Дэлхийн хамгийн том гэрийг дөрвөн жил оёжээ
Дунд зэргийн нуруутай, хөрслөг бор царайтай 60 орчим насны энэ эмэгтэйг Ж.Долгор гэдэг. Бид “Эгэл амьдрал” булангийнхаа зочноор ёстой л эгэлхэн хэрнээ, ихийг хийж бүтээсэн энэ хүнийг онцолсон нь цаанаа учиртай.
Тэрбээр 1969 онд 10 настайдаа Ховд аймгийн Дарви сумаас эцэг, эхийгээ даган хотод орж ирсэн аж. Хаа холоос их хотыг зорьсон охин 21 дүгээр сургуулийн наймдугаар ангийг төгсөж, улмаар савхин оёдлын эсгүүрчин мэргэжлээр ТМС-ийг дүүргэсэн байна. Тун удалгүй савхин оёдлын хоёрдугаар үйлдвэрийн сайхан хамт олонтой хувь заяагаа холбожээ.
Гэвч түүний хүсч мөрөөдөж, бодож санасан зүйл энэ байсангүй. Учир нь жолооч болох хар багын мөрөөдөл нь түүнийг татсаар байж. Тэгээд л “Даравч далдайж, булавч бултайна” гэгчээр их тэмүүлэлдээ хөтлөгдөн 1982 онд жолооч болжээ. Оёдлын үйлдвэрийн хамт олон нь сайн ажилтнаа явуулахгүй гэсэн боловч “Эрдэнэтэд нөхөртэй болж байгаа. Дагаж явахаас аргагүй” гэж хэлээд, ажлаасаа гарсан гэдэг.
Ингээд л эмэгтэй хүний байтугай хэн бүхний зориглодоггүй жолоочийн мэргэжил эзэмшихээр шамджээ. Ажлаасаа гарсан даруйдаа авто сургуулийг таксины жолооч мэргэжлээр төгсөж, дараа нь долоон жил таксинд явсан байна. Энэ нь түүнд бас л хангалтгүй санагдсан учир Такси баазаас Ахуйн тээврийн бааз тасран гарахад нь тийшээ оржээ. Тэрбээр тус баазад орсон цагаасаа эхлэн эмэгтэй гэж хойш суулгүй жолооч хүний хийх ёстой бүхнийг хийсэн байна.
Ж.Долгор гуай “Манай ахуйн тээвэрт эмэгтэй хүн цөөхөн байлаа. Дариймаа, Цэцгээ, Зина бид хэд л байсан. Гэхдээ тэд над шиг хөдөө, гадаа их явдаггүй. Залуу ч байж. Ургац, төмс, дарш зэргээс эхлээд юу л бол юу ачаад Зүүнхараагаас Баруунхараа, Сэлэнгэ, Төв гээд хаашаа л бол хаашаа явдаг байлаа” хэмээн мөрөөдлийнхөө талаар бахархан ярив.
Тэрбээр 1989 онд Дундговь аймагт болсон их зуднаар тээвэр хийсэн тухайгаа ярих дуртай. Тэр үед зам битгий хэл айл ч харагдахгүй их цастай байсан учраас тээврийнхэнд цэргүүд зам гаргаж өгч байжээ.
Ийнхүү Ж.Долгор жолооч эрчүүдтэй мөр зэрэгцэж явсаар Дундговь аймгийн цаад захын Луус суманд хамгийн өндөр, есөн үе өвс ачиж очсон байна. Тэрбээр энэ тухайгаа “Тэр үед өөрөөрөө их бахархсан шүү. Хүмүүс яг үзмэр үзэж байгаа юм шиг намайг тойрч зогсоод л. Цагаан сар болоод удаагүй байсан болохоор хүмүүс цагаан сарын хүнс ч их өгсөн. Тэр үед л өөрийгөө жолооч болсныгоо мэдсэн дээ. “Би ч мөрөөдөж явсан юмандаа хүрлээ” гэж бодсон доо” хэмээн ярилаа.
Түүнийг яагаад ийм хүнд хүчир ажил сонгосныг хэн ч мэдэхгүй. Өөрөөс нь энэ талаар асуухад, “Манай ах жолооч байсан болохоор нөлөөлсөн байх. Багаасаа л жолооч болохыг хүсдэг байлаа” гэдгээс өөр хариулт хэлсэнгүй.
Ж.Долгор гуай ургацад явж байгаад заяаныхаа ханьтай танилцжээ. Тэрбээр “Тэр минь намайг хараад л байдаг байж л дээ. Би л мэддэггүй. Тэр үед ээж, аавдаа л туслахыг боддог байлаа” гээд инээв.
Дашрамд дурдахад түүнийг залууд нь “Таахалзуур” гэж хочилдог байжээ. Үүнийгээ ч батлах гэсэн мэт “Би ч олон сайхан найз нөхөд, хамт олонтой явж байгаад, 1990 оны хувьчлал гарсны дараа нэг сайхан ГАЗ-53 машинтай, ажилгүй авгай болсон доо. Тэгээд дараа нь Фортер, мортер гэж гарч ирээд муу 53 маань ч бас жийгдсэн” хэмээн ярина.
Харин одоо түүний бахархал нь Нисэхийн урд Жаргалантын аманд байрлах Чингисийн хүрээ жуулчны баазын 32 ханатай орд цагаан өргөө болжээ. Уг өргөө нь гурван давхар байшингийн хэртэй өндөр, тооно нь л гэхэд таван ханатай гэрийн дайтай. Гэр нь дотроо хоёр давхартай. Дээд давхарт нь 6.5 кг цэвэр алтаар алтдаж, аравнайлсан Чингисийн хөшөө, түүний гар дээр цалин цагаан мөнгөөр хийсэн цагаан шонхор шувуу байх аж.
Учир нь энэ их үнэ цэнэтэй, дэлхийд ганцхан өргөөний бүх оёдлыг Ж.Долгор гуай хийжээ. Энэ гэрийг бүрэхийн тулд 360 эсгий, 1180 метр брезент, 5000 метр урт зээг алгадахаас эхлээд хэн хүний санаанд багтамгүй их зүйлийг дөрвөн жилд амжуулжээ. Биднийг очиход Ж.Долгор гуай мөн л монгол гэрийн халз оёод сууж байсан юм.
Гэхдээ түүний амьдрал үргэлж бахархал, бардамналтай шулуун дардан байсангүй. 1990 оны их хувьчлал, ардчилал түүнд хатуу тусчээ. Энэ үеэс өвгөн нь халтуурын жолооч болж, өөрөө гэрийн оосор, бүч, зээг оёж зарахаас эхлээд элдвийн юм л хийж иржээ. Өдөр нь зах дээр сууж, хийсэн зүйлээ зардаг бол шөнийн цагаар хурдан морины уяачдын захиалсан олом, жирэм, жолоо хийдэг байж. Хамгийн том хүү нь хөгжлийн бэрхшээлтэй дээрээс нь дүү нарыг нь сургуульд сургахын тулд шөнө, өдөргүй зүтгэжээ. Нэг хүүгээ компьютерийн программист болгохын төлөө ГАЗ-53 машинаа зарж, компьютер авч өгсөн байна. Түүний энэ бүх зовлон зүдгүүрийн илрэл гэлтэй хажуу шанаа нь татганадаг болсныг ч нуух хэрэггүй байх.
Харин ийн зүдэрч явах үедээ “Чингисийн хүрээ” жуулчны баазаас 5000 метр зээг хийлгэх захиалга авсан гэнэ. Түүнийг нь хийж өгснөөс хойш энд ажиллах болжээ. Тэрбээр “Намайг анх энд ороход 30-аадхан гэр байсан. Бусад гэрийнх нь эсгий, туурга, хошлон бүслүүр гээд гэрт юу байдаг, тэр бүгдийг нь оёж өгсөн. Жил бүр тавдугаар сард ирээд аравдугаар сар хүртэл ажилладаг. Энэ жил л гэхэд 48 гэрийн эсгий, таван ханатай 16 гэрийн халз, хөлтрөг оёж байна. Ирэх жил дөрвөн ханатай 22 гэр, зургаан ханатай 10 гэр хийхээр төлөвлөсөн” гэлээ.
Түүний нөхөр нь хотод такси үйлчилгээнд явдаг. Нэг хүү нь СУИС-ийн Түүх судлалын ангид сурдаг бол, ах эгч нар нь тус тусийн сургуулиа төгсжээ. Хамгийн том хүү нь ярих, сонсох бэрхшээлтэй ч гэсэн ээжийнхээ хийж чаддаг бүгдийг хийж, ажилд нь тусалдаг аж.
Ж.Долгор гуайгаас “Амьдралын юу нь сайхан бэ” гэж асуухад “Элэг бүтэн амьдрах л сайхан. Эгч нь ёстой л эгэл амьдралаар амьдарч байна даа” гэсэн юм.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: