Тавантолгойн ордоос 900 гаруй тэрбум төгрөгийн орлого олох төлөвлөгөөтэй байсан ч орох боломжгүй болсон

Төсвийн байнгын хороо хийсэн ажлын тайлангаа өнөөдөр танилцууллаа.

УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд тус байнгын хороо найман хуулийн төсөл болон бусад УИХ-ын тогтоол, шийдвэрүүдийг хэлэлцэн батлуулсан байна.

Үүнээс хамгийн чухалд 2012 оны  Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төсвийн тодотголыг хийснийг тооцож байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, бүтцэд өөрчлөлт орсон хийгээд  төсвийн орлого нэг их наяд гаруй төгрөгөөр тасарсантай холбогдуулан уг тодотголыг хийсэн гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга хэллээ.

Энэ шалтгааныг тайлбарлахдаа, Европын эдийн засгийн хямрал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн саармагжилтаас үүдэн импорт дээр асуудал үүссэн. Тухайлбал, алт, зэс, нүүрсний үнэ унасан учир төсвийн тогтворжилтын орлого 221 тэрбум төгрөгөөр, импорт 1,6 тэрбум төгрөгөөр, хүний хөгжлийн санг бүрдүүлдэг нөөц ашигласны төлбөр 40 орчим тэрбум төгрөгөөр буурч байгаа зэрэг үзүүлэлт гарч байгаа.

Мөн Тавантолгойн ордоос 900 гаруй тэрбум төгрөгийн орлого олох төлөвлөгөөтэй  байсан ч орох боломжгүй болсон  гэлээ. Үндсэндээ төсөв нэг их наяд төгрөгөөр дутаж, нэмэгдэж орох орлого 120 гаруй тэрбум төгрөг байх юм. Тодруулбал, Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлж 19 тэрбум, Хүн амын орлогын албан татвараас 11 тэрбум, дизель түлшний татвараас 30 гаруй тэрбум төгрөг гэх мэтээр дээрх орлогыг бүрдүүлж байгаа гэдгээ ч дурьдлаа.

Үлдсэн 781 орчим тэрбум төгрөгийг бонд гаргах, гадаадаас зээллэгэ хийх зэргээр санхүүжилтыг хийнэ. Төсвийн алдагдлыг ДНБ-ний 4,9 хувь байхаар баталж, 300 гаруй тэрбум төгрөгөөр төсвийг танасан.

Энэ нь багагүй шүүмжлэл дагуулж буй ч санхүүгийн хямралтай үед эдийн засгийн тогтвортой бодлогыг баримталж ажиллах нь чухал юм.  Төр зарлагаа хумих шийдвэр гаргавал иргэдийн хэрэглээ буурч, үүнээс компаниудын борлуулалт муудаж, эргээд нийгэмд сөрөг үр дагавар үүсгэх талтай.

Хямралын он жилүүдэд компаниудаа авч үлдэх бодлого баримтлах нь юу юунаас илүүтэй зөв шийдвэр болно гэдгийг олон улсын жишиг ч харуулж байна гэдгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн онцолж байлаа. Тиймээс төсвийн тодотголыг ийнхүү алдагдалтай баталсан бөгөөд төсвийн алдагдалыг 5 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барихаа хэлсэн. 2013 оны төсвийг ч энэ чиглэлээр хийх төлөвтэй байгаагаа  дуулгалаа.

Манай улсын зээллэгийн түвшин олон улсад В зэрэглэлтэй байгаа. Гол орлогын эх үүсвэр болсон алт, зэс, нүүрсний үнэ тогтворгүй байгаа энэ цаг үед зээл өгөх улс байгаа эсэх талаар сэтгүүлчид асуусан юм.

УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Бидний ирээдүйд олох орлого нэгэнт тодорхой болсон. Зээлийг эргэн төлөх бүрэн боломж, чадамжтай болсон улс. Гэхдээ өмнөх алдаагаа давтаж орлогыг халамжаар тараах бус эргээд мөнгө босгох, баялаг бүтээх, бүтээн байгуулалтын салбарт оруулах хэрэгтэй.

Өмнө нь бид уул уурхайн хөгжлийн араас бодлого гаргаж ажилладаг байсан бол Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдснаар урьдчилж бодлого гаргаж, түүгээр зохицуулалт хийдэг болох эхний алхамаа хийсэн. Зэсийн үнэ уналаа ч алтаар нөхөх боломж бий гэж харж байгаа.

Харин нүүрс эрсдэлтэй байх магадлал өндөр байгаа. Энэ онд 31 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй байсан ч 22 сая тонныг экспортлохоор болж байна. 9 сая тонныг бонд гаргах замаар шийднэ. Одоогийн байдлаар 11 сая тонныг л экспортлосон байна.

Он дуустал үлдсэн 11 сая тонныг гаргана гэдэг нилээд шахсан төлөвлөгөө. Нийт хэрэглээний 40 хувь нь төсөв дээр тогтдог. Хүн амын 3-хан хувь  хадгаламжтай, 97 хувь нь ямар нэг зээлтэй амьдарч байна. Үүнийг өөрчилж, эдийн засгийн 17 хувийн өсөлтийг иргэдэд мэдрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна хэмээн хариулт өглөө.

Л.Жаргалмаа


URL:

Сэтгэгдэл бичих