Сэхээнд орсон МАН-ын цусыг МАХН “юүлж” байна

Сонгуулийн үеэр МАХН-д өгсөн мөнгөө аваад гардаг юм бил үү гэх гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгийн яриатай зэрэгцэн тус намд 250 хүн нэмж харьяалагдахаар болсон тухай мэдээлэл цацагдлаа. Өмнө нь Усны газрын орлогч дарга З.Батбаяр тэргүүтэй 300 гаруй эрхэм батлахаа сэргээсэн бол энэ удаад 250 эрхэм хуучин батлахаа өвөртөлсөн нь энэ. Албан тушаал амлаж байсан ч амлалтдаа хүрээгүй хэмээн эксийн хаяанд байсан зарим эрхэм төрхөмдөө буцахаар шийдээд буй. Энэ удаагийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан гэж хэлж болохуйц ганц нам нь Шударга ёс эвсэл. Тэр дундаа МАХН. Гэвч албан тушаалын хуваарилалт нь шог гэж гомдоллогсод “хандивлагч”-дынх нь дундаас цухалзах болсон билээ. Иймдээ ч өгсөн, авснаа салгаж гарах хүсэлт тавина гэх мэдээлэлтэй зэрэгцэн ийнхүү дугаар хорооны иргэд олноороо тийш хошуурах болсон нь хачирхалтай. Хэдэн зуун мянган хүнтэй МАН-аас чимх, чимхээр нь зулгааж эхэлсэн МАХН-ныхны үйлдэл ч нэгийг өгүүлж буй биз.

Албан тушаал амлаж аваачсан З.Батбаяр, П.Хангал нар “хөлс”-өө авах гэж цагаан ордныг өдөржин сахидаг болсон гэх мэдээлэл ч бий. Ямартай ч тэд МАН-ыг мандах үед нь албан тушаалд тухалсан атлаа ядрах цагт нь орхиж гарсан нь үнэн. Уг нь шинэ батлах өвөртөлж буйгаа сонгуулийн өмнө мэдэрсэн бол өнөөдөр УИХ-ын гишүүн ч болох боломж нээлттэй байх байсан. Гэвч албан тушаалаа орхиж чадалгүй хугацаа алдаснаас ийн “айлын” хаалга сахихад хүргэсэн болов уу.

Харин МАН-ын хувьд бага багаар цусаа дуслуулж эхэллээ. 20 гаруй жил төрийн толгойд ноёрхсон тэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх гэж багагүй хугацаа зарцуулсан. Тэднийг шокноосоо гараагүй байхад нь УИХ-ын дарга томилогдож,  ах намын бүр ч сэхээнд орохоор нөхцөл байдалд арай ядан тэсэх болсон билээ. Сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авч, УИХ-д гурван ч бүлэг байгуулах эрхтэй гэж мэдэгдэвч хууль эрх зүйн хувьд хаалга хаалттай байсаар өнөөг хүрсэн. Мэдээж, ах намд дүү нараа басамжилж, арай ч ийм нөхцөл байдалтай намрын чуулган хүргэчихнэ гэж санаагүй хийрхэл нь ч  нөлөөлсөн биз. АН-ыг өөрсөддөө хадаг тавьж, бэр гуйна хэмээн таамаглаж байсан ч АН эсрэгээрээ өстөнтэй нь ураг барилдсан нь ах намыг сэхээнд оруулах бас нэг шалтгаан болсон. УИХ дахь МАН-ын гишүүд бүлэггүй хоцорч, арга нь барагдаж буй бол нийслэлийн ИТХ-ын МАН завсарлага нэрийдлээр ажил хаялт зарлаад буй. Ийн атал дугаар хорооны гишүүдийг нь МАХН руу татаж, бас урвуулж эхэллээ. Өчигдрийн 250 хүн зөвхөн Чингэлтэй дүүргийн иргэд хэмээн намын удирдлагууд нь тодотгож байна билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат МАХН-д элсэх нь гэх мэдээлэл цацагдах болсон нь үүнтэй холбоотой хэмээн тайлбарлах нэгэн ч байгаа юм.

Удахгүй орон нутгийн сонгууль болно. УИХ-д сөхөрсөн ах нам дахин бүдэрвэл сэхэл авахад хэцүү. 1996 оны үйл явдал орон нутгийн сонгуульд энэ удаад давтагдана гэхэд бооцоо тавих хүн олдохгүй л болов уу. 16 жилийн тэртээх УИХ-ын сонгуульд МАХН (одоогийн МАН) Ардчилсан холбоо эвсэлд далаараа тавиулж байлаа. Яг өнөөдрийнх шиг УИХ-д 25 суудал авсан юм. Өнөөдрийн нөхцөлд МАН-аас 25 гишүүн тангаргаа өргөөд байгаа. Мэдээж, энэ тоо өсөх нь тодорхой. Харин тухайн үед гурван сарын дараа болсон Орон нутгийн сонгуульд ах нам үнэмлэхүй ялалт байгуулж, Ардчилсан холбоо эвсэл хамраараа шороо үмхэж, шилээ маажин гайхширч байсан билээ.  Харин энэ удаад ах намд ийм аз ирэх тохиох нь юу л бол. МАХН байгаагүй бол ялалт тэдэнд хаяглагдаж мэдэх талтай. Гэвч ах намын талд бооцоо тавьж, алдах хүн олдохгүй байна. Ажиглагчид хэдийнэ АН болоод МАХН буюу Шударга ёс эвсэлд бооцоо тавьж эхэлсэн. Тааварлашгүй тааврын хариунд МАН-ыг гэх олдохгүй байгаа нь сонгогчдыг нь үргээх үндэслэл болж байж мэднэ.

Нөгөөтэйгүүр, 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН ялагдал хүлээсэн цагаас хойших улс төрийн алхмууд, ялангуяа албан тушаалын томилгоонуудаас эхлээд МАХН-ын удирдлага алдаатай, олон түмэнд үл таалагдах үйл ажиллагаа явуулах болсноор намын нэр хүнд түүхэнд байгаагүй ихээр унах болсон хэмээн МАН-аас МАХН руу “урвасан” зарим хүн тодотгосон байдаг. Тиймдээ ч шинээр элсэгчдийг шударга нийгмийн төлөө гэх үгээр урхиддаг. МАХН-МҮАН-ын эвслээ “Шударга ёс” гэж нэрлэх болсон нь намаа цэвэршиж, угшил нэгт нөхөддөө авлигад идэгдэж, улсын хөрөнгөөр халаасаа зузаатгасан гэх муу муухай нялзаахад гол байгаа чиглүүлсэн билээ. Иймдээ ч хуучин батлахаа өвөртөлж буй хүн бүрт шударга үнэний төлөө зогсохоор шийдвэрлэсэн танд баярлалаа гэх үгийг намын генсек Г.Шийлэгдамба тодотгож харагдсан. Тэд өөрсдөө ч нэгэн үе муу муухайг биедээ шингээж явснаа мартсан нөхөд.

Гэвч МАХН томрох тусам угшил нэгт МАН-д дахин сэхэх боломж олгохгүй. Цусыг нь бага багаар нь сорох хорон арга хэрэглэж байгаа нь ч үүнтэй холбоотой.  Орон нутагт мянгатын дарга нарыг байршуулж, нэг хэсэгтээ л бужигнуулаад амжсан. Иймээс “Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр нар яагаад зөвшилцөж болохгүй гэж”. Хүний, өөрийн намынхны амнаас цухалзах болсон энэ үгний мөн чанарыг ах намынхан ухаж ойлгоход буруудах зүйлгүй бололтой. Түүнчлэн Засагт орсон зарим нөхөр МАН, МАХН нэгдэх ёстой. Гагцхүү цаг хугацаа харуулна гэсэн нь цаад утга бүхий үгний илэрхийлэл ч байж мэдэх нь. Орон нутагт МАН нэрээ таниулж амжаагүй энэ үед МАХН-ыг гаргаж ирэх хамгийн том үндэслэл болно хэмээн хоёр намын кадрууд, улс төр ажиглагчид тодотгодог. Иймд 1996 оны азандаа найдаж, цусаа бага багаар соруулахын оронд шокноосоо гарах цаг ирсэн бололтой дог шүү, МАН-ынхан.

Л.НИНЖ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих