Эгчмэд бүсгүйтэй танилцана буюу эрчүүд биеэ үнэлдэг болоо юу

Оройн кино, өдрийн клипний дундуур өч төчнөөн зар явдаг. “Санхүүгийн туслалцаа авна”, “Дажгүй залуутай танилцана”, “Эгчмэд бүсгүйтэй танилцана” гэх зэргээр санхүүгийн дэмжлэг авах зорилготой зарууд хөвөрнө. Энэ бүхнээс харвал ялангуяа охид санхүүгийн туслалцаа хэрэг болсон үед ийм аргаар мөнгөтэй болдог болсон гэхэд болно. “Цэвэрхэн, дажгүй, боловсон ахтай танилцаж, санхүүгийн туслалцаа авна” гэж байгаа энэ охид гэмт хэргийн золиос болохгүй гэхийн баталгаа байхгүй. Өмнө нь чатаар танилцаад хүчиндүүлсэн, хамт кино үзэж байгаад эд зүйлээ хулгайлуулсан зэрэг гэмт хэргүүд бүртгэгдэж байсан.

Бас нэг сэтгэл эмзэглүүлэм зүйл нь залуусын “Эгчмэд бүсгүйтэй танилцана” гэх зарууд. Зарын сайтуудыг орж үзлээ. Танилцах зарын бараг тал нь эгч бүсгүйтэй танилцах гэсэн байх юм. “Уулзах эгч байвал …@yahoo. com. 23 настай залуу байна”, “27-той дажгүй залуу. Эгчмэд бүсгүйтэй танилцана”, “24-тэй залуу. 30-аас дээш насны эгч бүсгүйтэй танилцана. Яавал чиг яана” гэх мэт. Эндээс харахад залуус маань биеэ үнэлдэг болоо юу даа гэж бодогдмоор. Хорин хэдтэй залуу өөрөөсөө эгч бүсгүйтэй танилцана, тэгээд гэр бүлтэй байсан ч хамаагүй гэдэг нөхцөл тавьж байгаа нь яах аргагүй эрчүүд биеэ үнэлдэг болсныг илтгэх мэт.

Нэгэн ресторанд нэлээн бийлэгжүү байрын авгай өөрийнхөө хүү баймаар залуутай их л нялуун сууж байхыг харсан. Залуугаа эрхлүүлж, юм бүхэнд дааж, болоо ч үгүй хэрэгцээнийх нь мөнгийг өгдөг бололтой. “Эмс садарлавал улс мөхнө” гэдэг. Гэтэл өнөөх айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд нь ингэхээр юу болох юм бэ. Залуус өөрсдөө ажил хийж мөнгө олох биш, өөр хэн нэг баян эмэгтэйгээр тэтгүүлж, нэг ёсны нууц амраг нь болж яваа нь харамсмаар. Ийм хүмүүсийн олонх нь ТВ чаат, интернет зараар танилцсан байдаг. Зүсийг нь ч үзээгүй хүнд итгэж, мөнгөний төлөө бараг л биеэ үнэлж байна. Ингэж хэлэхийн учир нь санхүүгийн туслалцаа үзүүлснийхээ төлөө нүдээ аниад, гараа хазаад өнгөрөх хүн гэж үгүй байх. Тийм ч учраас наад зах нь нэг удаагийн мөнгөний хэрэгцээнээс болж, биеэ худалдаж байгаа юм.

Уг нь Монголд садар самуун явдлыг хуулиар тухайлбал Эрүүгийн тухай хууль, Садар самуунтай тэмцэх тухай хуулиар зохицуулагддаг аж. Садар самуунтай тэмцэх тухай хуульд “Садар самуунд зуучилсан, холбож өгсөн, зохион байгуулалцсан хувь хүнийг 35-50 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-15 хоног баривчилна. Харин албан байгууллагыг 100-250 мянган төгрөгөөр торгох, эсвэл үйлчилгээний газрыг хаах, тээвэрлэсэн машиныг нь хураана” гэж заасан байдаг. Ингэхээр “Хааяа цагаар уулзаж, 20 мянгыг авч байх охинтой танилцъя”, “Дажгүй бүсгүйд санхүү өгье” гэсэн заруудыг нэвтрүүлсэн телевиз, интернет сайтууд хуулиараа бол арга хэмжээ авахуулах учиртай. Гэтэл зарын дурын сайтын танилцах зарын ихэнхийг нь ийм зар эзэлдэг. Эдгээрийн багагүй хувь нь залуучууд эгчмэд бүсгүйтэй танилцах зар. Эмэгтэйчүүд ч гэж нөхөр, хүүхэд, бүх юм нь бэлэн байхад өөрийн хүүхэд шиг банди дагуулаад явж байгаа нь ичих булчирхайгүй мэт.

ТВ, сонин, сайтаар явж буй энэ заруудад уг нь хуулиар бол торгууль төлж, баривчлах гэх мэт хариуцлага хүлээх ёстой. Гэтэл эдгээрийг “Зарын бодит үнэнийг зарлуулсан байгууллага, хувь хүн хариуцна” гэсэн төдийхнөөр хаацайлдаг. Энэ нь бас л нөгөө хуулийн цоорхой. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн зар сурталчилгааг судалсан хүмүүс зарын цаана нуугдсан гэмт хэргийг энэ заалт өөгшүүлж байна гэж үздэг. Тэгэхээр хуулийн заалтыг чангатгаж, зарын чиглэлээр дагнасан сайт, сонин, чат гэх мэт мэдээллийн хэрэгслийг энэ чиглэлийн зарыг явуулахгүй байх,эсвэл зарим телевиз шиг “Гарах боломжгүй” гэдэг ч юм уу, үг, үсгийг нь ойлгомжгүй тэмдэгтээр гаргаж болно. Тэдэнд энэ бүхнийг хянах хяналт нь байдаг. Эмс садарлавал улс мөхнө гэдэг, эрчүүд садарлавал яадаг юм бол доо…

Ө.ТУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих