Н.Энхбаярын давж заалдах шүүх хурал эхэллээ

Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдах шүүх хурал яг одоо Нийслэлийн шүүхэд болж байна.

Уг хурлын даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг томилогдсон юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэд хэдэн хэрэгт буруутай болохыг нь тогтоосон юм. Тодруулбал,

УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан.

Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 19.19.2,  35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150.150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, дөрвөн жилийн хорих ялаар, мөн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хассан юм.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих