь газрын алба шийднэ.
-Автобусны буудал дээр худалдааны цэг байхад юу нь болохгүй гэж. Цаана нь олон хүний амьдралбайгаа шүү дээ…
-Автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ийн араар нь хүмүүс бие засчихдаг. Тэр нь өвөл хөлдөж гулгаатай болохоос гадна зун нь эвгүй үнэр танартай болдог. Тиймээс өвчин гарах эрсдэлтэй. Ер нь ТҮЦ байрласан газрын ойр орчных нь байгууллагуудаас шээс, баас үнэртээд байна гэсэн санал гомдол ирдэг.
-Нүүлгэчихээд оронд нь өөрсдөө дэлгүүр барих гээд байгаа юм биш үү?
-Үгүй. Нийтийн тээврийн стандартыг өнгөрсөн жил шинэчлэхэд автобусны зогсоолд түргэн үйлчилгээний төв байна гэсэн заалт нь хасагдсан. Тиймээс хойшид автобусны буудлын ойролцоо үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгөхгүй гэв.
Харин ТҮЦ-ийн эзэд өөр зүйл ярьж байв. МУИС-ийн ойролцоох ТҮЦ ажиллуулдаг н.Майцэцэгтэйярилцлаа.
-Хэзээнээс ТҮЦ ажиллуулж эхэлсэн бэ. ТҮЦ-үүдийг нүүлгэх болсныг мэдсэн үү?
-Мэдээгүй. 2002 оноос хойш ажиллуулж байна. Би өдөрт 600 мянган төгрөгийн орлого олдог. Бид чинь дам дамаа Бөмбөгөрийн худалдаачдыг тэтгэж байдаг. Энд хурааж багтахгүй болохоор өдөр болгон бараандаа явдаг. Тиймээс чанаргүй, хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Би ШУТИС-ийг нийтийн хоолны технологич мэргэжлээр төгссөн хүн. Одоо ТҮЦ ажиллуулаад л явж байна. Ашигтай болоод энэ ажлыг хийж байгаа хэрэг шүү дээ. Нэг ТҮЦ-ийн ард олон хүний амьжиргаа байдаг. Би гурван оюутан өдрийн 15 мянгаар ажиллуулж, сургалтын төлбөрийг нь төлдөг. Бас нэгж зарсан орлогынхоо ашгийг аав, ээждээ өгдөг. Нэгжнээс гуравхан хувийн ашиг авдаг ч олон зуун мянгаар ороод байхаар сард 300 мянган төгрөг болдог. Хэрэв үүнийг ажиллуулахгүй бол хэн тэр хоёр хөгшинд мөнгө өгөх юм бэ.
-Бохир заваан болохоор зайлуулж оронд нь сандал самбар байрлуулна гэж байна лээ?
-Тэгвэл харин ч бүр заваарна. Энэ чинь хүнтэй юм болохоор ойр орчмоо харин ч анхаардаг. ТҮЦүүд чинь ойр орчмынхоо албан газруудтай гэрээтэй байдаг. Манайхан гэхэд “Зочин бууз”-ын ариун цэврийн өрөөг ашигладаг. Э.Бат-Үүл баатрыг хотын дарга болоход нь дэмжиж байсан. Биднийг хамгаалах хүн гэж бодсон чинь ийм зүйл хийж байдаг. Хэрэв ТҮЦ-ийг хаачихвал бид яаж амьдрах вэ. Сард сая төгрөгийн цалин өгөх газар олдохгүй. Сарын 300 мянган төгрөгөөр тогооч хийгээд хэдэн хүүхдээ тэжээж ч чадахгүй шүү дээ. Харин энэ ТҮЦ-ийг ажиллуулаад оюутан хүүхдүүдийнхээ төлбөрийг төлөөд явж байвал хэрэгтэй дээ.
“Ардын эрх”-ийн автобусны буудлын дэргэд ТҮЦ ажиллуулдаг Д.Саранчимэгтэй ярилцлаа.
-Та хэдэн жил ТҮЦ ажиллуулж байна вэ?
-Одоо 20 жил болох гэж байна. Энэ ТҮЦ-ийхээ хүчинд л амьдарч байна. Би 48 хүрч байгаа. Хэрэв ТҮЦ-ийг маань хураачихвал ажил олдохгүй. Хүүхдүүдийн маань гурав нь оюутан. Хэрвээ орлогогүй болчихвол сургуулиасаа гарахаас өөр аргагүй болно шүү дээ. Энд хэлэхэд өвөл ТҮЦ маш хэрэгтэй. Согтуу хүн унаад өгөхөд босгодог, цагдаа руу залгаж хүн хөлдөж үхэх нь гэж мэдээлдэг. Бие муудлаа ус байна уу гээд л хүрээд ирнэ. Би өчнөөн олон хүнийг болохоо байлаа гээд цагдаа, эмнэлэгт өгч байсан. Гэмт хэрэг ч бага гардаг. Зодоон, осол гарлаа гэхэд иргэн хүнийхээ хувьд мэдээлнэ шүү дээ.
-Бохир, өнгө үзэмжгүй болохоор шилжүүлнэ гэж байгаа. Тохижилтдоо анхаарч чадаж байна уу?
-Гоё сайхан болгож бололгүй яахав. Бид тохижуулъя гэвэл тохижуулна. Гэтэл дулааны шугам солино, зам засна гээд хөдөлгөдөг. Ийш тийш нь зөө гэдэг. Согтуу жолооч, автобус ТҮЦ рүү мөргөх нь ч бий. Тэглээ гээд ийм ажил хийж дөрвөн хүүхдээ тэжээхгүй өөр яах билээ.
-Одоо цаашид яая гэж бодож байна?
-Нэг ТҮЦ-ийн ард нэг байтугай гэр бүл бий. Ихэнх нь ядарсан амьтад байгаа шүү дээ хөөрхий. Биднийг чинь ажилд авахгүй. Өөрсдөдөө ажил гаргаад явж байгаа юм. Ажлын байр бий болгох гэхээр дандаа хөөдөг. Тамхины татвар төл гэвэл хамаа алга өгнө. ТҮЦ-үүдийг зайлуулбал түмэн хүн хоолгүй болно. Э.Бат-Үүл баатрыг ингэнэ гэж санасангүй. Хэрэв энд тохижуулсан сайхан түргэн үйлчилгээний цэг бариад 10 сая төгрөгөөр зээлээр өгнө гэсэн ч авна шүү дээ. Ямар ч ашиггүй бол үүнийг манаж хоноод дандаа зууралдаад байхгүй. Ашигтай болоод л энэ ажлыг хийж байна. Манай дүү Англид байдаг юм. Тэнд хүн юм хийе гэхэд улсаас нь тэнд газар байна, ийм ийм боломжтой, тэдэн төгрөг зээл гэх мэтээр үйлчилдэг гэсэн. Манайд харин өөрсдийнхөө чадлаар бор хоногоо өнгөрөөж байхад нь дарамталж байх юм даа.
Ж.БАЯРСАЙХАН Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
URL: